Төрийн ордонд өчигдөр хаалттай хуралдсан АН-ын ҮЗХ-ны 43-р хурал өнөөдөр 14.00 цагаас үргэлжилнэ. Хурлаас Тооллогын комиссын долоон гишүүн болон хурлын тэргүүлэгчдийг сонгоод байгаа юм. ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн ч гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчилсөн билээ. АН-ын ҮЗХ-ны өчигдрийн хуралдаан хэлэлцэх асуудал руугаа ч орж чадалгүй, шөнө дөл болтол маргалдсан гэнэ. Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлын тэргүүлэгчээр сонгогдсон байна. ҮЗХ-ны гишүүд өчигдөр Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулах, намын даргаа сонгох гээд олны анхаарал татаж байсан сэдвүүдийн аль алийг нь хэлэлцэж чадаагүй байна.