Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуулийн заалтыг зөв, буруу хэрэглэсэн гэдэг нь Үндсэн хуулийн маргаан биш

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй талаар сүүлийн үед хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр бичигдэх болов. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын зөвлөх, хуульч, эдийн засагч З.Нарантуяа дараахь тайлбарыг өглөө.

Ерөнхий сайдыг огц­руул­сан УИХ-ын 68 дугаар тогтоол Үндсэн хууль зөрч­сөн эсэх талаар хуульчийн хувьд тодруулга өгнө үү?

-Энэ тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн үндэслэл харагдахгүй байна. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлээр Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болохыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор түүний бүрэн эрх эхэлж, дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон.

Харин Үндсэн хуульд заасан энэ хугацаанаас өмнө Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотой харилцааг Үндсэн хуулиар биш Засгийн газрын тухай хуулиар зохицуулдаг. Иймд Засгийн газрын тухай хуулийн заалтыг зөв, буруу хэрэглэсэн тухай маргаан нь Үндсэн хуулийн маргаан биш.

Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг баримталж уг тогтоолыг гаргасан нь процессын алдаа мөн үү?

-Засгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацааг Засгийн газрын тухай хуулийн зургадугаар зүйлээр зохицуулсан бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдлыг 21 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь заалтаар тэдгээрийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох огцорсон, чөлөөлөгдсөн, нас барсан гурван тохиолдлыг хуульчилсан.

УИХ-ын 68 дугаар тогтоолоор Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь биш Ерөнхий сайдыг огцруулсан учраас энэ хуулийн 6 дугаар зүйлийг биш, 21 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь зөв. Ингэхдээ 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэснийг шууд буруутгах аргагүй юм.

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *