Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн болон Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх хүсэлт гаргажээ. Энэхүү саналыг нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ч бодлогоор дэмжиж байгаа бололтой. Тиймээс Монголын нэхмэлийн анхдагч үйлдвэр болох “Монгол нэхмэл” ХК-ийг зорилоо.
Тус үйлдвэр 1934 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ууган үйлдвэр юм. “Монгол нэхмэл” компани үйлдвэрээ өргөжүүлэхээр шинэ нэхмэлийн машин зэрэг техник суурилуулахаар бэлдээд тавьчихаж. Энэ сарын 15-наас үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэх гэнэ. Одоогийн байдлаар үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн нийтдээ 10 гаруй машинтай ажиллаж байв. Өдөрт дунджаар 800 метр ноосон даавуу үйлдвэрлэж байгаа бөгөөд өнгөний хувьд өргөн сонголттой талаар ерөнхий технологич Д.Дуламсүрэн ярив. Үйлдвэрийн ажилчид зарим нь нэхмэлийн машины эд ангийг шалгах ажил хийх бол нөгөө хэсэг нь нэхмэл, сүлжмэлийн машин дээр даавуу урлаж энд тэнд нь өө сэв гаргахгүйгээр нарийн жигд явах үүргийг хянаж харагдана. Харин зарим нь утас ээрэх хэсэгт ажиллаж байв. Машин тус бүр дээр бор, бор шаргал, улаан зэрэг өөр өөр өнгийн даавуу нэхэж харагдав. Харин хамгийн захын машинд хүүхэд байхад айл болгонд харагддаг байсан улаан, цэнхэр, ногоон одела буюу ноосон бүтээлгийг одоо ч нэхэж байгааг нэхмэлчин харуулав. Үйлдвэр ерөнхийдөө нэхэх, сүлжих, гүйцээн боловсруулах хэсгээс бүтэх аж. Хонины ноосноос гадна сарлагийн хөөвөр, ямааны ноолуур, тэмээний ноосоор нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.
Харин удахгүй төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээр зэхэж байгаа тухай компанийн удирдлагууд хэлж байлаа. “Монгол нэхмэл” компанийн захирал Р.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа. Түүний ажлын өрөө монгол ахуйг илтгэсэн дизайнтайгаас гадна өрөөнийхөө ханыг өөрсдийн үйлдвэрлэдэг ноосон даавуугаар чимэглэсэн нь их л өвөрмөц харагдах аж.
-Танай үйлдвэр төрийн алба хаагчдын хувцсыг ноосон даавуугаар үйлдвэрлэнэ гэж сонслоо?
-Монголд нэхмэлийн чиглэлээр дөрвөн ч компани үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн манайх гэлтгүй эдгээр компаниудын зүгээс ч мөн энэ саналыг гаргаж байгаа юм. Ийм учиртай юм л даа. Монголын ноос ноолуурын холбоо гэж байдаг. Тус холбооны зүгээс аливаа асуудалд хандахдаа зөвхөн ноолуураа ярихаас тэмээний хөөвөр, хонины ноосоор дотооддоо ийм үйлдвэрлэл явуулъя гэж ярьдаггүй байсан. Тиймээс “Улаанбаатар хивс”, “Эрдэнэт хивс”, “Сор”, манайх зэрэг хонины ноосоор бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдээс гадна эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ер нь өөрсдөө тулгамдсан асуудлаа шийдээд, хүчээ нэгтгэн зах зээлийн эрэлтийг хангах зорилт тавьж Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулсан. Олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг хийх санаа юм.
-Тэгэхээр бусад нэхмэлийн үйлдвэрүүдтэй хамтарна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Манайд хэдий нарийн нэхмэлийн технологи нэвтэрсэн ч эрэлт ихэсээд ирвэл хүчин чадлын хувьд бусад үйлдвэрүүдтэйгээ хамтрахаас аргагүй. Нөөц боломж бол манайд байна. Бид эхний ээлжинд онцгой байдал, цэрэг, цагдаа, гаалийн ажилтнуудын хувцсыг хийх хүсэлтэй байна. Хэрвээ төрийн байгууллагууд захиалга өгөх юм бол өнөөдрөөс хийгээд эхэлсэн ч болохоор байна. Бид сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэж эхлэхэд хүмүүс ихэвчлэн сөрөг талаас нь хүлээж авч байсан. Мэдээж эхний ээлжинд дотоодын үйлдвэрүүд хэрэгцээг хугацаанд нь хангаж амжихгүй байсан учраас Солонгост даавуугаа үйлдвэрлэсэн. Харин “Монгол ноос” үйлдвэр сурагчдын дүрэмт хувцасны даавууны ноосны хувийг бүр 40 болгож үйлдвэрлэж болохыг харуулсан. Тэгэхээр дотоодын үйлдвэрүүдэд боломж бүрэн бий. Бидний санаачилгаар малчид үндэсний үйлдвэрлэгч нарт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал авдаг болсон. Түүнчлэн Засгийн газраас урагш нь ноос гаргахыг хориглоод ирэхээр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манайх шиг үйлдвэрүүдэд түүхий эд хангалттай нийлүүлэгдэх болсон. Учир нь жилд улсын хэмжээнд 20 мянган тонн ноос авдаг. Үүний 7-8 мянган тонныг нь хивсний үйлдвэрүүд, 5-6 мянган тонныг эсгийний үйлдвэрүүд авдаг байсан. Үлдсэн хувийг урагш нь гаргадаг байсан. Тиймээс урагш гарч байгаа ноосыг нэмхэлийн үйлдвэрүүд хялгасыг нь ангилаад бүтээгдэхүүн хийе гэж шийдсэн. Ингээд шат дараалсан олон ажил хийж байгаа нь энэ.
-Төрийн алба хаагчдын хувцсыг ноосон даавуугаар хийх хэр зохимжтой юм бол?
-Мэдээж төрийн алба хаагчдын хувцсыг хийхийн тулд мэргэжлийнхээ онцлогоос хамаараад даавуунд агуулагдах ноос, ноолуурын хувь харилцан адилгүй байна. Онцгой байдлын алба хаагчдын хувцас галд тэсвэртэй байна гэдэг утгаараа ноосны хольц нь арай байдаг ч юм уу, цагдаа, цэргийн хүчнийх арай ноосны хувь их байна гээд зэрэглэл тогтоосон ч болно шүү дээ гэв.
Манайхан Австрали хонины ноосны чанарыг ихэд шагшраад байдаг. Гэтэл Монгол хонины ноос шинж чанарын хувьд Австрали, Шинэ Зеландын хонины ноосыг дагуулахгүй болохыг мэргэжилтнүүд хэлж байсан. Учир нь монгол хонины ноос нарийн ширхэгтэйгээс гадна голдоо нүхтэй байдаг нь вакуум орчинг бий болгож илүү уян хатан шинж чанартай болдог аж. Нэг үгээр хэлбэл ноолуураас ялгарахааргүй зөөлөн гэсэн үг. Тус үйлдвэрийн ноосон даавуу метр нь 45000 төгрөгийн үнэтэй. Барааны зах дээр зарж буй даавуутай харьцуулахад үнэтэй сонсогдох боловч 100 хувь ноосон гэдэг утгаараа боломжийн үнэ гэдгийг Р.Энхболд захирал онцолсон.
“Монгол нэхмэл” компани ноосон даавуунаас гадна өмд, цамц зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх болжээ. Сүүлийн үед хэрэглэгчид ноос ноолууран бүтээгдэхүүний нимгэн загварыг илүүд сонирхох болж. Ялангуяа хонины ноосоор хийсэн малгайтай цамц, эсгийгээр хээ дарж чимэглэсэн ноосон цамцыг эрэгтэй хүмүүс их худалдан авдаг байна. Ер нь ноосон бүтээгдэхүүнээр тухайн жилийн загварын чиг хандлагад тохируулаад ямар ч өнгө загвартай хувцас хийж болох гэнэ.
Д.ДАВААСҮРЭН
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ