Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё

Ханиадтай хүүхдэд эмнэлгийн булан ч олдохгүй хэцүү өдрүүд үргэлжилж байна. Ганц гудас хаях зай олдох л юм бол бяцхан үрийнхээ өвчнийг хүндрүүлчихэлгүй, эмчийн нөмрийг бараадах гэсэн эцэг, эхчүүдбаярын түүс болж байна. Өмнө нь өрөөндөө олуулаа байна, хонгилд хэвтэхэд хүрлээ гэж гомдоллодог байсан бол тэгэхээ ч байжээ. Хөл жийх зай олдож байгаад тэнгэр бурхандаа залбирахад хүрэв. Мэдээж энэ нь ганц хоёр жилийн ажлын алдаанаас болсон хэрэг биш. Арав, хорин жилээр төрийн бодлого алдагдаж, эрүүл мэндийн салбарт нүүрлэх эрсдэл, боломжуудыг тооцоолж чадаагүйн гор ирж байгаа юм. Энэ бол төр засгийг барьж ирсэн нам улс төрийн хүчнүүд, төр түшсэн эрхмүүдийн алдаа. Алдаагаа ухаарч, ухамсарлаж байгаа болов уу. Хариулт нь үл мэдэгдэх. Анхаарч ойлгож байсансан бол тухалж суух орд харшдаа мөнгө төсөвлөх бус харин хүрэлцэхүйц эмнэлгийг бий болгоходл анхаарах байсан. Даажинтай нь нийслэлийн захиргаанаасаа эхлээд тэр дүүрэг, энэ дүүрэг тансаг сайхан орд харшид нүүж орлоо гэсэн мэдээлэл цацагдаж, зэрэгцээд ийм ч, энэ ч эмнэлэг ачааллаа дийлэхээ байлаа гэсэн эмгэнэлтэй дүрс цацагдана. Яармагийн хүүхдийн эмнэлэг ямбийж сарайгаад социализмын үеийнхээсээ ч дордсон байхад Хан-Уул дүүргийн Тамгын газар гэж тэр хавьдаа байхгүй өндөр байшин зүмбэрлэнэ. Сүхбаатар дүүргийн шинэхэн шилэн байшинг Түлэнхийн төвийн балгастай харьцуулах юм биш. Баянзүрх дүүргийн дарга нар байдаг баганат ордныг гуравдугаар амаржих газар бараадахгүй. Манай сонин энэ шүүмжлэлийг сүүлийн үеийн сэдвүүдээрээ түмэн олонд хүргэж байгаа. Уншигч зон ч бидний олж харсан энэ шүүмжлэлийг дэмжиж, төрийн том дарга нарын бус түмэн олныхоо төлөө дуугарч байгаад талархаж байгаа юм. Уг нь төр засаг, төрийн түшээд түмэн олныхоо л төлөө зүрхтэй сэтгэлтэй байх нь зүй. Гэвч манайд тийм сэтгэлтэй нь ч алга, тэгэх ёстой гэж мэддэг нь ч алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг бичиж эхэллээ гээд санаж сэрэх нь ч байхгүй юм.Тиймээс үүнийг дуугараад орхиход дэндүү харамсмаар учраас ажил үйл болгох шаардлага байна. Үндэсний өдөр тутмын сонины хувьд бид “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” гэсэн санаачилгыг гаргаж байна. Бидэнтэй хамтраад, бидний санаачилгыг дэмжээд явах бүх хүмүүстэй хамтран ажиллах болно. Манай сонин “Цонхоо нээе” хөдөлгөөн өрнүүлж, нар харах эрх, цонхоо нээх боломжоо хаалгасан олон хүний өмнөөс дуугарах болсон. Үр дүн нь гарч эхэлж байна. Аль нэг даргын хурууны үзүүрээр, аль овсгоотой, зальжины хүслээр амар тайван амьдарч, ажиллах эрхээ хасуулаад байж болохгүй гэдгийг хүмүүс ойлгож, тэмцэх болсон. Үүний нэг адилаар бид татвар төлөгчдийн мөнгөөр цалин цуухаа авч ажилладаг мөртлөө тансаг орчин, тав тухыг нэхдэг төрийн түшмэдээс илүүтэй, үр хүүхэд, өвчтэй нэгний эрх ашгийг нэгдүгээрт тавих санаачилгыг нийгэмд гаргаж тавьж байна. Энэ санаачилгыг маань дэмжээд гар бие оролцоод явах боломж хүн бүрт байгаа. Хэрэв хэн нэгэн хүн, ТББ энэ санаачилгыг үр дүнд хүргэхээр болбол бид хэвлэл мэдээллээр сурталчлах, хүмүүст хүргэх гол суваг болох юм. Цаашлаад 2016оны сонгуулийг мөрөөдөж санаашраад сууж байгаа хүмүүсээс зөвхөн энэ шалгуурт яаж хандахыг харж саналаа өгөх сэтгэлгээг ч бид нийгэмдээ өгөх болно. “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал”-д

Хаан хүний хамаг эрхийг төгсөвч

Хайрлах сэтгэл үгүй болбоос

Хамагт аргагүй хөнгөн болмуй.

Түшмэд хүний есөн эрдмийг төгсөвч

Төвшин сайхан сэтгэлгүй бол

Хорт чоно мэт жигшигдэхийн тул

Төв сэтгэлийн эеийг хичээ хэмээн өгүүлсэн байдаг билээ. Гэвч өнөөгийн манай төрийн томчуудаас эхлээд төрийн албан хаагчдад түмнээ хайрлах сэтгэл өчүүхэн төдий үнэртэхгүй нь харамсалтай юм даа. Харин яаж л үтэр түргэн амжиж, халаасаа дүүргэж баяжих тухай бодогсод нь олон. Гэхдээ олон түмэнд таалагдахын тухайд популизм хийж оноо авахаа мартахгүй ээ, бас. Үнэндээ тэр популизм нь нийт зургаараа Монголын ард түмэнд ашиг авчрахаасаа гай болох нь л их. Одоо тэгвэл тэр нэмэр болохоосоо нэрмээс болдог зүйлсээр популизм хийхийнхээ оронд төрийн байгууллагууд байрлаж буй орд харшийг амьтны олон хүүхдийг эмчилдэг, сургадаг эмнэлэг сургууль болгох талаар хашгирч өгвөл тун хэрэгтэй байна. Ганц хийсэн сайн үйлээр нь урьд өмнө хийж байсан бүх зүйлийг нь цайруулчихаж ч магад юм. Чингэсийн үеэс олны тусын төлөө сайн үйл хийгсдийг есөн үеэр нь гэм нүглээс чөлөөлдөг байсан тэр уламжлал өдгөө ч үндэстний оюун санаанд шингэж үлдсэн буй за. Тиймээс төрийн түшмэд урьд нь хичнээн бурууг хийж байсан ч, одоо энэ цаг дор сайн сайхан санаачилга гаргаж чадвал өөрөөр харах сэтгэл зүрх олон түмэнд бий. Өнөөдөр дүүргийн тамгын газар байрлаж байгаа газрыг хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа эмнэлэгтэй харьцуулаад нэг үзээрэй. Засаг дарга нарынх нь өрөө гэж Арвайхээрийн тал шиг цэлийсэн өрөөнүүд. Арын өрөө нь гэж бас овоо хэдэн хүүхэд оруулчихаар. Тамгын дарга нарын өрөө гэж бас өвдөж шаналсан арав тооны хүүхэд, газар хэлтсийн дарга нарынх нь тав орчим хүүхэд тав тухтай хэвтэж эмчлүүлчих сайхан саруул зай байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр тогтмол цалинтай, эрх мэдэлтэй алба хашиж байгаа энэ хүмүүс биднээс олгогдсон эрх мэдлээ ашиглаж тав тухтай орчинг өөрсдөдөө бүрдүүлж байхад хөөрхий бяцхан үрс минь өвдөх үедээ хэвтэх ч газаргүй байх нь шударга явдал яавч биш ээ. Төрийн түшмэд ичих нүүргүй байхад бид өөрсдөө тэмцэж тэр байшин барилгыг илүү хэрэгцээтэй хүмүүст нь өгөхөөс аргагүй байна. Эмнэлгийн зориулалтаар барьсан төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хуульчид суулгах оффис болгоно гэж байсан. Тэрийгээ эмнэлэг болгох хэрэгтэй. Эмнэлгийн зориулалтаар биш ч байсан ашиглаж болох бүхий барилгуудыг түмэн олныхоо төлөө ашигламаар байна. Зориулалтын гэж цамаархахын аргагүйгээр хүйтэн хонгилд хүүхдүүд маань өвчтэй хэвтэж байна шүү дээ. Ийм нэгэн санаачилгыг эхлүүлж байна. Үүнийг дэмжих олон түмэн, өөрсдөөсөө өөрчлөлтийг хийх төрийн түшмэдүүд бэлхнээ буй биз хэмээн найдна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *