Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн “Краби ФС” багтай гэрээ хийсэн А.Мөрөн Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон билээ.
Тэгвэл А.Мөрөнгийн менежер Япон улсын иргэн Такаши Моримото дараагийн гурван хөлбөмбөгчинг Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн багуудад шалгуулахаар болсон байна.Үүнтэй холбоотой Монгол Улсын шигшээ багийн гишүүн “Эрчим” багийн тоглогчид болох М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ, “Хоромхон” клубын тамирчин Х.Цэнд-Аюуш нар энэ сарын 16-нд Тайланд улсыг зорихоор болжээ.
Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт элсэх шалгаруулалт жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлээс нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг бөгөөд 3000 орчим тоглогчидтой аж. Тайландын багууд Африк, Латин Америкаас гадна Ази тамирчид элсүүлэх сонирхол ихтэй байдаг гэнэ.
Дээрх гурван хөлбөмбөгчний санхүүжилтийн асуудлыг Такаши Моримото хувиасаа шийдсэн байна. Тэрээр Монголын хэд хэдэн компаниудаас санхүүжилт хүссэн боловч татгалзсан хариу өгчээ.