Categories
мэдээ нийгэм

Ухаалаг цахилгаан машин газрын тосны хаанчлалыг зогсооно

Цахилгаан машин хурд, хүчний үзүүлэлтээр шатахуунаар ажилладаг машиныг гүйцэх хэмжээнд хүрч эхэлсэн нь агаарын бохирдлыг багасгах ач холбогдлоос гадна дэлхийн эдийн засгийн хүндийн төвийг өөрчлөхөд хувьсгал авчирна хэмээн найдаж болохоор харагдана.

Америкийн Тесла Моторс (Tesla Motors) компанийн бүтээ­сэн Тесла Модель Эс (Tesla Model S) нь таван хаал­гатай, том хэмжээ бүхий цахил­гаан машин. 426 км замыг туулах 85 кило­ватт цагийн батерейтай. Худал­даанд гарсан бүх цахилгаан машинуудаас хамгийн хол зайг туулдаг гэдгээрээ онцгойрсон. 62,4 мянган доллараас эхэлж, 87,4 мянга хүртэл үнэлэгдэж байгаа энэ машин 2013 оны эхний улиралд Америкт 4750 хувь борлож, “Шилдэг борлуулалттай, тансаг зэрэглэлийн суудлын машин” болсон юм. Европт мөн борлуулалтын амжилт үзүүлж, Норвегид 2013 оны 9-р сард эхэлсэн худалдааны эхний хоёр долоо хоногт 322 ширхэг зарагджээ. Тесла Модель Эс нь батарейг авто­матаар сольж тавих боломжтой. Ердийн машины шатахууны савыг дүүргэхээс хоёр дахин бага хугацаанд сольдог болсон байна.

2011 оноос Япон, АНУ, Баруун Европт дэлгэрч байгаа цахилгаан машин нь хорт утаа хамгийн бага ялгаруулдаг, түлшний хэмнэлттэй техно­логиороо ирээдүйтэй машин гэж тодорхойлогдох болсон.

1970-аад оны неф­тийн хямра­лын дараа үйлдвэр­лэгчид болон эрдэмтэд эрчим хүчний шинэ төрлийн эх үүсвэрийг автомашинд ашиглах оролдлогуудыг хийж эхэлсэн байдаг. Хосолмол хөдөлгүүртэй автомашинууд ч Монголын гудамжаар гүйж яваа. Хийгээр ажилладаг машинууд ч цөөн боловч бий. Аль аль нь шатахууныг орлуулах оролдлого. Цахил­гаан маши­нуудыг шатахуунаар ажилладаг уламжлалт машинуу­дын загвар дээр тул­гуур­лан бүтээдэг. Өөрөөр хэлбэл шатахуунаар ажил­ладаг хөдөлгүүрийг цахил­гаан хөдөлгүүрээр солих төдий өөрчлөлт нь бас бус дутаг­далтай гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилдэг. Энерги дамжуулалтын алдагдал ихтэй гэх мэт өө сэв ийм тохиолдолд яригдаж байна. Зөвхөн цахилгаан машинд зориулсан загвар бий болбол дөрвөн дугуйтай, дөрвөлжин кабинтай гэх маши­ны тухай ойлголтыг эвдэх вий. Зарим цахилгаан машин зургаан дугуйтай хэлбэр хэмжээ нь арай л өөр өөр бүтээгдэж байгаа юм билээ.

Хэрэв олонхи машинууд шатахуунаар ажиллахаа больчихвол газрын тосны нөөцийг эзэгнэхийн төлөөх тэмцэл шаардлагагүй болно. Оросууд нефтийн кранаа хаахаас бид айхаа болино. Цахилгаан машин бий болсноор газрын тос үйлд­вэрлэгчид, үндэстэн дамнасан монополь компаниудын эрх ашиг хөндөгдсөн учраас энэхүү шинэ технологийг хэсэг хугацаанд дарсан гэх мэдээ­лэл ч явдаг. Интернэтээр яваа “Хүн төрөлхтнөөс нуу­сан 10 бүтээл” гэдэгт лав цахилгаан автомашин, Америкийн трамвай нэг, хоёрдугаарт нэрлэгдсэн байна лээ. Гэхдээ л агаарын бохирдлыг бууруулах боломж, байнга өсч байдаг шатахууны үнэ хүмүүсийг цахилгаан машиныг илүүд үзэхэд хүргэж, автомашин үйлдвэрлэгчид ч цахилгаан машин бүтээж түүнийгээ сайжруулахаар ажиллаж байна. Цахилгаанаар цэнэглэгч станц барих нь зардалтай. Тооны хувьд цөөн нь цахилгаан машины бор­луулалтад сөргөөр нөлөөлдөг. Харин Японы “Тоёота” компани электрон машиндаа зориулан утасгүй цэнэглэгч туршиж байгаа гэнэ. Энэхүү утасгүй зай хураагуурыг монголчуудын хэрэг­лээ болсон Пирус маркийн машинуудад туршиж буй. Ийнхүү ухаалаг цахилгаан машинууд тун удахгүй жолоочид ядаргаа багатайгаар цэнэглэгддэг болох нь. Түгжээнд зогсч байхдаа, дэлгүүр хэсэхдээ, гэртээ, ажил дээрээ байхдаа машинаа цэнэглэж амжина.

“Ухаалаг цахилгаан машин Теслагийн моторын оронд багаж байна”. “Наад машин чинь маш үнэтэй, хааяа бас гал гараад байгаа сураг байна лээ. Цэнэглэдэг газар нь цөөхөн” гэх мэт сэтгэгдэл цахим ертөнцөд хөвөрнө. Цахилгаан машины талаар монголчуудын анх­ны сэтгэгдэл ийм. Үнэндээ цахилгаан машин монголчуудын хувьд цоо шинэ зүйл биш. Бидний анзаарахаа байсан цахилгаан машин бол троллейбус шүү дээ. Зах зээлд шилжиж байсан эхний үед мөнөөх тэнгэрээс уяатай хөлөг маань “Тог тасарсан” хэмээх шалтгаанаар үе үе зогсч биднийг гудамжинд явгалдаг байж билээ. Одоо бол ийм шалтгаанаар бидний унаа зогсохоо байсан нь өөртөө цахилгаан хадгалдаг технологийн дэвшлийн буян.

Цахилгаан машин, шатахуу­наар явдаг машины эдийн засгийн үр ашгийн тооцоог холоос хайх хэрэггүй. “Цахилгаан тээврийн” гэх тодотголтой Д.Жаргалсайхан “Троллейбус 100 км-т автобуснаас арав дахин хямд зардал гаргадаг” гэв. Цахил­гаан машины эрин үе эхэлбэл монголчуудын хувьд бас нэг том боломж нээх юм. Учир нь монголчууд газрын тос үйлдвэрлэдэггүй харин цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Цахилгаан экс­порт­лох ирээдүйтэй гэгддэг орон. Цахилгаан машин төмөр хөлгийн зах зээлийн 4-5 хувийг эзэлж буй гэнэ. Сүүлийн үед “Экологбус” машины үйлдвэрт цахилгаан машины захиалга ирэх болсон аж. Хотын ойрол­цоох Буяны үйлчилгээ үзүүлдэг компани гэхэд л хоёр цахилгаан машин захиалж хийлгэжээ. Д.Жаргалсайхан “Цахилгаан такси бааз байгуулъя” гэж санал гаргаж байсан удаатай. Нэг км-т 800 төгрөгөөр бус түүнээс хамаагүй хямд үнээр үйлчлэх таксины төлөө ажиллаад үзэх ёстой юм сан.

Уг нь манай хотын удирд­лагууд цахилгаан машиныг аль хэдийнэ анзаарчээ. Э.Бат-Үүл дарга агаарын бохирд­лыг бууруулах ажлын хүрээнд Японы 100 хувь цахил­гаан авто­машин үйлдвэрлэдэг “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан удаатай. Тус корпорацийнхан хоёр цахилгаан автомашиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд ашиглаж буй. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг авто­машиныг бүтэн цэнэг­лэсэн тохиолдолд 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай гэнэ.

Хотын дарга “Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицохыг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болбол хамгийн түрүүнд нийслэлийн харьяа агентлагуудыг цахил­гаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ” хэмээн мэдэгдсэн.

“Автотээврийн хууль”-д “Хот доторх болон хот орч­мын нийтийн зорчигч тээвэр­лэлтийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахил­гаан эх үүсвэрээр ажил­ладаг автотээврийн хэрэгсэл ашиглана” гэсэн заалт бий. Үнэхээр энэ заалт хэрэгжвэл утаа хаяад, хоолой хорсгоод явдаг автомашинууд хэрэглээнээс гарах цаг ирэх л байх даа.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *