Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубийн гишүүн дугуйчин Ч.Мөнгөндалай Монгол орныг тойрон аялах аяллаа өнгөрсөн зургадугаар сарын 7-нд эхлүүлсэн билээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ спортод уриалан 5500 км замыг дугуйгаар туулахаар зориглосон нэгэн. Түүнийг Хөтөлөөс Дархан руу явах замд нь ОРХ 82-48 улсын дугаартай автомашин мөргөжээ. Монголын залуучуудын холбооноос энэ талаар тодруулахад “Осол өнгөрсөн ням гаригт Сэлэнгэ аймгийн Номгон суманд болсон. Азаар Ч.Мөнгөндалай гэмтээгүй. Харин дугуйных нь ачааны хэсэг нэлээд эвдэрсэн. Үүнээс болж аялал гурав хоног саатаад өнөөдөр (өчигдөр) үргэлжлүүлсэн. Осол гаргасан жолооч нь халамцуу байсан гэсэн. Цагдаагийн байгууллагаас тэр жолоочид хариуцлага тооцсон байна лээ. Ч.Мөнгөндалай өөрөө гомдолгүй гэсэн” гэлээ. Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймаг ороод хоёр долоо хоногийн дараа нийслэлд ирэх гэнэ. ОРХ 82-48 улсын дугаартай автомашины жолооч Ч Сэлэнгэ аймгийн Номгон сумынх бөгөөд ойр зуур явахаар гэрээсээ гараад дээрх ослыг гаргасан аж.
Ц.ӨРНӨХ