Өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг өчигдөр УИХ огцруулсан. Уг чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцсоноос сөрөг хүчин МАН-ын 26 гишүүн дээр нэмэгдээд “Шударга ёс” бүлгийн хоёр, АН-ын найман гишүүн огцруулах саналыг дэмжиж 30:36 харьцаагаар Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн. Энэ хуралдаанд АН-ын найм, “Шударга ёс” бүлгийн хоёр, бие даагч нэг гишүүн оролцоогүй юм. Өөрөөр хэлбэл, тэд оролцоогүйгээрээ Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дэмжсэн гэж болно. Сөрөг хүчин болсон МАН-ын гишүүдийн хувьд ойлгомжтой, харин энэ Засгийн газрыг байгуулж явсан АН болон “Шударга ёс” бүлгийн гишүүдийн хувьд нэг ёсондоо урвалт гэж харагдаж байгаа юм. Тэгвэл тэд хэн бэ. Огцруулахыг дэмжиж санал өгсөн гишүүд
1. Р.Амаржаргал. Энэ хүн АН-ын дарга, Ерөнхий сайд гээд намаас авч болох бүхий л өрмийг хүртэж явсан хүн. Өнгөрсөн сонгуулийн дараа хуваарилалт хийхэд УИХ-ын дарга болно гэж зүтгэсэн бөгөөд харамсалтай нь өмнүүр нь З.Энхболд орчихсон. Энэ үеэс эхлэн намынхандаа бүгдэд нь өширхөж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүний суудлаа ч өгнө гэж айлгаж ирсэн юм. Уг нь түүнд сайдаас эхлээд олон албан тушаалыг санал болгосон ч Ерөнхий сайд байсан хүн доошоо орохгүй гээд зөвшөөрөөгүй дуулддаг билээ. Энэ УИХ-д Сүхбаатар дүүргээс сонгогдсон бөгөөд МҮДН фракцийн гишүүн.
2. Х.Баттулга. Анх энэ хүн УИХ-д орж ирэхдээ Б.Эрдэнэбатын буюу Эрэлийн намаас орж ирсэн байдаг. Гэхдээ явцын дунд Б.Эрдэнэбатыгаа хаяад АН-д элссэн. Нэг хэсэг Сингапураас Монголдоо ирж чадахгүй болж, хууль цагдаагийнханд баригдах хүртлээ асуудалд орж байхад нь АН ивээлдээ авч хамгаалж үлдсэн гэдэг. Сүүлд орж ирсэн хэдий ч энэ намдаа ихээхэн нөлөөтэй байж, өмнөх хамтарсан болон энэ Засгийн газарт аль алинд нь сайд хийж үзсэн. Давхар дээл тайлах нэрийдлээр сайдын албаа өгч, ажиллаж байсан кабинетынхаа эсрэг ил тэмцэл хийх болсон нэгэн. Баянхонгор аймгаас сонгогдсон. АН-даа нөлөө бүхий МоАХ фракцийг тэргүүлж буй.
3. М.Зоригт. УИХ-д сонгогдохдоо ИЗНН-ын баталгаатай нэг суудал гэгддэг Дорнодоос анх 2004 онд сонгогдож байв. Өөрөөр хэлбэл, С.Оюун түүнд нэг суудлаа өгч өөрөө хотод өрсөлдөхөд гишүүн болсон азтай эр. Гэвч дараагийн дөрвөн жилд нь дорнодынхон түүнд итгэл хүлээлгэж чадаагүй учраас төр түших мөрөөдөл нь тасалдсан. Харин 2012 оны сонгуульд АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших эрх авснаар УИХ-ын гишүүн болоод байгаа билээ. Тэрбээр анхны нам нь ИЗН хэдий ч АН-д орсноосоо хойш оюутны холбооныхоо шугамаар МоАХ-ны хүн байлаа гэж дурсан ярих дуртай болсон. Сүхбаатар аймгаас сонгогдсон. Мөн л МоАХ-ны гишүүн бөгөөд фракцийнхаа дэд дарга нэгэн.
4. Ж.Батзандан. Анх гудамжинд иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан хийж олонд танигдсан. Улмаар Иргэний хөдөлгөөний намаа байгуулсан ч удалгүй намаа сольж АН-д орж ирсэн. Түүний орж ирсэн, хамгаалалтад орсон шалтгааныг нь ард түмэн андахгүй сайн мэддэг. Энэ нь долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдож, ял сонсохоосоо айгаад АН-ын нөмөрт орсон явдал. Гэвч хамгаалалт болж орж ирсэн урцаа шатаах эхний алхмыг тавьж, МАН-ынхантай нийлж гарын үсгээ зурсан. Баянзүрх дүүргээс сонгогдсон.
5. Р.Бурмаа. Анх Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байх үеэсээ АН-ын чигт дуугардаг байсан болохоос биш тус намд сүүлд орж ирсэн нэгэн. Сонгогчдын боловсрол төв хэмээх ТББ-ыг ахалж ирсэн тэрбээр 2008 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байсан ч цэнхэр гэгдэх дүүргийнхэн түүнд итгэл хүлээлгээгүй. Харин 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийг дэмждэг Ерөнхийлөгчийн дэмжлэгээр АН-ын гишүүдийн жагсаалтад долдугаарт бичигдсэнээр автоматаар УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл жагсаалтаар гишүүн болсон МоАХ фракцийн гишүүн юм.
6. Л.Эрдэнэчимэг. 2008 оны сонгуульд эмэгтэйчүүдийг 30 хувийн квотоор оруулна гэсэн дуулианы үед нам дагаж хошуурсан баахан хүүхнүүдийн нэг. Хэдийгээр энэ заалт 2007 оны арванхоёрдугаар сард унасан ч 2008 оны сонгуульд Л.Эрдэнэчимэг Сүхбаатар аймгаас үзээд бараагүй. Улмаар 2012 оны сонгуульд АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийнхөө сонгогдож байсан Сонгинохайрхан дүүргээс түүнийг дэвшүүлэх болсноор их хурлын гишүүн болох мөрөөдлөө биелүүлсэн. Тэрбээр өчигдөр санал хураалтаас хэдхэн цагийн өмнө “Ньюс агентлаг”-т өгсөн ярилцлагадаа “МАН-тай нийлж, засаг унагах тоглолт хийхгүй” гэсэн байсан билээ. Гэвч түүний ам, гар хоёр нь зөрдөг нэгэн болохоо өдрийн хугаст ч хүрэхгүй батлав. Тойргоос гишүүн болсон МоАХ фракцийн төлөөлөл.
7. Д.Батцогт. Намаасаа орж гарч явдаг тогтворгүй нэгэн. АН-ын гишүүн байснаа М.Энхсайханыг дагаж Үндэсний шинэ намын гишүүн болж, дараа нь МҮАН болоход нь дагаж явсаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. “Шударга ёс” бүлгийн гишүүн байснаа бүлгээсээ гарч хэсэг сул явж улмаар АН-ын батлахыг аваад удаагүй байгаа. АН-ын фракциуд дундаас “Шонхор”-т хамаарч байгаа. Түүнийг “Шударга ёс” бүлгээсээ гарахад МАН-ын бүлгийн дарга баз хүргэн С.Бямбацогтоо даган МАН-д элсч магад гэсэн яриа гарч байсан нь түүнийг удтал эргэлзэж намаа сонгосныг баталдаг.
8. Б.Наранхүү. Түүнийг МАН-ын чигтэй гэж олон хүн боддог байсан, МАН-ынхан ч 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг зарлах хүртэл тэгж санаж байсан. Газрын мафийн томоохон төлөөлөл гэсэн яриа ард түмний дунд яригддаг. Улмаар МАН-ынхан газрын хууль бус наймаатай холбоотой олон хүн нэр дэвших гээд байна гэж үзсэн учраас түүнд Дундговь аймгаас нэр дэвших боломж гараагүй. Энэ үед АН руу элсч, үнэ цохин нэр дэвших эрхээ олж авсан. Гэхдээ энэ намын гишүүн төдий нэртэй, үнэт зүйл нь өөр учраас энд тэндхийн дохио зангаагаар хөдөлдөг гэж ярьдаг. Тойргоос сонгогдсон гишүүн.
9. Г.Уянга. Уг мэргэжил нь сэтгүүлч. АН-ын хэвлэл мэдээллийн албыг хариуцаж явсан угшил гарвал нь энэ чигийнх атлаа бүх цаг үедээ эсрэг ажиллаж явсан. Иргэний хөдөлгөөний гол дүр төрх. Олон жил гудамжинд явсан учраас УИХ-ын гишүүн болсноо ч мартаад хааяа гудамжинд гарч, төр эргүүлэх талаар ярьж явдаг. Үүнийг нь ойлгохгүй зарим иргэд түүнээс “Та өөрөө тэр болохгүй төр засгийн төлөөлөл биш юм уу” гэж асууж байсан удаатай. Түүний хувьд нэг цагт муулж явснаа нийлж, дараа нь нэгдэж явснаа эсрэгээр ярих байдлыг олонтаа гаргаж байснаараа нийгэмд танигдсан. Сонгуульд хэдэнтээ үзэж унаж байсан ч МҮАН нь Н.Энхбаярын МАХН-тай хамтарснаар 2012 онд түүнд Чингэлтэй дүүргээс сонгогдох боломж гарсан. Тойргоос сонгогдсон гишүүн.
10. Л.Цог. Бас л уг гарвал нь АН-ынх. Цагтаа АН-ын Засгийн газарт Хууль зүйн сайд хийж байсан. Гэхдээ тэр үедээ Ерөнхий сайдынхаа эсрэг гарын үсэг цуглуулж, Ж.Наранцацралтаа унагасан, сайд байхдаа намынхаа дөрвөн гишүүнийг (түүнээс гурав нь УИХ-ын гишүүн) шоронд илгээж байсан гэдгээрээ түүхэнд үлдсэн. УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нараас Батчулуун нь шоронд байхдаа амь насаа алдсан юм. Тэрбээр бүх л цаг үед АН-ынхаа эсрэг ажиллаж ирсэн бөгөөд гудамжны жагсагчдын нэг байж байгаад 2012 оны сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Орхон аймгаас гарч ирсэн. Шинээр Засаг бүрдүүлэх үед “Шударга ёс” бүлгийн дэвшүүлснээр УИХ-ын дэд дарга болсон.
Байгуулсан Засгийн газраа унагахад шууд нөлөөлсөн арван гишүүн ийм түүхтэй. Чуулганы хуралдаанд ирээгүй буюу эс үйлдлээрээ Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн мөн арван гишүүн бий. Тэдний тухайд
1. С.Эрдэнэ. 2000 онд АН-аас тойроггүй үлдсэн учраас шинээр нам байгуулан сонгуульд өрсөлдөж байсан. Энэ замнал нь олигтой үр дүн дагуулаагүй учир 2004 онд АН-аасаа Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч тус тойрогт сонгуулийн маргаан үүсч бараг нэг жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг хүлээж суусан нэгэн. Тэрбээр Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллах хугацаандаа хэл аманд өртөж АН-ын нүүрээр ялаас мултарч байсан түүхтэй. 2012 онд Баянгол дүүргээс гурав дахиа УИХ-д сонгогдсон бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад ХАХНХ-ын сайд болсон. Шонхор фракцийн тэргүүлэх гишүүдийн нэг.
2. Д.Ганхуяг. Нэр нь нийгэмд бараг дурдагдахаа больсон Соцдекийн гарвалтай. Түүнийг “Говь” компанийн дарга болох цаад санаа өвөрлөн АН-д элссэн гэдэг. Товчоор тодорхойлоход сул гишүүн буюу албан тушаалгүй үедээ эх оронч дүр эсгэж сайдын албанд очихоороо ус балгасан мэт болж үзэл бодол нь 360 градус өөрчлөгддөг. Мөн л “Шонхор” фракцийн гишүүн бөгөөд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан учраас түүнийг өчигдөр ийм авир гаргана гэж хэн ч төсөөлж байсангүй.
3. С.Одонтуяа. Тэрбээр АН-д сонгуулийн хоёр циклийн өмнө л элссэн шинэхэн төлөөлөл. Олон нийтийн хэвлэлд өөрийн бичсэнээ төлбөр төлөн нийтлүүлэх болсноор С.Одонтуяа гэх нэр дуулдаж эхэлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнийг дагасан нь түүний зол болж энэ Их хуралд орж ирсэн. Улмаар АН-ыг олон суудал авсан энэ үед МАН-ын гишүүн нөхрөө хариуцлагатай албан тушаалд томилуулж чадсан нь шүүмжлэлийн бай болж байлаа. Шонхор фракцийн гишүүнчлэлтэй.
4. Г.Баярсайхан. Улс төрийг бизнесээ болгох том боломж гэж харж нам дагасан залуусын төлөөлөл. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатараар улс төрийн анхны хичээлээ заалгаж байсан гэдэг ч богино хугацаанд “багшаа” орхиж АН-ын нөлөө бүхий хүнийг дагах болсон гэдэг. Өнөө ч АН-ын харъяалалтай л болохоос тэр л хүнийхээ гарын аяар хөдөлдөг гэдгийг улс төрийн хүрээнийхэн өгүүлдэг. Чингэлтэй дүүргээс хоёронтоо сонгогдсон ч тойрогтоо нэр нүүрээ бараад байгаа учир намын жагсаалт руу орох том амбиц өвөрлөж байдаг. Хэдийгээр цаад санаа нь тийм ч АН-даа листэнд багтах нэр хүнд үгүй учир ирэх сонгуулиар шинэ тойрог сонгож азаа үзэх ганц боломж бий. Шонхор фракцийн гишүүн.
5. Д.Ганбат. Техник импортын гэх тодотголтой. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дагаж АН-д шургалсан нь түүний УИХ-д орох боломжийг олгожээ. 2008 оны сонгуулиар нэр дэвшиж унасан ч өнгөрсөн удаа даагаа нэхэн УИХ-д орсон шинэ гишүүн. Өнгөрсөн сонгуулиар “Танай сумыг шинэчилнэ, хөгжүүлнэ” гэх гээд “Танай сумыг орвонгоор нь эргүүлнэ” гэж байсан удаатай. Үүнээс хойш “орвон” хочийг зүүх болсон бөгөөд үнэхээр аливааг орвонгоор нь эргүүлж мэдэх нэгэн. МоАХ фракциас Шонхор руу урвасан гэгддэг ч одоо Х.Баттулга даргынхаа ажилд тусалсаар байгаа. Бас өнгөрсөн хавар Хууль зүйн байнгын хорооны даргын суудал сулрахад өөрийгөө томилуулахын тулд Х.Баттулгыгаа гомдоож явсан туйлбаргүй нэгэн хэмээгддэг. Өнгөрсөн зун Шонхор фракцид албан ёсоор элссэн гэж байсан ч МоАХ-ны харьяаллаа өөрчлөөгүй байгаа.
6. Д.Арвин. Тэрээр МАН-ын улаан хамгаалагч байсан нь саяхны үйл явдал бөгөөд түүх болжээ. Д.Арвин МАН-аас Хэнтий аймагт өрсөлдөн хэдэнтээ ялалт байгуулсан ч 2012 он гэхэд тэрээр аймгийнхандаа нүүргүй болоод байв. Өөрийн хүслээр тойргоо сольж нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Хэдий тийм ч дахин сонгуулиар УИХ-д орсон даруйдаа МАН-аа орхин ялалт байгуулаад буй АН-ыг дагасан түүх түүний хэн бэ гэдгийг бэлхнээ харуулна. Өнөөдөр Шонхор фракцийн гишүүнчлэлтэй.
7. М.Батчимэг. АН-д хахь хамаагүй нэгэн байсан агаад саяхан л Стратеги судлалын хүрээлэнгийн энгийн л шинжээч байв. Тэрбээр 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн PR-т хэрэг болохуйц нийтлэл туурвиснаар улс төрийн хүрээнийхэнд ихээхэн тоогдсон. Улмаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн нь түүний улс төрийн эхлэл. Улмаар 2012 оны сонгуулиар Ерөнхийлөгч санал гарган АН-ын жагсаалтын 11 дүгээрт нэрийг нь бичүүлж УИХ-ын гишүүн болгосон байдаг. Хэдийгээр Ерөнхийлөгчийн хүн гэгдэж болох ч УИХ-д орсон даруйдаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан нартай хамтран Нэг ардчилал фракцийг үүсгэн байгуулж байв. Энэ фракциас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар сайдын суудал авсан бол Ж.Батзандан нь МоАХ руу урваж М.Батчимэг гишүүн өнөөдөр нам руугаа буу шагайсан хэрэгт унаад буй.
8. Ч.Улаан. Энэ Засгийн газрын мөнгөний авдрыг нь барих буюу Сангийн яамыг тэргүүлж байв. Тэрээр МАН-аас олон удаа УИХ-д сонгогдон Сангийн сайдаар хэдэнтээ томилогдон ажиллаж байсан хашир туршлагатай. Улс төр, төрийн ажил албаны асар их туршлагатай шигээ урвах боломж байвал алддаггүй гэдгээ ч энэ удаа дахин баталлаа. Тэрбээр өнгөрсөн парламентад байхдаа МАН-аа орхин Н.Энхбаярыг дагасан нь мөн л шүүмжлэлийн бай болж байсан удаатай. Энэ удаа ч ийм авир гаргана гэж хэн ч таамагласангүй. Тэгээд ч МАХН, МАН-ыг дахин нэгдэх ёстой гэж ярьдаг хүмүүсийн нэг.
9. Ц.Оюунбаатар. Мөн л МАН-аас төрийн алба хашиж явсан түүхтэй. Хэдий тийм ч нам нь төрийн албанаас буулгасан даруйд төрийн бус байгууллага тэргүүлэн ажиллаж хэсэг замнасан. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Н.Энхбаяртай хэл амаа ололцож “Шударга ёс” эвслийн жагсаалтад нэрээ бичүүлсэн нь хууль боловсруулах дээд байгууллагын гишүүн болгоод буй.
10. С.Ганбаатар. Түүнийг анх “Фэнг шүй”-гийн Ганбаа гэхэд монголчууд андахаа байсан байв. Удалгүй илтгэгч болон дэвшиж тухайн үеийн төр засгийн эсрэг тууштай тэмцэж нэг хэсэгтээ гудамжинд манаргаж явсан. Төд удалгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга болсон нь төрийн алба, улс төр рүү түүний замыг хөтөлсөн гэхэд болно. Сүхбаатарын талбайд байнга шахам жагсаж эрх баригчдаас цалин, тэтгэвэр нэмэхийг шаарддаг байсан нь Монголын нийгэмд түүний нэрийг тодоор цуурайтуулж эхэлсэн. Тэрээр “Улс төрд хэзээ ч орохгүй” гэж хоёр жилийн өмнө өгүүлж байсан бол төд удалгүй Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн түүхтэй. Мөн л энэ Засгийн газарт хамтрагчдын нэг бөгөөд ИНЕГ-ыг өнөөдөр бие даагчид шууд мэдэлдээ байлгадаг билээ.
Ийнхүү өчигдөр Засгийн газрыг унагахад шууд болон эс үйлдлээрээ нөлөөлсөн 20 эрхмийн товч түүх ийм байна. АН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид бүгд 2016 онд хамтран ажиллана гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулан баталж, ажлаа эхлүүлсэн байдаг. Гэтэл дээрх нэр бүхий эрхмүүд замын дундаас буцлаа. “Шударга ёс” эвсэл, бие даагчдын хувьд хариуцлагын асуудлыг ярих боломж үнэндээ алга. Улс төрд, УИХ-д хэн ч биш хүмүүсийг АН сонгосон нь өөрийнх нь алдаа. Харин АН-ын 15 гишүүнийг хэрхэх вэ гэдэг асуулт бий. Намынх нь дүрэмд байгуулсан Засгийн газраа унагасан нь нотлогдвол намаас хөөх арга хэмжээ авна гэсэн заалттай. Тэгэхээр тойргоос сонгогдсон 13 гишүүнээ намаасаа хөөх, жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа нарыг эргүүлэн татах асуудлыг Н.Алтанхуяг намын даргын албаа өгчихөөгүй байгаа дээрээ шийдэх хэрэгтэй болжээ. Ингэж л АН-ыг сүүлд шургалсан, эргэж буцсан туйлбаргүй хүмүүсээс цэвэрлэхээс өөр сонголт алга бололтой. Үр дүнд нь АН-д намдаа элэгтэй, шигшигдсэн улстөрчид үлдэж “Шонхор”, “МоАХ” гэсэн парламентад суудалтай жижиг нам байгуулагдах биз ээ.
Тэрчлэн дараагийн Ерөнхий сайд, АН-ын даргын албан тушаалын төлөөх уралдаан эхэллээ. Одоогийн байдлаар Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав нарын нэр дуулдаж байна. Өөр олон хүн байгаагаас өндөр магадлалтай нь нэр дурдагдсан эрхмүүд юм. Тэгээд ч АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөртөө хуралдаж арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригийн 15 цагт Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулахаар товложээ. Энэ хурлаар дээрх бүх асуудал нэг тийш болох юм.
Т.НАМНАН
Н.БАЯНШААРАВ