Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.УРАНБИЛЭГ: “Гоёл” наадам жил ирэх бүр чанаржиж байгаа

Топ модель Ч.Уранбилэгтэй ярилцлаа.

-Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл” удахгүй болох нь. Та өнгөрсөн жилийнхэд оролцоогүй. Энэ жил тайзан дээр гарах уу?

-Өнгөрсөн жил хувийн ажил ихтэй байсан болохоор “Гоёл” наадамдаа оролцож чадаагүй. Зарим топууд маань өнгөрсөн жил хүүхэд гаргасан учраас “Гоёл”-ын тайзан дээр гараагүй. Харин энэ жил олонх нь оролцох байх. Ер нь “Гоёл” наадам топ моделиуд төдийгүй загварын ертөнцтэй холбоотой бүх л хүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг наадам байдаг. Миний хувьд “Гоёл-2015”-д оролцох гээд догдлон хүлээж байна.

-Та “Гоёл-2010”-ын топ моделиор тодорч байсан. Тэр жилийн “Гоёл”-ыг эргээд дурсахгүй юу?

-Яг шагнал авсан мөч үнэхээр гоё байсан. Хэзээ ч мартагдахгүй байх. Одоо ингээд тэр үеийг санахад өчигдөр болсон мэт тод санагдаж байна. “Энэ жилийн топ моделийн эзэн Ч.Уранбилэг” гээд зарлахад чихэндээ итгээгүй. Уг нь өөрийнхөө нэрийг сонсчихоод байдаг. Гэвч хөөрч догдолсондоо буруу сонсчихсон байх вий дээ гэж эмээгээд шуудхан яваад оччихож чадаагүй. Хажууд зогсож байсан загвар өмсөгчид гар, гар гэхэд нь л очиж шагналаа авсан. Тэр өдөр би ямар их баярласан гээч. Шөнө нь орондоо хэвтээд байгаа хэрнээ нойр хүрэхгүй байсан. Миний амьдралд хөөрч баярлах өдөр олон байсан л даа. Гэхдээ шөнөжин унтахгүйгээр баярлаж үзээгүй.

-Хэдэн оноос эхлэн “Гоёл”-д оролцож эхэлсэн юм бэ?

-Би 1998, 1999 оноос “Гоёл” наадамд оролцож эхэлсэн. 2000 оны наадам “Бөхийн өргөө”-нд болж байсан. Тэр үед би 15 настай байлаа. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл “Гоёл” наадамд оролцох гэж догдлон хүлээдэг хэвээрээ байна. Анхны “Гоёл” наадамд есдүгээр ангийн хүүхэд байхдаа оролцож байсан.

-Тэр үед загвар өмсөгчийн агентлаг одоогийнх шиг элбэг байсангүй. Яаж яваад загвар өмсөгч болов?

-Санамсаргүй, бас азтай тохиолдлоор загварын ертөнцтэй холбогдсон. Би 31 дүгээр сургуулийн сурагч байлаа. Тавдугаар ангид байхдаа нэг өдөр хичээлээ тараад ахынхаараа оров оо. Манай бэр эгч үеийнхээ бүсгүйтэй юм яриад сууж байна. Нөгөө эгчдээ намайг танилцуулаад миний биеийн өндөр, загвар өмсөх дуртай эсэхийг асуулаа. Тухайн үед би ангидаа нэлээн өндөртөө ордог байсан. Зурагтаар Синди Кроуфорд, Клаудия Шифферийг хараад ямар гоё юм бэ гэж мөрөөддөг байлаа. Тэгтэл эгчийн найз бүсгүй “Үнсгэлжин” наадмыг зохион байгуулдаг, Монголын хүүхдийн ордоны загварын дугуйлангийн багш Нармандах байж таарсан. Жаахан охин байхдаа “Үнсгэлжин” наадамд ингэж л оролцсон. Гэрийнхэн маань их дэмжинэ. Усны хувцас авч өгөөд л, нүүр будаж, үс янзлаад л. Харин дараа нь Хүүхдийн ордоны дэргэдэх загварын дугуйланд явж эхэлсэн. Одоогийнх шиг 45 хоног хичээллээд өнгөрөхгүй. Бүтэн жилийн турш хувцас загвартай холбоотой олон төрлийн хичээл үздэг байлаа. Дугуйланд явж эхэлснээсээ хойш хоёр дахь жилдээ “Үнсгэлжин” наадмаас “Ирээдүйтэй модель” шагнал авсан. Түүндээ их урамшиж загварын ертөнцтэй холбогдсон доо.

-“Гоёл” наадмын топ модель болохоосоо өмнө тэргүүн дэд байрт шалгарч байсан байх аа?

-Тэгсэн. 2005 онд дэд тэргүүн байр эзэлж байлаа. Топ модель гэдэг бол загвар өмсөгчдийн оргил амжилт байдаг. Миний өмнөх жил О.Уянга топ модель болж байсан. Ер нь топ модель тийм ч олон биш. Арав гаруйхан байгаа. Хэдэн мянган загвар өмсөгчдийн дундаас шалгарч топ гэдэг цолыг авч байгаа болохоор их нэр хүндтэй шагнал. Тэр хэрээр бидэнд хариуцлага ирдэг.

-Хариуцлагын хэрээр хэл ам бас их байх юм?

-Монголд гэлтгүй дэлхий даяар загварын ертөнц хэл ам ихтэй байдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор тэр байх л даа. Гэхдээ олны ярианаас, бусдынхаа хэл амнаас тэгтлээ төвөгшөөж байсангүй.

-Нэгнийхээ хувцсыг урдаг, гутлынх нь өсгийг хугалдаг гэх яриа бий. Тайзны ард иймэрхүү зүйл их тохиолдох уу?

-Яг үнэндээ наадах чинь огт худлаа яриа шүү дээ. Гадны кинон дээр л тиймэрхүү зүйл гардаг байх. Түүнээс биш бодит амьдрал дээр, тайзны ард тийм зүйл болж байхыг харж байгаагүй. Ихэнх нь найз нөхөд болчихсон байдаг. Гутлынхаа өсгийг хугалаад, даашинзаа уруулчихсан зогсоо нэг ч загвар өмсөгчийг харж байгаагүй юм байна. Ер нь загварын ертөнцтэй холбоотой таагүй яриаг биднийг огт танихгүй хүмүүс л гаргадаг. Гаднаас нь хараад олон эмэгтэйчүүд байгаа юм чинь дотроо юм юм л болдог байх гэж бодоод элдвийг зохиодог шиг байгаа юм. Тайзан дээр, олны нүдэн дээр ил өрсөлддөг.

-Топууд ихэнх нь загварын агентлаг байгуулдаг. Таны хувьд?

-Тийм мөрөөдөл надад байхгүй. Миний ганц дуртай зүйл загварын ертөнц. Гэхдээ шавь нараа бэлдээд загварын агентлагтай болъё гэж бодохгүй байгаа.

-Энэ жилийн “Гоёл” наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ. Ер нь биеийнхээ галбирыг яаж баридаг вэ?

-Энэ жилийн “Гоёл-2015” наадам энэ сарын 26-нд эхэлнэ. Долоохон хоног үлдсэн байна. Сүүлийн үед загварын долоо хоногоор эхэлж байгаа. Энэ жил ч бас загварын долоо хоног болно. “Blue sky”-д загвар зохион бүтээгчид маань шилдэг бүтээлээ олонд танилцуулна. Харин шилдгийн шилдгийг шалгаруулах гран-при наадам ирэх сарын 3-нд Соёлын төв өргөөнд болох юм. Миний хувьд “Гоёл” наадамд хувийн бэлтгэлээ хангаад оролцоно. Энгийн үед биеийн галбираа үргэлж хадгалж байдаг. Ялангуяа топ моделийн нэрийг дааж яваа хүн өөртөө байнга анхаарах ёстой. Усан бассейнаар хичээллэдэг. Хоолны дэглэм харин тэгтлээ бариад байхгүй дээ.

-Тухайн жилийн “Гоёл” наадмын дараа юу болдог юм бэ?

-“Гоёл” наадам загвар өмсөгчид, загвар зохион бүтээгч, загварын холбоо, агентлагийн хувьд жилийн хамгийн чухал өдөр нь байдаг. Жил, жилийн топ моделиуд маань “Гоёл” наадмаараа уулзаж сонин хачнаа бас ярина. Наадмын дараа хүлээн авалт болдог юм. Шинэ топдоо баяр хүргэнэ. Удаан уулзаагүй хүмүүс нэг үдшийг баярлаж өнгөрөөдөг.

-Сүүлийн үед “Гоёл” наадмын талаар загвар өмсөгчид янз бүрээр л ярьж байна. Оролцвол заавал Мянганбаяртай холбогдох хэрэг гарна гэж ч ярих юм?

-Тэр бол хувь хүний л бодол байх. Топ модель болж чадаагүй хүмүүсийн гаргасан яриа болов уу. Яг үнэндээ “Гоёл” наадам жилээс жилд сайжирч байгаа. Зохион байгуулалтын хувьд ч, оролцож байгаа загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчдийн хувьд ч ялгаагүй. Улам сайжраад байгаа шүү дээ. Шүүлтийн тухайд аль нэг хүнтэй холбож ярьж болохгүй ээ. Топ модель болж байгаа загвар өмсөгчид олон жил загвар өмссөн, хөдөлмөрлөсөн хүмүүс байгаа шүү дээ. Олон жилийн хичээл зүтгэл, шантрахгүй явж байгаа зоригийг ингэж үнэлэх зохимжгүй.

-Топ модель болсныхоо дараахан морь уяна гэж ярилцлага өгч байсан. Морио уяж байна уу?

-Тэр ташаа ойлголт байсан юм аа. Нэг ярилцлага авсан сэтгүүлч моринд дуртай юу, морь руу орох бодолтой юу гэж асуухаар нь тиймээ л гээд хэлчихсэн. Тэгсэн чинь морь уяна гээд гарчиглачихсан. Түүнээс биш миний морь уяна гэж юу байхав дээ. Монгол хүн юм чинь морь малд хайртай л байж таараа.

-Бас эмэгтэйчүүдээс нэлээн хол барилгын салбарт ажилладаг гэсэн. Хэвээрээ юу?

-Хүн хүнд дуртай ажил гэж байдаг даа. Би дуртай юмаа л хийж байгаа. Барилгын засвар хийгээд тав, зургаан жил болж байна. Дотоод засал чимэглэл хийдэг компанитай. Уг нь анх барилгын дизайн, интерьер хийнэ гэж бодож байгуулж байлаа. Ажлын явцад засвар руу орчихсон. Интерьерээ бараг хийж байгаагүй юм байна.

-Ажил хэр байх вэ. Захирал нь топ модель гэдэг утгаараа танай компанийг илүү сонирхдог болов уу?

-Ажил бол ажил шүү дээ. Яахав найз нөхдийн захиалга орж ирнэ. Өмнөх захиалгаа цагт нь амжуулах гэж шаргуу зүтгэдэг болохоор гадны саналыг тэр бүр авч амждаггүй юм.

-Таныг нэг хэсэг Ким Инхагийн дүрээрээ алдартай Солонгосын жүжигчинтэй найзууд гэж шуугисан?

-“Гоёл-2010” наадмын топ модел болсныхоо дараа Сөүлд болсон “Asia model festival award” наадамд оролцсон юм. Азийн 13 орны төлөөлөл оролцсон, өргөн цар хүрээтэй наадам. Ким Инхад тоглосон Ли Бүн Хён гран-при шагналыг нь авч байлаа. Би “Asian star model” шагнал авсан. Энэ наадмын хүлээн авалт дээр Солонгосын алдартай жүжигчинтэй хамт суугаад зургаа авахуулсныг ташаа ойлгочихсон байна лээ.

-Гэр бүлтэй болж байна уу?

-Би нөхөртэй. Сайхан монгол залуу бий. Ойрын үеийн төлөвлөгөөнд хүүхэд бий. Нэг их удахгүй хүүхэдтэй болно гэж бодож байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *