Японы хаан ширээг залгамжлах хунтайж Нарухитогийн гэргий гүнж Масако 11 жилийн дараа анх удаа албан ёсны арга хэмжээнд оролцлоо. Нидерландын хаан Вилгелм-Александр, гүнж Максимагийн хамт Японд айлчилж байгаа юм. Тэдэнд зориулан Японы эзэн хаан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.
Гүнж Масако сэтгэлийн хямрал өвчинд нэрвэгдсээр олон жил болж байгаа. Хамгийн сүүлд тэрээр 2003 онд Японы хааны ордонд болсон хүлээн авалтанд оролцжээ. Түүнээс хойш албан ёсны арга хэмжээнд оролцож олны өмнө бараг гараагүй. 2008 онд Их Британийн хунтайж Чарльз болон түүний гэргий Камилла нартай уулзахдаа зургаа авахуулсан удаатай.
Гүнж Масако нь Токиогийн болон Принстоны их сургуулийг дүүргэж, Харвардын их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж Японы Гадаад хэргийн яаманд дипломатчаар ажиллаж байсан. Өндөр боловсролтой гэгддэг Масако Японы хаан ширээг залгамжлах хунтайжтай гэрлэснээсээ хойш сэтгэл санааны хямралд автсан байна. Хааны ордны дэг жаяг, хаан ширээг залгамжлах хүү төрүүлэх шаардлагатай болсон зэрэг нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэдэг. Түүнийг 2001 онд охин Айкогоо төрүүлэхэд Японы хаан ширээг залгамжлагчийн асуудал хурцаар тавигдаж, бүсгүй хүн хаан ширээг залгамжлах эсэх талаар яригдаж байсан.