Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн чанартай, хямд үнэтэй хар, цагаан замаск эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

-ТУС ҮЙЛДВЭР ӨДӨРТ 80 ТОНН ЗАМАСК ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ-

Хятадаас тонн, тонноор худалдан авдаг хар, цагаан замаскийг манайхан дотооддоо үйлдвэрлэдэг боллоо. “Монгол ташуур констракшн” ХХК гурван жилийн өмнө хар замаскны үйлдвэр байгуулжээ. Тэр цагаас хойш гадна, дотор фасадны хар замаск, хөөсөнцрийн цавуу, плитаны чигжээс, плитаны цавуу зэргийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Харин энэ жил үйл ажиллагаагаа өргөжүүлэн цагаан замаскны үйлдвэр оруулж иржээ. Амгаланд байх тус үйлдвэр жилийн дөрвөн улиралд ажилладаг. Өдөрт 70-90 тонн замаск үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Цагаан замаскны үйлдвэрээ “888” төслийн хүрээнд Чингэс бондын санхүүжилтээр босгожээ. Нийт 240 сая төгрөгийн зээл авч түүгээрээ Хятад болон Солонгосоос үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэнэ.

Одоогоор тус компани 14 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ажээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж чадвал дотоодынхоо хэрэгцээний 30-40 хувийг хангах бүрэн боломжтой. Шинэ үйлдвэр ашиглалтад ороод долоо ч хоноогүй байгаа бөгөөд уржигдар анхныхаа борлуулалтыг хийсэн байна.

Тус компанийн үйлдвэрлэж байгаа цагаан замаск “MGL Grand 921” нэртэй. Хятадаас орж ирдэг цагаан замаскны стандарт 821 байдаг гэнэ. Энэ нь чанарын үзүүлэлтийг илтгэх тоо. 821-тэй гэхээр найрлагадаа шохойтой гэсэн үг. Шохойн найрлагатай замаск хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Замаск хатсан хойноо харшил үүсгэнэ. Хэрэв норгочихвол хуурч унаад байдаг ажээ. Харин манайхны үйлдвэрлэж байгаа 921-тэй цагаан замаск өндөр чанартай. Байгалийн цагаан чулуугаар хийсэн болохоор чийг авсан ч хуурч унахгүй. Дээрээс нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэсэн. Бас үнийн хувьд Хятад замаскнаас хямд. Хятад цагаан замаск зах зээл дээр 25 кг-тай нэг уут нь 5000 төгрөгийн үнэтэй байдаг. Урдаас бөөндөж авлаа гэхэд тээвэрлэлтийн зардал, гаалийн бичиг баримт бүрдүүлэлт хэрэгтэй болно. Бас үйлдвэрлэгчийн ямар ч баталгаа байхгүй. Тэгвэл “МGL Grand 921” замаск харьцангуй хямд үнэтэй. Ямар ч байсан нэг уут тутамдаа Хятад замаскнаас 500-1000 төгрөгийн хямд байгаа гэсэн. Бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа түүхий эд, материалаа дандаа дотоодоосоо авдаг. Цагаан замаскны гол найрлага болох цагаан чулууг л гэхэд Эрдэнэт дэх өөрийн цагаан чулууны ордоосоо авчих жишээтэй. Тиймээс нэг ёсондоо экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна гэсэн үг. Өөрсдийнхөө ордын цагаан чулууг Шанхайд байх барилгын материалын анхны түүхий эдийн лабораторийн шинжилгээнд өгөхөд маш өндөр агууламжтай гарсан гэнэ. Тэгэхээр аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглавал чанарын хувьд айлтгүй ажээ. Харин цагаан чулуун ордоо ашиглаад цаашид эмульсны үйлдвэр оруулж ирэх боломжтой гэсэн. Нэгэнт түүхий эд нь байгаа болхоор эх орондоо эмульс үйлдвэрлэж болно. Зөвхөн банк, санхүүгийн байгууллага зээл өгч хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл ямар нэгэн саад бэрхшээл байхгүй ажээ.

Эдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болгоны уутан дээр зориулалт, хэрэглэх заавар зэрэг нь байж байдаг. Дотор заслын замаск авлаа гэхэд “Дотор ханыг тэгшлэх, дулаалгын зориулалтаар хэрэглэнэ”. “Нэг уут бүтээгдэхүүнийг зургаан литр усаар зуурна. Зуурснаас хойш нэг цагийн дотор хэрэглэнэ” гээд тодорхой бичээд өгчихсөн. Худалдаж авсан хэн ч тайлбарыг нь уншаад хэрэглэж болохоор юм. Бас бүтээгдэхүүндээ чанарын баталгаа өгдөг болохоор санаа зовох зүйл байхгүй. Технологийн алдаа л биш бол тухайн байшинг нураах хүртэл ямар нэгэн асуудал гарахгүй гэж мэргэжилтнүүд нь хэлж байна лээ. Хэрэв хуурч унаад байвал үйлдвэрлэгчдэд хандаж болох юм байна. Бас эднийх барилгын компаниудад маш гоё санал тавьж байгаа ажээ. Олон жил барилга барьж буй компаниуд хэрэглээд сурчихсан, чанарын шаардлага хангасан газраасаа бараа, материалаа худалдан авдаг. Харин эдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил бүтээгдэхүүн худалдан аваад, сайн чанартайг нь батлаад хэрэглээд сурчихсан бол яг түүнийгээ авчирч шинжилгээ хийлгэж найрлагыг нь тогтоолгож болно. Ингэснээр олон жил хэрэглэсэн гадны бараа, материалтай ижлийг эх орондоо захиалгаар хийлгэх боломжтой ажээ. Нэг ёсондоо тухайн компанийн дагаж мөрддөг норм, нормативийн шаардлага хангасан материалыг дотооддоо захиалан хийлгэж болно гэсэн үг. Харин худалдаж авсан бүтээгдэхүүнийг хот дотор ямар нэгэн хөлсгүйгээр буюу үнэгүй хүргэж өгөх юм байна.

“Мон ташуур констракшн” ХХК-ийн үйлдвэр дээр 50 орчим хүн ажилладаг гэнэ. Барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа үед импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж гадагшаа чиглэсэн валютын урсгалыг хаах, ажлын байр бий болгох зорилготой тус компанийнхан ирэх жилийн дөрөвдүгээр сараас “Красныи дом” бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлохоор төлөвлөжээ. Тэр нь плитаны цавуу. Красный гэдэг үг нь тансаг, сайхан гэдэг утгыг илэрхийлдэг учраас бүтээгдэхүүнээ ийн нэрлэчихэж. Ер нь эдний бүтээгдэхүүнүүд дандаа гадаад нэртэй юм. “Quelle”, “Million house”, “MGL Grand”гэхчлэн нэртэй. Гэхдээ дандаа компанийн цаашдын бодлогыг тодорхойлсон утгатай ажээ. “Quelle” гэхэд Германаар булаг гэсэн үг. “Монгол ташуур констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батмөнх Булган аймгийн Гурванбулаг сумын хүн. Тиймээс төрсөн нутаг усныхаа нэрийг өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ тусгажээ. “Million house” ч бас сайн сайхныг бэлгэдсэн утгатай. Ард түмэн сая сая хувийн сууцанд амьдрахыг бэлгэдсэн гэнэ.

С.АЛТАН

Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *