ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн тогтоол гарчээ.
Б.Билэгт нь 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр гаргасан Засгийн газрын 258, 269-р тогтоолуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд гаргаад байсан юм.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хянан шалгаж арваннэгдүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг хийжээ. Шүүх хуралдаанаар Засгийн газрын дээрх тогтоолын заалтууд нь Хөдөлмөрийн болон төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Билэгтийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 3 сая 817 мянган төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Б.Билэгтэд өгөхөөр шийдвэр гарчээ.
Мөн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа гэнэ.