Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар огцорсноор эдийн засагт ямар хохирол гарав?

Засагунаснаас хойш бүх л салбар хэцүүхэн байна. Хамгийн том эрсдэл үүрч байгаа нь эдийн засаг. Туйлдсан тэмээ шиг болчихоод буй эдийн засагт ямар хохирол гарсныг яг таг тооцвол тоймгүйтоо гарна. Лав л Ерөнхий сайдтай Оюу толгойн санхүүжилтийн асуудлаар яриа хөөрөө өрнүүлэх гэж байсан Дэлхийн банкны төлөөлөл ирэхээ больчихсон. Айлчлал нь хойшилсон гэх мэдээг “Блүүмбэрг”-ээр цацна лээ. Оюу толгой төслийн далд уурхайн нэмэлт санхүүжилт дор хаяж дөрвөн тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж буй. Уул уурхайн салбартаа бол дэлхийн хамгийн том төслийн санхүүжилт. Төслийг санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлсэн банкуудын нэг нь Дэлхийн банк. Засаг эмхрээгүй учраас Оюу толгойн дөрвөн тэрбум ам.долларлав л энэ жилдээ орж ирэхгүй нь тодорхой болчихлоо. Бүр наашиллаа гэхэд ирэх оны зургадугаар сард магадгүй. Жилээс наашгүй гэсэн таамаг ч байна. Ямартай ч Оюу толгойн санхүүжилт шийдэгдэх хугацаа хойшилсны хамгийн том шалтгаан нь тогтворгүй засаг. Засаг солигдсон нь Оюу толгойтой энэ зэрэгцэхээр ашиг өгөх Таван толгойн ордод ч нөлөөлчихлөө. Энэ ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер сунжрах нь тодорхой боллоо.

Засгийн газар уначихаар гадаадын хөрөнгө оруулалт мөддөө орж ирэхгүй гэх гутранги таамаг хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд ам.долларын ханш 1900руу дөхлөө. Засаг унаснаас хойш долларын ханш 100 орчим төгрөгөөр чангарсан гэсэн үг. Саяхан Хонконгт болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Р.Коппа “Оюу толгойн асуудал шийдэгдвэл ирэх онд төгрөгийн ам.доллартай харьцах харьцаа 1000 төгрөг болж чангарна. Үгүй бол долларын ханш 2000 төгрөг болж чангарна” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Засгаа бүрдүүлэх гэж хөлөө жийлцэж байгаа эрх мэдэлтнүүдийн янз байдлыг харахад Коппагийн таамагласан шиг 2000 хүрэхийг үгүйсгэх арга алга. Ногоон валют чангарч, хоёр том ордын хөрөнгө оруулалт саарах нь хэнд хохиролтой вэ гэсэн асуултад хариу хайя. Лав л Ерөнхий сайдыг огцруулахкноп дарсан, кноп дараагүй ч бас бус аргаар эсэргүүцсэн УИХ-ын гишүүд хохирохгүй. Суудлаасаа буусан огцорсон сайд нар ч хохирохгүй. Тэд сайдын албатай, албагүй амьдарчих улс. Төрийн өндөрлөгүүд ч хохирлыг нь анзаарахгүй өнгөрнө. Ингээд харахаарзөөлөн суудал, эрх мэдлийн төлөө хөлөө жийлцээд буй эрх мэдэлтнүүдэд хохироод сүйд болохюм алга.

Хохирлыг хамгийн ихээр мэдрэх хэсэг нь өглөө ажилдаа ирж, орой гэр рүүгээ яарах жирийн иргэд. Амьдрах мөнгөө хөлс хүчээрээ олж байгаа энэ хэсэг л хамгийн том хохирогчид. Эрээн, Улаанбаатарын хооронд бараа зөөж наймаа хийдэг иргэд хохироод эхэлчихлээ. Америк, Европоос бараа импортолдог компаниудын алдагдал өчигдрийнхөөс нэмэгдчихсэн. Юань, долларийн ханш уралдан өсөөд байхаар эдний олдог мөнгө улам бүр багасах нь тодорхой. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч “Редпат”-ын ажилчид өнгөрсөн сар, жилүүдэд орлогогүй суусан. Тэдний ажилгүй, орлогогүй өдрүүд дахиад өчнөөн сараар үргэлжлэх нь тодорхой болчихлоо. “Таван толгой” ажиллаж эхэлбэлажилд орохыг хүсч суусан нүүрсний машины жолооч нар урамгүйхэн алхацгааж байна. Ам.долларын ханш гэрлийн хурдаар өгссөн өнгөрсөн саруудад үйлдвэрлэж, санаачилж зав чөлөөгүй хөдөлмөрлөж байгаа баялаг бүтээгчдийн нэлээд нь хаалгаа барьчихсан. Засаг үймсэн энэ өдрүүдэд үүдээ барьсан баялаг бүтээгчдийн хүрээ улам бүр хумигдаж байгаа. Товчхондоо монголчуудын дийлэнхийнх нь эрх ашиг хохирч байна.

Америк, Европ, Хятад зэрэг мундагчуул нь хүртэл эдийн засгаа яаж аварч үлдэх вэ гэж санааширч байгаа ийм үед Засгийн газрыг унагасан нь хэнд ашигтай байсан юм бол. Монголын даргалах бүрэлдэхүүнд л ашигтай байсан байж мэдэх юм. Бусдад нь лав ашиггүй. Засаг унаснаас болж хохирсон иргэдийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ? Парламентад суугаа улс төрийн намууд уу, Ардчилсан нам уу, засаг унагах төлөвлөгөөнд оройлон оролцсон МАН уу, эсвэл аль нэг бүлэг, фракц уу? Хэнийх нь буруу вэ гэдгийг нийт иргэдийн дунд хэлэлцүүлдэгсэн үү хамаа алга. Хариуцлага хүлээх ёстой эрхмүүдийн нэрийг л зарламаар байна. Улстөр судлаачдын жинхэнэ хөдөлдөг цаг. Аль нам, фракц, хэн гэдэг хүн засаг унаснаас болж хохирсон иргэдийн өмнө хариуцлага хүлээхийг зоригтой хэлсэн судлаачийг нийгэм хүлээж авна шүү. Ийм ашиггүй нөхцөлд ямар шалтгаанаар зүгээр ажиллаж байсан засгийг унагасан нь хэнд ч ойлгомжгүй байна. Эрсдлийг нь нуруундаа үүрч яваа эгэл иргэд, баялаг бүтээгчид бол бүр ойлгохгүй байна.

Ингээд засаг унаснаас болж хэр эрсдэл гарсныг тоймлох гээд үзье. Оюу толгойн хөрөнгө оруулалтын талаар өмнө дурдсан. Нүүрсний экспорт нь таг зогссон Таван толгой дээр уг нь дажгүй өөрчлөлт хийх гэж байсан. Хөрөнгө оруулалтын тендерийн хугацаа ирэх сарын нэгэн гэхэд дуусах учиртай. Гурав, дөрөвхөн хоног үлдсэн гэсэн үг. Америкийн “Пийбоди”, Хятадын “Шинхуа” мэтийн аваргуудад Засгийн газраас санал хүргүүлээд байсан юм. Ирэх сарын 15-нд шалгарсан хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах байлаа. Засгийн газар цэгцрэх нь бүү хэл, хэнтэй, яаж хамтрах нь бүрхэг байгаа ийм үед Таван толгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах асуудал хойшлох нь тодорхой. Сайд нь бүү хэл, одоо ажиллаж байгаа хэд нь эрх зүйн чадамжтай эсэхдээ эргэлзэж, дэмий шахуу гиюүрч суугаа яамдын хувьд юун Таван толгой, Оюу толгой манатай байгаа. Таван толгойн орд дээр гадаадын хөрөнгө оруулагчдын нөгөө талд үндэсний компани ажиллана гэсэн зураг гарсан. Тендерт тавьсан шалгуураар бол “МАК”, “Энержи ресурс”-ын аль нэг нь гэсэн таамаг бий. Төр бизнес хийж чаддаггүйн жишээг сүүлийн хэдэн жил баталж нотолсон Таван толгой төслийг хувийн л бол аль компани нь ч хэрэгжүүлсэн ялгаагүй. Энэ том ордоо зах зээлийн жамаархөдөлгөх нь л чухал.

Энэ оны эхний найман сард Эрдэнэс Таван толгой бусдаасаа илүү нүүрс зарсан. Төсвийн мөнгөний багагүй хэсгийг бүрдүүлсэн Таван толгой өнөөдөр олсон мөнгөгүй сууж байна. “Чалко”-той анх байгуулсан гэрээгээ ашиггүй гээд дахин нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Шинэ гэрээнийх нь хугацаа өнгөрсөн долдугаар сард дууссан. Гэрээгээ сунгая, эсвэл өөр хувилбар гаргая гэсэн агуулгатай хэлэлцээр эхэлчихсэн яваа. Засаг эмхэртэл энэ хэлэлцээр явагдахгүй зогсох нь ойлгомжтой. Таван толгойн баруун Цанхид олборлолт явуулж байсан Австралийн “Макмахон”-ы ажил зогссон. Зарж байгаагаасаа илүү өртгөөр олборлолт явууллаа гэсэн шалтгаанаар гэрээгээ эргэн харцгааж байна. Хоёр талын хэлэлцээр засаг унасантай холбоотойгоор мөн л зогсчихсон. Засаг унаснаас болж төсвийн багагүй хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн Таван толгойн орд нэг иймэрхүү байдалтай байна.

Овоо доллар олж ирэх шанстай нэг салбар бий. Тэр нь хайгуулын салбар. Уг нь есдүгээр сарын сүүлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ гэж байсан юм. Гэтэл программ сайжруулна гэсэн шалтгаанаар аравдугаар сарын 20-дооролгож эхлэхээр болсон. Сайд нь байхгүй, засаг унасан гэх шалтгаанаар хэн, хэзээнээс зөвшөөрөл өгөх нь өнөөг хүртэл таг чиг. Уг нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлбэл ажилгүй геологичид ажилтай болохоос эхлээд олон давуу тал бий. Хайгуулын тусгай зөвшөөрлүүд өгч эхэлбэл дор хаяж хоёр тэрбум ам.доллар орж ирэх бололцоотой гэсэн таамаг бий. Салбарын яамнаас нь хэлсэн тоо. Нэг хайгуулын лицензийг дагаад 500 мянгаас, нэг сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд орж ирдэг гэхээр үнэнд дөхсөн тооцоо л доо. Үүнээс гадна урт нэртэй хуулиас болж санхүүжилт нь зогссон лицензүүд бий. Хэрэгждэггүйгээрээ алдартай энэ хуулийн хэрэгжилтэнд өмнөх засгийн үед салбарын яамнаас нь аятайхан хувилбар гаргасан. Гүйцэтгэх засаглалын төвшинд яригдаж эхэлсэн асуудал одоо засаг эмхэртэл сөхөгдөхгүй.АМГ-ын дарга асан Батхуягийн хэргээс болж цуцлагдсан 106 лицензийг тендерийн шалгаруулалтаар буцаан олгож байгаа. Засгийн газар эмхэрч амжаагүй учраас энэ ажил түр зогсч таарна. Дахин хэлэхэд засаг унаснаас болж хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх ажил эхлээ ч үгүй байна.

Хөгжлийн банкнаас үйлд­вэрлэлийг дэмжсэн томхон төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн. Тодруулж хэлбэл үйлдвэрлэлийн төслүүдийн санхүүжилт зогсоод байна. Хамгийн томоос нь онцлоход л “МАК”, “Мон полимет”-ийн цементийн төслүүд байна. “МАК”, “Мон полимет”-ийн төслийн санхүүжилт шийдэгдэх шатандаа явсан юм. МАК-ийн цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлчихсэн. Одоо багахан хэмжээний дэмжлэг үзүүлэхэд л цементийн хэрэглээгээ зуун хувь хангаж, гадагш урсах долларын хэмжээ эрс багасах хэмжээний нөлөөтэй төслүүд. Энэ мэт өчнөөн ашигтай төсөл Хөгжлийн банкин дээр гацаад байна.

Ам.долларын ханшийн өсөлтөөс хүлээх алдагдлын хэмжээг сонирхуулъя. 2008 оны хямралын үед хувийн хэвшил 235 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ удаа 786 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Засаг унаснаас хойш ам.долларын ханш 100 төгрөгөөр чангарсан гэхээр энэ алдагдал тэр хэрээр нэмэгдсэн гэсэн үг. Өмнөх хямралаар иргэд долларын өсөлтөөс болж 43 тэрбумын алдагдал хүлээж байсан бол энэ удаа 48 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Засаг бужигнасан энэ мөчид ам.долларын ханш аажмаар нэмэгдсээр буй. Иргэдийн хүлээх алдагдал тэр хэрээр нэмэгдэж байгаа нь тодорхой.

За тэгээд гэрээ, хэлэлцээр нь үргэлжилж буй тавдугаар цахилгаан станц, хөрөнгө босгох ажил нь эхлэх дөхсөн Таван толгойн цахилгаан станц, эхний зураг нь бэлэн болсон Ази, Европыг холбосон хурдны замын “Талын зам” төсөл, Эгийн голын усан цахилгаан станц, Туул голын дагуу барих хурдны зам, Цагаан суваргын баяжуулах үйлдвэр гэх мэт бүтээн байгуулалтын том төслүүд засаг бүрдэхийг хүлээн зогсолтын байдалд орчихоод байна.

Энэ бүхний эцэст хэн хэний захиалгаар Монголыг хүчгүйдүүлэх ийм бодлого явуулаад унав аа гэсэн асуулт ургаж байна. Ямартай ч засаг хүчгүй, тогтворгүй байх нь ийм эрсдлүүд дагуулдгийг монголчууд мэдэрч эхэллээ. Одоо эрсдлээс гарах хоёр л зам бий. Нэг нь засгаа хурдан байгуулах, нөгөө нь том төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх.

Том төсөлд том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Том мөнгө гэхээр гадагшаа хандахаас өөр гарцгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн тулд хамгийн түрүүнд төр, засгийн тогтвортой байдлыг хардаг. Хууль эрх зүйн орчин нь хичнээн сайн байлаа ч засаг нь тогтворгүй бол хэнд ч итгэл төрөхгүй. Тэгэхээр том төслүүдээ урагшлуулж эдийн засгаа аваръя гэвэл засгаа л даруйхан байгуулмаар байна. Гэхдээ мэдээж дахиж унахгүй тогтвортой засаг.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *