Categories
мэдээ цаг-үе

Хүннүгийн булшнаас олдсон хөлөгт тоглоом

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннүгийн археологийн судалгааны секторын эрхлэгч, доктор Ч.ЕРӨӨЛ-ЭРДЭНЭ

Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлчин малчдын анхны төрт улс байсан билээ. Хүннүгийн Эзэнт гүрэн умардад Байгал нуур, өмнө тийш Шар мөрний хөвөө, баруун тийш Алтайн уулс, зүүн тийш Манжуур хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байв.

Хүннү гүрэн нь тухайн үедээ Азийн хамгийн хүчирхэг ард түмний нэгэн байсан төдийгүй Эртний Хятадын Хан улстай эн зэрэгцэх хэмжээнд харилцаж, торгоны их замын Евразийн нэгэн гол зангилааг хянан өрнө, дорныг холбох гүүр болж байжээ.

Хүннүгийн археологийн дурсгалыг булш бунхан, хот суурингийн турь, хадны зураг гэж ерөнхийд нь ангилан судалдаг. Монгол болон ОХУ-ын нутгаас одоогийн байдлаар Хүннүгийн ихэс язгууртны 12 оршуулгын дурсгалт газар илэрсэний 8 нь Монгол улсын нутагт байна.

Үүний нэгэн томоохон дурсгалт газар нь Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын заагт орших Гол мод хэмээх газар оршино. Анх 1956 онд Монголын археологич Ц.Доржсүрэн энэхүү дурсгалт газрыг нээж 2 жилийн туршид малтлага судалгаа явуулжээ. Тэрээр язгууртны булшинд дагалдах 26 жижиг булш малтан судалсаны зэрэгцээ нэгэн том булшийг малтаж эхэлсэн ч хөрсний нуралтын улмаас дуусгаж чадаагүй байдаг.Үүнээс 43 жилийн дараа буюу 2000 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн Францын судлаачидтай хамтран түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж эхний ээлжинд 1957 онд Ц.Доржсүрэнгийн малтаж эхлээд дуусгаж чадаагүй 1-р булшийг 2000-2001 онд малтан судалсан юм.

Малтлага судалгаа 17 метрийн гүнд хүрэхэд оршуулга илрэв. Булшнаас олон тооны сонирхолтой, шинэ хэрэглэгдэхүүн илрүүлэн олсоны зэрэгцээ Хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалтын талаарх шинэ мэдээллийг бүрдүүлж чадсан билээ. Эдгээр нь хүннү нарын оюуны болон эдийн соёлын талаархи судалгаанд чухал баримт болж байна.

Бид энэ удаад уншигчдад Гол модны оршуулгын дурсгалт газрын 1-р булшнаас олдсон хүннү нарын оюуны соёлын гайхамшигт дурсгал болох нэгэн хөлөгт тоглоом болон түүнд холбогдох судалгааны талаар танилцуулж байна. Уг булшны 15 м2 хэмжээтэй оршуулгын бунхнаас илэрсэн зарим олдворыг Францын музейнүүдийн судалгаа, сэргээн засварлалтын төвд Монгол-Францын судлаачид шинжилж, сэргээн засварласан юм.

Модон авсны зүүн хойд талд байсан хэсэг олдворын хамгийн доод талаас хөлөгт тоглоомын модон тавцан, 3 ширхэг дугираг чулуун тэмдэг (хaсаа) гарсан юм. Тоглоомын тавцангийн гадаргуу хөрсний чийгний нөлөөгөөр ялзарч хэврэгшсэн хэдий ч ерөнхий хэлбэр, бүтцийг тодруулж болохоор байв (Зураг 1).

Тоглоомын хөлөг. Энэхүү хөлөг нь хийцийн хувьд модыг нимгэлж засаад гадаргуу дээр нь тэгш өнцөгт хэлбэрийн нүд гарган урлажээ.

Хөлөгний одоо байгаа байдал нь нийт 8 жижиг хэсгээс бүрдэх бөгөөд эдгээрийг эвлүүлэн тавихад үндсэн 3 хэсэг болно (Зураг 2). Эвлүүлсний дараа хэмжихэд урт 52.7 см, өргөн 20.5 см, зузаан 0.7-1.2 см байна. Урт талын доод хэсэг нь тэгш өнцөгтэй байгаа нь нэг талын ирмэг болохыг харуулна. Харин дээд болон хоёр хажуу тал нь эмтэрснээс жинхэнэ хэмжээг тодорхойлох боломжгүй болжээ. Одоо байгаа хэсгүүдээс харахад босоо 12, хөндлөн 4 нүд мэдэгдэнэ. Нүд бүр 4.5х6.8 см буюу ижил хэмжээтэй. Хөлгийн нүднүүдийг нэг шугаманд, хийц сайтай гаргасан байна. Энэхүү хөлөг нь хийцийн хувьд дунд нь нэг нүд үлдээж түүний хоёр талын нүдэнд “Х” хэлбэрийн хэрээс гаргаад тэдгээрийн хажуу талд мөн 2 нүд сул үлдээгээд дараагийн нүдэнд мөн “Х” хэлбэрийн хэрээс гаргажээ. Өөрөөр хэлбэл хөлөг дээр нийт 4 ширхэг “Х” хэлбэрийн хэрээс мэдэгдэж байна. Хэрээсийн урт 7.8см, ховилын өргөн 0.2 см.

Тоглоомын дугираг чулуун тэмдэг (хaсаа). Хөлөгтэй хамт олдсон 3 ширхэг хасааг хар саарал өнгийн чулуугаар хийжээ. Эдгээр нь ижил хэмжээтэй бөгөөд голч нь 2,95 см, зузаан нь 0,45 см. Дээрээ ямар нэгэн дүрсгүй, цулгуй болно (Зураг 3).

Хөлгийн хийц, бүтцийг харахад шианчи (xiбng qн) хэмээх хятадын шатрын хөлөгтэй төстэй ч хөлөг дээрх буудлын хооронд гаргасан хэрээс нь бага зэрэг ялгаатай байна.

Монголчуудын дунд өнөөг хүртэл тоглогдож буй монгол буга, жиргээ буга, тангад буга, өлзий, есөн морь, шатран буга, наян нэгтийн буга зэрэг олон төрлийн хөлөгт тоглоом бий. Гэвч хөлөгт тоглоомын түүх, гарлын талаарх мэдээ баримт хийгээд нарийвчлан судалсан зүйл хомс байна.

Түүхч, доктор А.Пунсаг “Монгол шатар ба монгол соёл” хэмээх бүтээлдээ судлаачид шатрыг 1. Энэтхэг, 2. Хятадаас үүссэн хэмээн үздэгийг дурдаад түүх судрын мэдээ баримт, ардын аман зохиол, үлгэр туульс зэргээс шүүн үзэж монгол шатар нь эртний Энэтхэгээс үүсч, перс ба арабаар дамжин Монголд уламжлагдан үндэстний онцлогоор өөрчлөгдөж хувирсан явцыг IX-XVI зууны үес гэж үзжээ.

Хөлөгт тоглоомын нэгэн төрөл болох шатар нь үгийн гарлын хувьд “chaturanga” буюу дөрвөн тал хэмээх санскрит үгнээс гаралтай нэр билээ.

Хөлөгт тоглоом анх Энэтхэгт үүссэн гэдэгтэй судлаачид үндсэндээ санал нэгддэг байна. Гэвч археологийн судалгаагаар шатрын зарим хэсгүүд олдсоноос бус түүний хөлөг биетээр олдсон нь ховор юм. Бичгийн сурвалжийн мэдээг нягталсан зарим судлаачид тухайлбал, Д.Форбес “Шатрын түүх” (1860) хэмээх бүтээлдээ шатар анх Энэтхэгт 5000 жилийн тэртээ үүссэн гэж үзсэн байна. Мөн А.Ван дер Линде, Т. Вон дер Ласа, Х.Ж. Мураи зэрэг судлаачид шатрын түүхийг судалж байжээ. Эдгээрээс Х.Ж. Мураи өөрийн 14 жилийн судалгааны үр дүнд “Шатрын түүх” бүтээлээ 1913 онд хэвлүүлсэн байдаг. Түүний энэ бүтээл хожим нь 1952 онд “Хөлөгт тоглоомын түүх” болон 1963 онд “Шатрын товч түүх” нэртэйгээр хэвлэгджээ. Тэрээр…шатрын талаар МЭ-ээс 7 зуун жилийн өмнөх бичгийн сурвалжийн бүдэг мэдээ байна. Харин үүнээс өмнөх үед холбогдох мэдээ үгүй байна гэжээ. Зарим судлаачид шатар анх Хятадад үүссэн гэж үзэх нь бий. Шатар хэрхэн үүсэн тухай домог нилээд байх боловч энэхүү хөлөгт тоглоом анх хэзээ, хаанаас үүссэн тухай асуудал нь шатрыг тоглохтой адил ихээхэн төвөгтэй асуудал бололтой.

Олонхи судлаачдын үзэж буйгаар шатар Энэтхэгээс Перс, Арабад дэлгэрсэн байна. Улмаар IX-X зууны үед Арабаас Европод дэлгэрчээ.

Бид өгүүллийн сэдэвт холбогдуулан зарим улс түмнүүдийн хөлөгт тоглоомын талаар сурвалжлан үзсэнээ дор товч өгүүлье.

Энэтхэг (chaturanga): МЭӨ 3000 жилийн үест Эртний Санскритын “Пуранас” сударт тэмдэглэгдсэн 4 хүн тоглох хөлөгт тоглоомын хувилбар болох “chaturanga”-ийн тухай өгүүлсэн байдаг ажээ. Х.Ж. Мураи энэхүү 4 хүн тоглодог хувилбараас хожим 2 хүн тоглодог хувилбар үүссэн гээд үүнийг МЭ 620 оны үеийн түүхэн сурвалжид тэмдэглэгдсэнээр тайлбарлажээ. Үүнээс гадна шатрын үүсэлтэй холбоотой зарим нэг домог бий. Тухайлбал, Энэтхэгийн нэгэн хаан өөрийн шадар туслахууддаа гаргалгааг нь амархан олохооргүй, гүн бодол болж байж олох сонирхолтой тоглоом бодож олохыг тушаажээ. Тиймээс туслахууд нь дайн тулааны хэлбэрийг дууриалгасан нэгэн тоглоом сэдэж олсон нь шатар юм. Мөн тэр үеийн Энэтхэгийн цэрэг нь заант цэрэг, морьт цэрэг, тэрэгт цэрэг, явган цэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй байсан тул дөрвөн төрлийн цэрэгт арми гэсэн санаатай мөн холбон үзэх нь бий.

Перс (chatrang): Персийн эзэнт улсын буюу тодруулбал одоогийн Ираны нутагт дөрвөн зууны турш засаглаж байсан Сассанид улсын үед холбогдоно. “Shahnama” буюу “Хаадын судар”-ын нэгэн бүлэгт Хинд (Энэтхэг)-ийн хаан Ража Нуширванд элчээр дамжуулан тоглоом илгээсэн тухай тэмдэглэжээ. Мөн энэ сударт шатар хэрхэн дэлгэрсэн тухай хатны хоёр хүүгийн хооронд дэгдсэн иргэний дайнтай холбон бичсэн байдаг.

Араб (Shatranj): МЭ 632 онд Пропет Mухамедийг нас барснаас хойшхи Арабын эзлэн түрэмгийлэлийн үе буюу 656 оныг хүртлэх Персийн эзэнт улсад эзлэгдсэн үед холбогдоно. Исламийн эртний соёлын түүхэн сурвалжид анх удаа эртний шатарчдын нэрс болон шатар хэрхэн тархсан тухай тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, шатарчин Сули 902-908 үед Багдадын Аббасид Каиф ал-Муктафийн хүчтэй тоглогч байсан хэмээн тэмдэглэжээ.Түүний шавь ал-Лажлаж ч мөн хүчтэй тоглогч байсан тухай өгүүлсэн байдаг.

Дээрх бичгийн сурвалжуудаас гадна шатар хэрхэн үүссэн тухай зарим домог бий. “Хаадын судар”-т бичсэнээр Нуширван хааны түшмэл Бозоргмехр нэгэн нууцлаг тоглоом (хэрхэн сайн тоглох, тоглоомын бүрдэл тус бүрийн нэр, хэрхэн хөдлөх (нүүх) зам, явган цэрэг (хүү), заан, морь болон хаан хэрхэн нүүх зэргийг) сэджээ. Өөр нэгэн домогт шатрыг зохиосон хүн хөлөгний 64 нүд бүрийг 2 дахин үржүүлж тариа олгох тухай хүссэн талаар өгүүлсэн байдаг.

Хятад. Хятадын хөлөгт тоглоомоос хамгийн эртнийх нь Лиубо (liщ bу) юм. Лиубо-гийн талаарх мэдээ Эртний Хятадын түүхч Сыма Цяны “Ши жи” түүхэн сурвалжийн У Юү хааны тухай мэдээнд тэмдэглэгдсэн байдаг. У Юү хаан түүний эрх мэдэл бурхнаас давсан болохыг батлаж буйгаар зөгнөж Лиубог тоглодог байжээ. БНХАУ-ын Хунань мужийн Чаншань хотын ойролцоо орших Мавандуй хэмээх газрын 3-р булшнаас лиубо тоглоомын хөлөг олдсоныг Түрүү Хан улсын үе буюу МЭӨ 72 онд холбоглуудан үзсэн байдаг.

Лиубо хэмээх эртний тоглоомоос шианчи (xiбng qн) үүсчээ. Хятадын түүхэн сурвалжид тэмдэглэснээр “xiбng qн” буюу хятад шатар Умард Жоу улсын У Ю хааны үед үүсч 569 оны үед тодорхой нэртэй болжээ. Хөлөг дээрх биетүүд нь нар, сар, гариг эрхэс, одод зэрэг болно. Хөлөгт тоглоомын талаархи мэдээ сэлт Хятадын Хан болон түрүү Хан улсын буюу МЭӨ IV-III зууны үед бас бий.

Шианчи хэмээх нэр нь xiбng – заан, qн – тоглоом гэсэн хоёр үгийн нийлэмж юм. Шианчи тоглоомын хөлөг нь хөндлөн 10, босоо 9 шугамтай байдаг. Босоо шугам нь төвдөө гол (river) буюу босоо шугамаар зааглагдана. Энэ нь хөлгийн хоёр эсрэг тал болно. Тал бүр нь 4 булантай хэрээс хэлбэрийн зураасаар ялгагдана. Хятадын шатар дотроо олон янз бөгөөд энгийн гэж болохоор нэгэн хэлбэр нь нэг тал нь Хан улс, нөгөө тал нь Цин улс болж тоглодог. Хааны ард 2 хамгаалагч, шатрын хүүний оронд цэргүүд, тэдгээрийн ард морь, заан зэрэг байна. Өрсөлдөгч талуудын нүүсээр алсан (идсэн) нь ялагч болдог. Одоогийн шианчи нь илүү нэмэлт дүрс (биеттэй) болсон байна. Эдгээрээс гадна мягман (migman) хэмээх нэгэн зүйлийн хөлөгт тоглоом бий. Энэ нь хөндлөн гулд 19 зураас ба 361 буудал бүхий тусгай хөлөг дээр хар, цагаан өнгийн 306 хүүгээр хоёр хүн наадах нэгэн зүйлийн шатар юм.

Дээр өгүүлсэнчлэн Хүннүгийн булшнаас олдсон хөлөгт тоглоомтой шууд адилтгах хэрэглэгдэхүүн хараахан үгүй байна. Ямар боловч хийцийн хувьд “шианчи” хэмээх хятад шатартай ойролцоо юм.

Энэхүү хөлөгт тоглоом олдсон Гол модны 1-р булшны он цагийг лабораторийн судалгаагаар МЭ 20-50 он хэмээн тогтоосон тул Хүннү нар МЭ I зууны үест хөлөгт тоглоом хэрэглэж байсан хэмээн үзэх боломжтой болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *