Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2014 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд улаан хас чулуу түүж байгаль сүйтгэсээр байгаа юм. Энэхүү асуудалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийсэн.
Улаан хас чулуу түүж эхэлснээс хойш нэг хүн нас барж хоёр хүн дарагдаж, гэмтсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сараас эргүүл, хамгаалалт гарган ажиллаж байгаа ч хүчрэхгүй байгаа аж. Иймээс өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус үйлдлийг дэмждэг иргэдийг тагнуул, цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай болжээ.
Эргүүл, хамгаалалтын хэсэг өнгөрсөн хугацаанд 400 мотоцикл, 20 гаруй машин хураан саатуулсан боловч энэ нь иргэдийн амьжиргаа, эдийн засгийн байдалд нөлөөлж буй учир буцаан олгосон байна. МХЕГ-аас өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг хилээр гаргахгүй байх шаардлагыг гаалийн байгууллагад хүргүүлжээ.