Categories
мэдээ цаг-үе

Анд минь аян замынхаа тэмдэглэлийг тэрлэх гээд л алсыг зорьж дээ

Анд минь аян замд гарч дээ. Холын холд аян замын тэмдэглэлээ тэрлэх гээд явчихлаа. “Сайн яваад ирээ­рэй” гэж үддэг байсансан, сайхан нийтлэл бичихээр ган­зага дүүрэн ирдэгсэн. Аялж л явбал улам өнгө ороод байдаг, явж ирээд нүдэнд харагдаж, гарт баригдтал, амт үнэртэй, өнгө, аялгуутай нь хамаг биений шар үс бостол хачин мэдрэмж төрүүлтэл бичнэ. Уншиж байгаа хүн өөрийн эрхгүй инээнэ. Эсвэл толгой сэгсэрнэ. Нүдэнд нулимс дүүрнэ. Бичсэнийг нь уншиж байгаа хүнийг ийм хачин үйлдэл хийгээд байхаар өөрийн эрхгүй асуу­на. “Юу уншаад инээж хөхрөөд янз бүр болоод байгаа юм” гэвэл “Гангаагийн бичсэнийг л” гэж хариулаад цааш үргэлжлүүлнэ. Нээрээ л хээрийн салхийг ч үгээр урлаж, үс хийсгэж мэднэ шүү. Түүнийг аян замын тэмдэглэл бичсэний дараа нэг хэсэгтээ л өөр газар очоод ирсэн мэт хачин сайхан мэдрэмж төрдөг юм.

Одоо бид олон сайхан зүйлээ хуваалцаж ярихгүй болжээ. Хаа нэгтээ бодлогошрон, яаран алхаж байгаа мэт. Ихээ хол явсныг нь дуулаад итгэж ядлаа. Яг хэзээнээс бид тэгж дотно нөхөрлөж эхэлснээ санадаггүй юм. Надаас үе мултарсан олон ах л даа. Бидний нөхөрлөл нас хүйс харгалзахгүй “чи, би” гэж хэлсээр он жилийг ардаа орхиж дээ. Бид хамтдаа нэг өрөөнд хоёулхнаа суух болж, орчлонгийн хамаг л юмыг хамж шимэн ярина. Хорвоогийн үйл явдал барагдах биш дээ. Түүний гэргий, хүүхэд нь, манай гэрийнхэн ч бидний нөхөрлөлийг андахгүй. “Надаас олон цагийг чамтай өнгөрүүлж байгаа ч чамтай би хардахгүй ээ” гэж гэргий нь бидний нөхөрлөлийг, өдрийн ихэнхийг хамтдаа нэг өрөөнд өнгөрөөдгийг минь шоглон хэлдэг. Ямар сайндаа ээж минь “Дүүтэй чинь адилхан нэртэй болохоор андуураад байдаг юм, “ажлын” гэж өмнө нь заавал хэлж бай” гэхэв дээ.

Тэр “Миний нэр Гангануур байсан юм, Гангаа л болчихсон болохоос” гэж хэлнэ. Өөр бусдад тэр бүр хэлээд байсныг мэдэхгүй. Нутгийн маань Ганга нуурын нэртэйгээ л надад хэлж саймширч байгаа нь тэр. Хамт нэг өрөөнд сууж байгаад өглөөний хурал дээр намайг нүүр улалзтал шүүмжилчихээд хурлын дараа орж ирэхгүй алга болчихно. Нэлээд байж байгаад орж ирэхдээ нэг л аргадангуй, тайвшруулах аястай юм яриад ороод ирдэгсэн. Ажлын хэдэн залуусыг тойруулж баахан дөгөөж, инээд наргиан болж яваад зориг ордог юм уу, намайг шүүмжилснээ мартдаг юм уу, инээд алдсаар ороод ирнэ. Эхэндээ анзаардаггүй байсан ч сүүлдээ мэддэг болчихлоо. Янзыг нь үзээд ингэж орж ирэхэд нь заримдаа дуугүй л байна. Нэлээд хойно Гангаа маань хэлж байна. “Айхгүй ч гэсэн аягүй гэж чамайг шүүмжилчихээд өрөөндөө орж ирэхээр халгаад байдаг юм. Уурлахгүйг чинь мэдсээр байж л шууд өрөөндөө ороод явчих хэцүү байдаг” гэж. Бид ингэж л нөхөрлөж ирсэн. Хэн хүнд хэлдэггүй нууцаа ч сэмхэн шивнэлдэнэ шүү дээ. Дараа нь өөр, өөр өрөөнд суудаг болсон ч манай өрөөгөөр оролгүй явна гэж үгүй. Заавал хэдэн үг сольж, тамхиа баагиулж байгаад л гарна.

Одоо дахиад ирэхгүй гэж бодож ч чадахгүй ээ. Зүгээр л аян замын тэмдэглэлээ бичихээр хаа нэгтээ удаан хугацаагаар явсан байх. Бэлтгэлийн хувцастайгаа хаа нэгтээ хэнэггүйхэн инээчихсэн алхаж яваа. Ингэж бодож л гунигт бодлыг үргээхээс дээ. Тэр хэзээ ч хээнцэр ганган хувцасладаггүй байлаа. Хэнэггүй л эр дээ. Бие нь өвдөж нэлээд удаан хугацаа өнгөрсөн ч байсхийгээд л ажил дээрээ ирчихсэн нийтлэлээ бичээд, эсвэл бидний нэрлэж заншсанаар арын нүүрээ бичээд сууж байна. Энэ буланг Ж.Гангаа маань л анх бичиж эхэлсэн. Жижигхэн хэмжээтэй ч том санаа агуулдаг энэ бичлэгүүдийг нь манай сонины уншигчид унших дуртай. Саяхан өрөөндөө юм бичээд сууж байхад нь хуучны нэг танил нь орж ирээд их л турж жижигхэн болсныг нь хараад таниагүй бололтой. Манай өрөөнд орж ирээд “Гангаатай уулзах гэсэн юм. Өрөөнд нь өөр хүн сууж байна” гэлээ. Үгүй дээ, өөрөөс нь өөр хүн ширээн дээр нь суух ёсгүй. Та анзаараагүй байлгүй” гэсээр дагуулж очиход өөрөө инээчихсэн юмаа бичээд сууж байна. “Энэ хүн чамайг байхгүй байна гэхээр нь дагуулаад ирлээ гэхэд “Намайг танихгүй болохоор нь “Байхгүй байна” гээд хэлчихсэн юм” гэдгийн байна.

Нөгөө хүн таниагүйдээ тэвдэж баахан тайлбар тавих гэтэл Гангаа тоосон шинжгүй наргиа болгоод л өнгөрөв. Ер нь их хошин мэдрэмжтэй хүн л дээ. Бичихдээ ч, ярихдаа ч нэг тийм аяс цухалзана. Найз нөхдөөр байнга хүрээлүүлнэ. Шинээр ирж байгаа залуус нэг л мэдэхэд Гангаа ах гээд багш шавь болчихно. Тэр олон хүнд уйгагүй зааж сургана. Шинэ залуу сэтгүүлчид байтугай сэтгүүл зүйн луугарууд ч хадаг барьж шавь орчихно шүү дээ. Хүнд урам ч өгнө, шүүмжилбэл ч шүүмжилнэ. Өглөөний хурал дээр Гангаа дарга юу гэж хэлэх бол гэхээс сэтгүүлчид жигтэйхэн сандарна. Шүүмжлэл нь яалт ч үгүй оносон байдаг болохоор хэн ч эсэргүүцэхгүй л дээ. Харин Гангаа магтсан бол тэр хүн нэг хэсэгтээ л додигор явна шүү дээ. Гангаагийн нийтлэлийг унших ямар сайхан гээч. Өглөөний ундаа уухтай адил Гангаагийн нийтлэлийг унших гэж өглөө бүр сонин авч уншдаг гэж нэгэн танил маань хэлж билээ. Дэндүү, дэндүү амттай бичдэг юм чинь дээ, арга ч үгүй биз.

Гудиггүй, гуниггүй анд минь. Дахиж найзынхаа бичсэн сайхан нийтлэлүүдийг уншихгүй болжээ. Түүнтэйгээ ширээний наана цаана, хундага дарс хуваан сууж инээж хөхрөхгүй нь. Байхгүй болсон гэж хүлээн зөвшөөрч чадахгүй ч хорвоогийн хатуу хуулийг яалтай. Өөр амьдрал байдаг бол заавал диваажинд очих ёстой хүн дээ, миний анд. Тэнд ертөнцийн гайхам сониныг, талын салхи ямар үнэртэйг, цэцэгс ямар үзэсгэлэнтэйг, амьдрал ямар амттай бас ямар ээдрээтэйг, гол ус хэрхэн урсдагийг, нөхөрлөл ямар үнэ цэнэтэйг, бүсгүйчүүд ямар сайхныг ярьж өгөөрэй. Энэ дэлхий чамд томилолт өгөөд явууллаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *