Categories
мэдээ нийгэм

Автозамын хальтиргаа, гулгаа арилгах бодисын нөөцийг хангалттай бүрдүүлжээ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед ажиллах бодис цацах Камаз долоон ширхэг, Бонго таван ширхэг, Зил 130 гурван ширхэг, цас мөс хусах, түрэх Ковш хоёр ширхэг, Автогрейдер нэг ширхэг, Универсиал трактор хоёр ширхэг, bobcat хоёр ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болоод байна. Эдгээр бригад нь төвийн гудамж талбайгаас гадна их хэмжээний хунгар тогтож, хөдөлгөөнд саад учруулдаг хотын гаднах автозамууд болох Айц, Морин, Баруун турууны даваа, 22, Баянзүрх, Яармагийн товчоо, Найрамдал зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх болон Санзай хүртэлх зуслангийн замуудыг хариуцан ажиллана. Одоогийн байдлаар тус нэгтгэл 400 м3 элс, 560,3 тонн бодисын нөөцтэй байгаагаас гадна явган замын цас үлээх 11 ширхэг шинэ тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгээд байна.
Мөн Баруун, Зүүн салбарууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ногоон байгууламжийн цэцэрлэгч, шугам сүлжээний засварчин, шуурхай засварын бригадын 70 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Өндөр ширээт, Ар хустай сумын нутгаас дэрс түүж, шүүр хийх ажлыг зохион байгууллаа. Түүсэн дэрсээ хуучин шүүрний ишинд бэхлэн, нийт 6000 гаруй дэрсэн шүүр үйлдвэрлэж, 2015 оны 06 сар хүртэл ашиглахаар нөөцөлсөн байна. Дэрсэн шүүрний ашиглах хугацаа нь хотын төвийн зам талбайг цэвэрлэхэд долоо, гэр хорооллын зам цэвэрлэхэд гурав хоног байдаг. Дээрхи ажил хийгдсэнээр төсөв хөрөнгө хэмнээд зогсохгүй чанар сайтай дэрсэн шүүрээр байгууллагын хэрэгцээг бүрэн хангаж, цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон үргэлжлүүлэхээр Булган аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулахаар хэлэлцэж байна гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *