АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордноо хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралд оролцогч гишүүдийн нэрсийг тулгаж танхимд оруулсан байна. Үүнээс гадна олон нийтийн сүлжээгээр мэдээлэл дамжаад байна гэсэн шалтгаанаар хуралдааны танхимын ойр орчимд нь сүлжээ унагагч байршуулжээ. Хурлаар АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний талаар ярилцаж байгаа юм байна.
Хаалттай хуралдаж буй Ардчилсан намын ҮЗХ-аар “Өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал” гэсэн асуудлаар хэлэлцэнэ мэдээлэл бий. Тус асуудалд АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ, мөн бүрэн эрх нь дуусаад хоёр жил болж буй Н.Алтанхуягийн бүрэн эрхийн асуудал зэрэг багтсан аж. Гэхдээ намын даргын асуудал энэ удаад их хурал хүртэл хойшиллоо. Хурлын хэлэлцэх хоёр дахь асуудал АН-ын Их хурлын тов гаргах юм байна. Их хурлыг ирэх сард зарлахаар товлож байгаа бололтой.