Монголын хөлбөмбөгийн холбооныхон ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байгаа сурагтай. Шинэ Ерөнхийлөгчийг сонгохоос өмнө FIFA-гаас ирүүлсэн удирдамжийн дагуу шинэ дүрмээ боловсруулахаар түр хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо аль хэдийн ажилдаа орсон гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй А.Ганбаатарыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн FIFA-гийн албан ёсны цахим хуудаст түүний мэдээллийг оруулжээ.
А.Ганбаатар нь саяхан Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүд аудит шалгалт оруулах хүсэлт гаргасан тухай баттай эх сурвалж мэдээлж байна. Өмнөх хүнийхээ санхүүгийн асуудлыг нэг мөр цэгцэлж дүрэм батлах хурал хүртэл санхүүгийн болон бүх шийдвэрээ нээлттэй ил тод болгохоо тэрээр хөлбөмбөгчдөд амалсан ажээ.
МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ХХБ-ны Б.Мэдрээ, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нараас “Морь” Ганболдыг ялж чадах ганц хүн нь Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар гэж хөлбөмбөгчид үзэж байгаа гэнэ.