Монгол Үндэсний Ардчилсан Нам, Шинжлэх ухааны академитэй хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр академич Г.Чулуунбаатар “1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл”, Я.Содбаатар “Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлага”, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Шинэ Үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд” сэдвээр илтгэл тавив. Тэгвэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайжруулах зайлшгүй шаардлага гарсныг онцлон тэмдэглээд дээрх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин Ерөнхий сайд асан Д.Содном гуай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн гажуудаж байгаа заалтуудыг дурдаж, дээрх заалтуудыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн тогтолцоогоо өөрчлөн шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.
-Монголчууд 1992 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш дордуулсан долоон өөрчлөлт хийснээс өөр зүйлийг хийсэнгүй гэж байна. Та харин ямар бодолтой явдаг вэ?
-Ямар ч хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах нөхцөл бүрдсэн бол өөрчлөлтийг хийж болдог. Үндсэн хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хязгаарын заалт байхгүй. Тэр утгаараа нэмэлт өөрчлөлт хийж болох ч дордуулсан долоо шиг тийм өөрчлөлтийг харин хийж болохгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхний өгүүлбэр “Монгол Улсын ард түмэн бид…” гэж эхэлдэг. Тийм болохоор ард түмнээрээ хэлэлцүүлэн хүлээн зөвшөөрүүлж дараа нь Их хурал хэлэлцэн баталж байсан юм шүү дээ. Түүнийгээ бид дэлхий нийтэд ард түмний нэрийн өмнөөс зарлан тунхагласан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүй тогтлын зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага гараад ирэв үү. Эсхүл хэсэг хүмүүст эс таалагдсан, буруу зөрүү ойлгосон, бүр ойлгоогүй, өөрсдийнх нь тухайн сонирхол эрх ашигт харшлаад байгаа гэх зэргээс болоод өөрчилж байгаа бол өөрчлөлт хийж болохгүй.
-Өөрчлөлтийг тэгээд ямар шугамаар хийх ёстой вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол түүнийхээ үндэслэлийг судалгаан дээр тулгуурлан гаргах хэрэгтэй. Түүнийгээ боловсруулчихаад ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай. Өмнө нь бид Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлсэн дээ. Яг тэр зарчмаар явах хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмнийхээ саналыг авах нь хамгаас чухал. Хэрэв тэгж явбал болохгүй юм гэж хаа байхав.
-Бид Үндсэн хууль гэж маш их ярьдаг ч үнэндээ бид Үндсэн хуулиа ашиглаж чадсан юм уу?
-Тийм ээ. Бид үнэхээр Үндсэн хуулиа ашиглаж чадсан уу гэж асуумаар байна. Мөн бид Үндсэн хуулиа хэр зэрэг гүнзгий ойлгож хэрэглэж байна вэ гэдэг чинь бас нэг асуулт шүү. Үүнийгээ тал талаасаа зайлшгүй бодох л хэрэгтэй байгаа юм. Тэгсний дараа өөрчлөлт оруулах зайлшгүй үндэслэлээ гаргаж ирээд яривал хий хоосон өөрчлөлт хийнэ гэж яриад хийснээс хамаагүй илүү болно. Одоо бол Үндсэн хууль зөрчиж байгаа хоёр л гол субьект байгаа.
-Тэр нь юу гэж?
-Үндсэн хуулийг Их хурал л зөрчдөг юм. Сүүлийн үед Үндсэн хуулийг нам зөрчдөг болчихлоо. УИХ, нам хоёр Үндсэн хууль зөрчихөө байчихвал өөрчлөлт шинэчлэлтийн яриа байхгүй л дээ.
-Энэ яриа юунаас үүдэж байна вэ?
-Хууль бус нэмэлт өөрчлөлтөөс болоод л ийм яриа гарах болсон.
-Хууль бус гэдгээ тодруулахгүй юу?
-1999 онд Монгол Улсын Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэрийг л хэлээд байгаа юм. Тэр долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон шийдвэр гармагц түүгээр л явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1999 оны нэмэлт өөрчлөлт хүчингүй болсон.
-Хүчингүй болсон өөрчлөлтийг өнөөдөр хүчинтэй мэтээр явж байгаа гэсэн үг үү?
-Хүчингүй болсон зүйлийг Их хурал 14 жил хүчиндэж Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүнийг бид зогсоох хэрэгтэй.
-Яаж зогсоох боломж байна вэ?
-Яаж зогсоох вэ гээд толгойгоо гашилгаад байх юмгүй. Үндсэн хуулийг Цэцийн хүчингүй болсон тогтоолыг л биелүүлэх хэрэгтэй. Ингэж хуулиа зайлшгүй мөрддөг зарчмыг хатуу баримтлах шаардлага тулгарч байгаа юм. Үүнийгээ л биелүүлчих. Долоон нэмэлт өөрчлөлт хийсний дараа УИХ, Засгийн газрын эрх үүрэг хоёр зааг их бүдгэрсэн. Зарим талаар бүр байхгүй болчихсон. Мөн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийг намууд түүний бүлэг болон фракциуд авчихсан юм уу даа. Ингэснээр Үндсэн хуулийн биш элементүүд гарч ирээд төрийн тогтолцооны Үндсэн хуулиар заасан үзэл баримтлалыг нурааж нийгмийн хямрал руу аваачих гээд байгаа юм. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ярихаас өмнө Үндсэн хуулиа судлах, Үндсэн хуулийг ёсчлон даган биелүүлэхээс эхэлж өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Одоохондоо үүнээс өөр Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд байх ноцтой шаардлага үүсээгүй байх гэж бодоод байгаа шүү.
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг гээд янз бүрээр тайлбарлаж, түүнээс гарсан маргаан удтал үргэлжилсэн. Үүн дээр ямар бодолтой байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэсэн заалт огт байхгүй. Харин ч давхар хашиж болохгүй гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг чинь 1999 оны долоон өөрчлөлтийн нэг байхгүй юу. Тэр нь хүчингүй болчихсон. Хүчингүй болгочихсон нэмэлтийг хүчинтэйгээр мөрдөөд байгаа хуулийн хүчирхийлэл, хууль биелүүлэхгүй байгаа зарчимгүй хууль бус үйлдлээ Их хурал зогсоох ёстой.
-Манай улс Ерөнхий сайдгүй, салбар яамд нь сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа бол?
-Ингэж болохгүй ээ. Энэ бол маш буруу үйлдэл. Одоо явагдаж буй улс төрийн үйл явц буруу. Бүгд Үндсэн хуулийг зөрчөөд байгаа. Ерөнхий сайд томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа олонх болсон тэр намтай зөвшилцдөг. Олонх болоогүй бол тэр намуудтайгаа зөвшилцөөд Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлэх Үндсэн хуулийн заалттай. Гэтэл одоо түүнийгээ зөрчөөд фракциуд, бүлгээр хэлэлцүүлж байна. Намуудтай зөвшилцөх гээд УИХ-ын дарга урьдчилсан байдлаар санал авч Ерөнхий сайдад нэр нь дэвшиж байгаа хүнээ дагуулаад явж байна шүү дээ. Ийм зүйл Үндсэн хуульд байхгүй.
-Тэгээд ямар байдаг юм?
-Ерөнхий сайд томилохыг Ерөнхийлөгч хийх ёстой. Өмнө нь ч гэсэн тэгж л явж ирсэн. Би П.Жасрай, М.Энхсайхан нарыг Ерөнхий сайд болоход энэ л зарчмаар явсан. Тэр зарчим гээд байгаа нь Үндсэн хуулийн зарчим юм шүү дээ. Түүнээс өнөөдрийнх шиг ийм хачин балай Үндсэн хуулийн биш аргаар явж байгаагүй.
-Монгол Улсын 2015 оны төсвийг өнгөрөгч долоо хоногт баталлаа. Өмнөх жилүүдийг бодоход төсөв нэлээд танагдаж батлагдсан. Ирэх оны төсвийг та хэрхэн өөдрөгөөр харж байгаа вэ?
-2015 оны төсвийн орлого зарлагын зөрүүг харьцангуй бага 420 тэрбум төгрөгийн зөрүүтэй баталлаа. Энэ бол дэвшил. Гэхдээ ирэх оны төсвийг 2015 он гараад маш олон удаа тодотгол хийхээр баталчих шиг боллоо. Хуулинд захирагдан баталсан дүр үзүүллээ. Агуулга, ерөнхий зарчмаар нь төсвийг баталсан болохоос биш нарийн утгаар нь төсвийг хэлэлцэж чадаагүй. Салбар эрхэлсэн сайдгүй төсөв баталсан. Түлш эрчим хүч, уул уурхайн салбар гэхэд сайдгүй байна. Манай эдийн засгийн гол тулгуур салбарууд хариуцах эзэнгүй болчихоод байгаа юм. Сүүлд нь үүнийг Их хурал хариуцахгүй. Яам л өөрөө хариуцна. Яагаад түлш түлээгээ таслав. Яагаад энэ олон байр сургуулийг хөлдөөв. Яагаад гэрэл цахилгаангүй болгов. Яагаад экспортыг тасалдуулав гээд л шахаад эхэлнэ. Гэтэл хариуцлага тооцох эзэн байхгүй. УИХ өөрөө Засгийн газрыг орлож хоёр давхар үүрэг хүлээн төсвөө баталчихлаа.
-Хариуцах эзэнгүй болохоор хариуцлага хэнд тооцогдох нь тодорхойгүй болчихоор яах юм?
-Дахин хэлэхэд хариуцлага хүлээх эзэнгүй болчихсон. Их хурал л лав хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Нэг сайд томилогдоод ирснийхээ дараа “Мэдэхгүй. Намайг ирэхэд ийм төсөв баталчихсан байсан” гээд л сууж байна.
-Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байна. Намрын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байгаа?
-Үүн дээр дараа тухтай уулзаж ярилцлъя.
Э.ЭНХБОЛД