Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Н.Удвал сайдын ярьсан зүйлд үнэн үг алга

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо дэд сайд Ж.Амарсанааг элэгний С вирусийн 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэхээр болсон, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг хэмээн ярьсан нь олны анхаарлыг татсан.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт Н.Удвал сайдын байнгын хорооны хуралдаанд хийсэн тайлбарт та өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-Н.Удвал сайд байнгын хорооны өндөр хариуцлагатай тийм хурал дээр хариуцлагагүй, худлаа, хүнийг гүтгэсэн, буруу мэдээлэл өгсөнд харамсч байна. Хоёрдугаарт, бухимдаж байна. Гуравдугаарт, даанч дээ гэж бодож байна. Энэ салбарыг тэргүүлж байгаа сайд хүн шүү дээ. Тэр хүнд хангалттай мэдээлэл авах боломж нь байсан. Тийм биз дээ. Зөв мэдээлэл өгөх, ёсзүйтэй хандах бүх боломжууд нь тэр хүнд байсан юм. Гэтэл буруу мэдээлэл цацаж, хүнийг гүтгэн ёсзүйн том алдаа хийчихээд сууж байгааг нь харахаар арай л хэтэрхий юм гэж бодож байна.

-Нэг яамны хоёр сайд ийм харилцаатай байгааг анзаарахад та хоёр нэг зүгт харж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-АНУ-аас ирэнгүүтээ хэлсэн. Сайд минь, үнэхээр маш том ажил бүтээгээд ирлээ шүү. Тус улсад 84 мянган ам.доллараар зардаг эмийг бид 44 дахин хямд буюу курс эмчилгээг 1800 ам.доллараар хийхээр болж байна. Монгол Улсад байгаа элэгний С вирустэй маш олон хүнд туслах боломж нээгдлээ. Одоо энийг чулуу болгох хэрэгтэй. Америкийн тал зөвшөөрсөн шүү гэж өрөөнд нь ороод хэлж байсан. Тэр үед сайд “За, за болж байна. Бүтэж байна. Болж болж” гэсэн байр суурьтай байсан. Гэтэл тэр эмийг Монголд бүртгүүлэх гээд өчнөөн явлаа, энэ бүхэнд саад бэрхшээл тулгарч удаашраад байхаар нь бид гайхаж л байсан. Яагаад үүн дээр Эрүүл мэндийн яам удаан хойрго хандаад байна аа. Гэтэл сүүлд нь сайд асан С.Ламбаа “Удвал сайд дэд сайдаа хардаад байгаа юм билээ” гэсэн утгатай юмыг жиргэсэн байна лээ. Н.Удвал сайд өөрөө надад ганц ч удаа “Би чамайг хардаж байна”, “Сэрдэж байна” гэж хэлж байгаагүй. Ийм бодол агуулаад явж байна чинээ бодсонгүй. Гэтэл сайд асан С.Ламбаагийн тэр жиргээг уншаад “Удвал сайд намайг хардсан гэх юм, ийм мэдээллийг хаанаас сонссон юм бол доо” гэж бодсон. Гэтэл Нийгмийн бодлогын байнгын хороон дээр сайдын ярьсан зүйлсийг олж сонсоод гайхсан. Ярьсан зүйл дотор нь үнэн үг алга.

Төрийн сайд битгий хэл бага ангийн хүүхэд хүртэл учрыг нь олчихоор ийм юман дээр будлиад явж байгаад нь харамссан. Энэ ямар учиртай юм гэхээр “Gilead Sciences” компани нэг сарын эмчилгээг 300 ам.доллараар Монголд хямдруулж өгч байгаа юм. Монгол хүний элэгний С вирус бол 98.5 хувь нь нэгийн Б төрлийн генотип байдаг.

-Нэгийн Б төрлийн генотип ээ?

-Элэгний С вирус чинь дотроо зургаан төрөл байдаг. Тэр дотроо нэгийн Б генотип гэдэг бол хамгийн удаан эдгэрдэг, эмчилгээний үр дүн муу авдаг нь. Энэ генотипийг эмчлэхэд багаар бодоход зургаан сар шаардлагатай. Ганцхан би ч биш, ДЭМБ, элэг судлаач бүгд л үүн дээр санал нэгддэг. Нэг сарын эмчилгээний төлбөрийг зургаан сардаа үржүүлээд үз. 1800 ам.доллар болно биз дээ. Орон болгонд генотипийн төрөл өөр өөр. Өөр оронд магадгүй гурван сарын буюу 900 ам.долларын эмчилгээ шаардлагатай байх. Харин Монголд элэгний С вирусийг эмчлэхэд гурав биш зургаан сар шаардагдана гэж би үзэж байгаа, эмч хүний хувьд. Би мэргэжлийн хүн шүү дээ. Ийм энгийн юмыг ойлгохгүй юм. Би энэ тухай олон удаа мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан, мэдээлэл өгсөн. Энэ бүхнийг олоод уншчихаж чаддаггүй юм уу. Үгүй юм аа гэхэд над руу нэг удаа яриад энэ эм, эмчилгээний талаар асуучих бүрэн боломж байсан шүү дээ.

Би сайдын ярьсан тэр бичлэгийг үзсэн. Таагүй сэтгэгдэл төрсөн. Намайг гутааж доромжилж болно. Гүтгэж болно. Би чинь сайн ч, муу ч Ардчилсан намыг төлөөлөөд, мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх гээд явж байгаа хүн. Яагаад иймэрхүү юмыг асуугаад зөвшилцсөнгүй вэ. Өөрөө мэдэхгүй байж болно. Байнгын хорооны хуралдаан дээр асуугдаж болно. “Надад мэдээлэл нь алга”, “Мэдэхгүй байна”, “Мэргэжлийн бус хүн. Мэргэжилтнээсээ тодруулаад хариулъя” гэж хэлж болно. Тэр хүнд ингэх боломж байсан байхгүй юу. Гэтэл яагаад ийм улстөрийн увайгүй гүтгэлэг явуулчихав. Би чинь залуу, улстөрч хүн. Улстөрч хүнд нэр хүнд шиг чухал зүйл байхгүй. Гэтэл яагаад тэр хүн залуу хүний хамгийн үнэтэй зүйлийг увайгүй маягаар гутаан доромжилж байгаа юм. Би үүн дээр хатуу тэмцэл өрнүүлнэ гэж бодож байгаа шүү. Шүүхэд хандана.

-Таныг “Оном сан”-гийнхантай муудалцаж, маргалдсан гэж ярьсан. Та тус сангийнхныг шалгах хүсэлтийг Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гаргасан юм биш үү?

-Муудалцаад байх юу байх вэ дээ. “Оном сан”-гийнхан ийм ажил хийсэн байгаа юм. Элэгний С вирустэй, эмчилгээнд хамрагдъя гэсэн хүмүүсийг төлбөртэй утсаар бүртгэж авсан байхгүй юу. Төлбөрт утсаар бүртгэнэ гэдэг цаана нь хариуцлага үүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд эмчлэх ёстой гэсэн үг. Гэтэл эмчлэх газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төв. Тус төвд эмчлүүлэх гэж байгаа хүмүүсийг төрийн бус байгууллага төлбөртэй утсаар бүртгэнэ гэдэг чинь сүүлд нь өвчтөнүүд эмчилгээндээ хамрагдаж амжихгүй, өвчин нь С вирусгүй юм уу, эсвэл эмчлэх боломжгүй үед тэд хариуцлага хүлээх үү. Хүлээхгүй шүү дээ. Тийм учраас би цагдаагийн байгууллагад тэднийг шалгаад үзнэ үү. Наад хүмүүс чинь эмчлэх субьект нь биш, эмчлэх эрхзүйн боломж нь байхгүй мөртлөө төлбөртэй утсаар бүртгээд байна. Энэ чинь сүүлдээ зөрчлийн эх үүсвэр болно гэдэг үүднээс шалгаад өг гэсэн юм. Үүн дээр нуугаад байх юм алга.

Тэр эмийн компанитай нь манай яамны байгуулах гэж байгаа санамж бичиг нь байж л байна. Энэ бичигт цагаан дээр хараар “Сарын эмчилгээ нь 300 ам.доллар” гэчихсэн байна. Энд чинь толгой эргээд байх юм юу ч байхгүй.

АНУ-д 84 мянган ам.доллараар курс эмчилгээг нь хийдэг. 44 дахин хямдруулаад оруулаад ирж байхад энэ асуудлыг Эрүүл мэндийн яам унагааж байна. Энэ компани материалаа бүрдүүлээд өгсөн. Нэг удаа өгсөн, буцаасан. Одоо хоёр дахиа өгөх гэж байна.

-Н.Удвал сайдтай уулзсан уу?

-Үгүй. Би тэр хүнд ойлгогдвол ойлгогдохоор хангалттай ярьсан гэж бодож байна. Н.Удвал сайд “Уучлаарай. Би арай дэндүү муухай юм хийчихжээ” гээд ороод ирвэл би чинь бас хүн шүү дээ. Хүнийг уучилж болно.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *