Categories
мэдээ нийгэм

НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан-Монголд

Монгол Улсын Засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУА-тай НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байгаа билээ. Хоёр талын хамтарсан төслийн танилцуулга, үр дүнгийн хурал өнөөдөр 10.00 цагт Corporate зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болно.
НАТО-гийн энэхүү хөтөлбөр нь иргэний болон улс орны аюулгүй байдалд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх бөгөөд аюулгүй байдлын хүрээнд терроризмтэй тэмцэх, хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг багасгах, кибер аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах НҮБ-ын Аюулүй байдлын хорооны зорилт зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Батлан Хамгаалах Яам, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам зэрэг байгууллагатай хамтран хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монголын кибер аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах гэсэн үндсэн хоёр чиглэлд хэрэгжиж байна.

Кибер аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд ШУА-ийн Информатикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй анхны төсөл нь “Цэргийн зориулалттай газар нутгийн экологийн эрүүл ахуйн геомэдээллийн сан байгуулах нь” сэдвийн хүрээнд Словакийн Байгаль Орчны Агентлагтай хамтран ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв зэрэг байгууллагуудын хамтын оролцоотой хэрэгжиж байна. Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар манай улсад цэргийн зориулалтаар ашиглаж байсан 17 байршлыг тогтоож, тухайн газарт газрын доройтол, хөрс, усны бохирдолыэ судалгаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн сурвалж болон хээрийн судалгааны дүнгээр цэргийн зориулалттайгаар ашиглаж байсан байршлуудад барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний бохирдол их байгаагийн зэрэгцээ дэлбэрэх, тэсрэх бодис, зэвсэг их хэмжээгээр илэрч байгааг тогтоосон.
Цаашид Энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийн хүрээнд дээр дурьдсан хоёр чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2014 оноос энэхүү хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх болсон нь бидний хамтран ажиллах хүрээг өргөжүүлж буй хэрэг юм. Ойрын ирээдүйн хамтын ажиллагааны хүрээнд бохирдсон газрыг саармагжуулах, бохирдлын нэр төрлөөс хамааруулан газрыг нөхөн сэргээх замаар энхийн зориулалттай ашиглах нөхцлийг бүрдүүлэх дэвшилтэд технологийг нутагшуулах, мэдээллийн аюулгүй байдал, цахим довтолгооноос сэргийлэх ухаалаг системийг бий болгох зэрэгт чиглэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *