О.Дашбалбар найрагчийн аавынхаа талаар бичсэн нийтлэлийн нэг хэсэг санаанаас гардаггүй юм. Найрагчийн ээж гараа гаргаж, сэтгэлээ шингээж байж аавд нь хурган дотортой дээл хийж өгч л дээ. Гэтэл аав нь жавар сэнгэнэсэн, шуургатай нэг өдөр төөрсөн хурга өвөртлөөд ороод ирж. Шинэхэн хурган дээлээ авах юмгүй болгочихоор ээж нь яаж дуртай байхав. Гомдсон үг унагаж таарна. О.Дашбалбар агсан аавынхаа хурга өвөртлөөд ороод ирсэн энэ агшныг “Амьд амьтныг хайрлах учиртай гэдгийн асар том үлгэрлэл болсон” гэж дурссан байдаг. Хүүхдэдээ ингэ тэг гэж сургахын оронд биеэрээ үлгэрлэж байж л зөв, сайн хүн болгоно гэдгийг онож хэлсэн сайхан жишээ. Саяхан нэг ийм судалгаа хийжээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээр гэр бүлийг нь зуруулж л дээ. Хачирхалтай нь хүүхдүүдийн зурсан зураг дээр аавтайгаа хамт тоглож, цугтаа байгаа зураг тун ховорхон байж. Зургийн дэвтрийн цаасан дээрх аавуудын олонх нь зурагт үздэг, сонин гарчигладаг “завгүй, ажил хэрэгч” нөхөд байж. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдгийг Европын судлаачид аль хэдийнэ нотолчихсон. Манайд ийм барим тавим судалгаа байдаггүй ч “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алга”, “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэсэн том утга агуулсан зүйр үгс зөндөө. Хүүхдэдээ үлгэрлэх учиртай аавуудын олонх нь сонин гарчиглаж, буйдан дээр тухлан зурагт үзсэн шигээ суугаад байвал ирээдүйн аавууд үрсдээ ямар үлгэр үзүүлэх бол? Бусдыг хайрлах сэтгэлтэй, ажилсаг, зөв, сайхан хүн байхын эхлэл нь аав, ээж учраас тавих л учиртай асуулт.
Ц.БААСАНСҮРЭН