Хуучин цагт үндэсний их баяр наадам, цагаан сараар л томоохон барилдаан болдог байлаа. Одоо бол үндэсний их баяр наадам, аймаг сумдын ой, Үндсэн хууль батлагдсаны ой гээд цаашилбал нэг компанийн үүсгэн байгуулагдсан өдөр, нэртэй цуутай эрхмүүдийн төрсөн өдөрт зориулаад жилдээ заал, дэвжээний тоймгүй олон барилдаан болдог болж. Бөхчүүд ч аль л шагнал бай өндөртэйг нь сонгон байж барилдаж харагддаг. Энэ зун хичнээн ч аймаг, сумын 90 жилийн ойн барилдаанууд болов. Нэг сумын ойн барилдаанд түрүүлэхэд л дор хаяж хоёр сая төгрөг халаасалчихаж байгаа юм, бөхчүүд. За тэгээд том компанийн нэрэмжит барилдаан хэдэн саяар бай шагнал яригдана. Ингээд бодохоор бөхчүүд орлого өндөртэй байгаа биз. Татвар өгдөг тухай мэддэг ч үгүй байх. Бодвол олсон хэдэн төгрөгөө ёстой өнөөх цолны найраандаа цацдаг биз. Ер нь бөхчүүд сайн үйлсийн аян, буяны үйлст хандив өргөдөг болбол яасан юм бэ. Нутгийн бөх улсын цол хүртлээ гээд л нутаг уснаас нь эхлээд жил бүрийн наадмын дараа Бенз, BMW, Ланд машин, байр орон сууц, насаараа барж идэхээргүй л мөнгө төгрөг тэдэнд өгдөг. Монгол бөхөө дээдэлдэг ард түмэн л бөхөө гээд байхаас биш бөх нь ядарсан нэг ч иргэнд хандивын гараа сунгалаа гэж лав сонсоогүй. Үндэсний бөхчүүдээс шүү. Бусад салбарт амжилттай яваа хүн болгон л нийгэмдээ сайн сайхныг хийж бүтээдэг, боломж бололцоогоороо хувь нэмрээ оруулдаг болчихож, бөхчүүд минь.
Д. ДАВААСҮРЭН