Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравдорж: Энэ гэрээ нам дамжсан олигархиудад хаалт болох учраас тэд орилж, хашгираад байгаа юм

МАХН-ын нарийн бич­гийн дарга Ц.Шарав­доржтой ярилцлаа.

-Сүүлийн үед улс төр багагүй бужигнаантай тэр дундаа танай нам дотроо хөөрхөн хөдөлгөөнтэй байгаа дуулдаж байна. Танай намаар сонин юу байна вэ. Дарга чинь ирээд буцахдаа багагүй өөрчлөлтийн эхлэл тавьсан гэх юм?

-Таны хэлдгээр манай нам нэлээд хөл хөдөлгөөнтэй байгаа нь үнэн. Намын дарга Н.Энхбаяр удаан хугацааны турш үргэлжилсэн эмчилгээний дараа эх орондоо ирээд буцлаа. Монголд өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт зэргээс үүдэн аль ч улс төрийн нам, ялангуяа парламентад суудалтай намуудын нэгэн адил манай нам ч ажил ихтэй л байна даа. Намын дарга ирсэн гээд намын бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөнө гэж байхгүй. МАХН-ын зорилт, бодлого, үйл ажиллагаа тодорхой, түүнийхээ л дагуу явж байгаа. Мэдээж, дарга маань ирсэн болохоор ажил илүү өрнөж, асуудал түргэн шийдэгдэж, намынхан ч урамтай зоригтой байсан нь үнэн.

-Танай намын дарга хэлэхдээ нутагтаа хэсэг байж, нар салхинд байна гэж байсан ч улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцож байгаад буцах шиг боллоо. Гэнэт явахаар болчихов уу?

-Эрүүл агаарт хэсэг сувилуулна гэж байсан ч ажлын шаардлагаас тэгэх боломж гарсангүй. Үйл явдал хэрхэн өрнөснийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгээд эмчилгээний хувьд хойшлуулшгүй байсан учраас өнгөрсөн ням гаригт БНСУ руу эмчилгээндээ явсан.

-Ойрхны үед яригдаж байгаа асуудал бол Н.Энхбаяр дарга нь ирээд үгэнд ордоггүй улсуудыг өөртөө үнэнч хүмүүсээр сольж, хоёр дахь ээлжийнхнийг хоолонд нь оруулах гэж байна гэлцэх болсон. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Зарим хүн Засгийн газарт ажиллахыг ашиг хонжоо олох хэрэгсэл мэтээр ойлгож түүнийгээ “хоолонд орох” зэргээр илэрхийлж байгаа нь буруу юм. Энэ нь тухайн хүн өөрөө уг асуудлыг хэрхэн ойлгож хүлээн авдгийг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаас энэ нь ард түмэн, нийгмийн дунд төрийн тухай, Засгийн газрын тухай ташаа ойлголтыг өгч байгаа хариуцлагагүй үйлдэл гэж хэлж болно. Юу гэсэн үг вэ гэвэл, бүх нийтийн сонгуулийн үр дүнгээр Засгийн газрыг бүрдүүлэх эрх олгогдсон улс төрийн намын шийдвэрийн дагуу томилогдож төр, ард түмнийхээ төлөө зүтгэх үүрэг хүлээж, хариуцлага ч оногдож байгаа боловсон хүчнийг олиггүй муухайгаар нэрлэх нь энэ тухай дээрх шиг олиггүй яриа үүсгэж байгаа хүний байр байдлыг л түлхүүтэй харуулж байгаа хэрэг. Үнэнч хүмүүсээ дэмжиж гэдгийн хувьд бол мэдээж, ямар ч улс төрийн хүчин, ямар ч намын дарга аль ч тохиолдолд үнэнч, итгэлтэй, сайн ажиллана гэсэн хүмүүсээ л дэмжинэ шүү дээ. Энэ ер хаана ч байдаг үзэгдэл. Хувийн компани, төрийн бус байгууллага гээд бүхий л байгууллагын удирдлага үнэнч, итгэлтэй хүмүүсээ л түшиж, тэднийгээ л дэмжиж ажилладаг нь жам. Тиймээс, гадуур хачирхан яриад байгаа үнэнч итгэлтэй хүмүүсээ дэмжих гэнэ, жигтэй юмаа гэх маягтай яриа бол хамгийн энгийн зүйлийг энгийн бус болгон яриад байгаа л гэсэн үг.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаас болж МАХН дотроо болон МҮАН-тайгаа таарамжгүй байгаа гэдэг үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. “Шударга ёс” эвсэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-Танай намынхан зарим сайд нараа сольж байгаа тул хуучин сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс нь нэлээд гомдолтой байгаа сураг байх юм. Хүмүүсээ томилох талаар ер нь нэгдмэл байр сууринд хүрсэн юм уу. Бага чуулганаараа Д.Тэрбишдагвыгаа намаас яв, МАН руу оч гэх мэтээр дайрч давшилсан сураг байна?

-Наад асуудлууд чинь ор үндэсгүй цуурхал байна. Яахаараа ингэж зохиож болдог юм бол. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын ажлын тайланг хэлэлцэх явцад тийм хөөж туусан юм огт байгаагүй гэдгийг батлан хэлэх байна. Тэр хүн тэгж хөөгдөж туугдах юм хийсэн хүн ч биш. Манай намынхан ч тэгж нэг нэгийгээ хөөж туугаад, хэрэлдэж муудалцаад байдаг хэсэг бүлэг хүмүүс биш. Ер нь гадуур хоосон хардах, худлаа гүтгэх, гутаан доромжлох явдал хэмээс хэтрээд л байна даа. Энэ асуудал зөвхөн Тэрбишдагва дээр тохиолдоод байгаа зүйл ч биш. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Засгийн эрхийг хамтран барьж байгаа хоёр хүчин хамтын ажиллагааныхаа тухай олон нийтийн өмнө ил тодоор хийсэн гэрээ хэлцлийн баримт бичгийг улаан цайм засварлаад, сонссон хүн итгэмгүй, харсан хүн гайхмаар зүйл болгон хувиргаад нийгэмд цацаж байна шүү дээ.

-Ардчилсан намтай байгуулсан тэр гэрээ ямар учиртай юм бэ?

-Ийм гэрээ байгуулагдсанд гайхах хэрэггүй гэж юуны өмнө хэлмээр байна.

Яагаад хоёр нам хамтарч ажиллаж болдоггүй билээ. Түрүүчийн дөрвөн жилд АН, МАН хоёр хамтарч ажилласан. Энэ дөрвөн жилд АН, МАХН хоёр хамтран ажиллаж байна. Цаашид аль ч намууд хамтран ажиллаж болно шүү дээ. Эвдрэлцэж, муудалцах нь л дэмий болохоос, эвлэлдэн нэгдэх, хамтарч ажиллахын буруу байхгүй. Манай хоёр намын хувьд, 2012 онд байгуулан ажиллаж байгаа гэрээнийхээ агуулга, заалтыг нь боловсронгуй болгож, цаашид мөрдөж ажиллахаар тохиролцсон хэрэг. Ийнхүү, улс төрийн намууд хамтран ажиллах гэрээг албан ёсоор, ил тодоор байгуулж байгаа нь улс төрийн том соёлыг харуулж байгаа юм. Улс төрийн тавцанд зөв байх, хүчтэй байх үндэс, улс орны хөгжлийн хурдасгуур ч болох учиртай, бүр уламжлал болж ч мэднэ. Эх орон, ард түмнийхээ төлөө монголчууд аль болох хамтарч ажиллах нь үнэхээр чухал байна шүү дээ. Улс төрийн намуудын байнгын хэрүүл тэмцэл, хагарсан бутарсан, эв эегүй байдал улс орны хөгжилд саад болж байна. Монголчуудыг залхааж гүйцлээ. Урагшаа харж ажиллая л даа. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж ярьдаг биз дээ. Манай нам үүний төлөө л явж байна. Гэрээг уншаад үзвэл, бид энэ гэрээг байгуулснаар юуны төлөө явж байгаа нь тодорхой томъёологдсон байгаа. Агуулгын хувьд, улс төрийн тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засгийн хөгжлийг тогтворжуулж, хурдыг нэмэгдүүлэх, уламжлалт уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх, иргэддээ эх орондоо эзэн нь сууж, авьяас чадвараа нээн хөгжүүлж, таатай амьдрах бүхий л бололцоог цогцоор нь бүрдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгож, иргэдийн бодит орлогыг тогтвортой өсгөх зорилтыг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ буруу юу?

Ач холбогдлын хувьд, энэ гэрээг байгуулснаар нам дамжсан олигархиудын үйл ажиллагаанд хаалт хийх том алхам болсон нь үнэн. Энэ хашгиралдаад, сандралдаад байгаа хүмүүс чинь өнөө олигархийн төлөөлөл л байхгүй юу. Хамтран ажиллахын эсрэг байгаа хүмүүсийн санаагаар бол монголчууд байнга улстөржөөд л, нам эвслээрээ эцэс төгсгөлгүй талцаж, эв эегүй байж, байнга тэмцэлдэж байх нь хэрэгтэй байх нь л дээ. Монголыг улс төрийн намууд туйлдуулж байгаа нь бодит үнэн. Төр нь төвхнөж, түмэн олон нь амар жимэр амьдрах ёстой бус уу. Төрийг тогтвортой байлгая, хүн ардынхаа төлөө хамтарч ажиллая, энэ зорилгынхоо төлөө урт удаан хугацаанд ажиллаад үзье гэж аль аль талаасаа санал санаачилга гаргаад, үүнийгээ албан ёсны болгож гэрээ байгуулсан. Энд олон талын ач холбогдол бий.

-МАХН угшил нэгтэй МАН-тай яагаад хамтран ажиллах гэрээ хийхгүй, баруун чигийн намтай хамтардаг юм бэ?

-МАХН, МАН угшил нэгтэй нь үнэн. Туулж ирсэн түүх нь ч нэг. Энэ дашрамд хэлэхэд, Монгол орныг 90 жил авч явсан улс төрийн том хүчин хэдхэн хүний бодлогогүй үйл ажиллагаанаас болж хуваагдсан нь харамсалтай, энэ хуваагдлынхаа горыг хангалттай амсаж байгаа.

МАХН АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсанд МАН-ын удирдлагын хэдэн хүн үнэхээр дургүй байгаа, тэгсэн байтлаа өөрсдөө МАХН-тай ийм гэрээ байгуулан хамтран ажиллах нь битгий хэл, ойр зуурын яриа хэлцэл үүсгэх ч дургүй байгаа юм. Би энд нэг зүйлийг туйлын ойлгомжтой хэлэхийг хүсч байна. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нь ойлгож аваг. Манай хоёр нам хамтран ажиллах боломж байгаа тухай, энэ талаар яриа хэлэлцээнд ч орж болох тухай МАХН-ын зүгээс, түүний дотор намын дарга Н.Энхбаяраас тодорхой ойлголтыг олон удаа өгсөн, зохих оролдлогыг ч олон удаа хийсэн. Ямар ч хүнтэй уулзаж ярилцах, арга хэмжээг авахад бэлэн байгаа юм байна гэдгийг Н.Энхбаяр даргатай уулзаж байсан МАН-ын эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүс ойлгосон, мөн цааш нь дамжуулахаа ч амладаг байсан. Нэр усыг нь энд хэлээд яахав. Үүнийг тэд өөрсдөө гэрчлэх байлгүй, бас цаг хугацаа ч харуулна.

Бүр тодорхой ярья гэвэл, энэ оны эхнээс л мессежийг МАН-д өгч эхэлсэн. Ил далд төрөл бүрийн хэлбэрээр, дээд дунд янз янзын түвшинд байдгаараа л ажилласан. Гэтэл ямар ч реакци байхгүй, ямар ч санаачилга, алхам хийгээгүй таг чиг байгаад байсан. Хангалттай харсан, харуулсан, бүр харуулдсан ч гэж хэлж болно. Бүр сая хүртэл, Н.Энхбаяр дарга Монголд ирээд бас л санаачилга гаргаж, удирдлагатай нь уулзах бодол, боломж байгааг хэлүүлсэн. Мөн л таг чиг, нэг л их зуусан, занасан, зүхсэн улс байх юм. Энэ бүгдээс үзэхэд, зангилааг хэн чангалаад байгаа нь ойлгогдох байх аа. Товчоор хэлэхэд, цааш МАН-ыг хүлээх цаг хугацаа, горьдлого найдлага бидэнд байхгүй болсон гэж хэлж болно. Бид бүгд улс төрийн намууд. Цаг хугацаа, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, намынхаа ирээдүй, цаашдын ажил үйлсийг бодохгүй бол болохгүй нь ойлгомжтой. Намын язгуур эрх ашиг гэж бас байна. Ам л нээвэл МАХН-ыг аль муугаар дуудаж, гүтгэн гүжирдэж байдаг цөөн хэдэн хүний эрх ашиг, ааш араншингаар МАН-ын бодлого, хувь заяа тодорхойлогдож, харин намын хамт олон хэн ч биш, олон мянган гишүүдийн бодол санаа юу ч биш байгаа нь хэчнээн харамсалтай.

-Та ч гэсэн хоёр нам хамтарч ажиллах хэрэгтэй гээд бичээд байдаг байсан. Танд хариу өгсөн үү?

-Тийм ээ, би өөрийнхөө байр суурийг хангалттай илэрхийлсэн. Хамтран ажиллах төдийгүй, нэгдэн нийлэх тухай санааг ч бичиж л байсан. Ил захидал олон нийтэд бичих, энгийн түвшинд ярих, ярилцлага өгөх зэргээр чадлаараа л “тийчилсэн”. (Инээв). Надад яаж хариу өгөхөв дээ. Ганцхан би ч биш, энэ талаар өөр бусад олон хүн бодож, бичиж, ажиллаж байсан л даа, уг нь.

-Танайхан МАН-тай хамтрах тухайд санаачилга гаргаж байсан, сая Н.Энхбаяр гуай ирэхдээ ч уулзах боломж эрэлхийлсэн гэж та хэллээ. Хэрэв МАН наашаа харсан бол танайхан АН-тай эвсэхээсээ татгалзах байсан гэсэн үг үү?

-Манай хоёр нам угшил нэг гэдэг нь тодорхой. Аль болох хамтран ажиллах бодит шаардлага бий. Гэхдээ заавал эвсэл болж байж ойлголцоно гэж туйлширч болохгүй юм. Заавал нэгэнтэй нь нийлж, нөгөөтэй нь дайсагналцах биш харин зөв зүйлийн төлөө хамтран ойлголцож яагаад болохгүй гэж.

-Нэгдэх боломж нь байсан ч үүнийгээ ашиглаж чадалгүй одоо бүр хоёр тийшээ харчихаж байна гэж ойлгож болох уу?

-МАХН нээлттэй нам. Манай нам эх орныхоо төлөө сэтгэл зүрхтэй, үйл ажиллагаатай ямар ч нам, улс төрийн хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ингэж хамтран ажиллахад харилцан хүндэтгэл, ойлголцол, бие биенээ улс төрийн нам гэдэг талаас нь бодитой харж чаддаг улс төрийн соёл хэрэгтэй.

-МАХН, АН хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаа удирдах шатны байгууллагаараа хэлэлцүүлээгүй гэж МАН-ын дарга М.Энхболд ярьсан байсан. Үнэн үү?

-Арга ядсан бас нэг гүтгэ­лэг байна даа. Хамтран ажил­лах гэрээ хийх гэж бай­гаа­гаа, мөн гэрээнийхээ төс­­лийг МАХН-ын Бага чуулганы хуралдаанаараа хэлэлцүүлсэн. Гишүүдийнхээ саналыг сонсож, санал бодлыг нь тусгасан өөрчлөлтийг гэрээ­ний төсөлд хийсэн гэдгийг би батлан хэлэх байна.

-“МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэдэг байгууллагаас мэдэгдэл гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт гарын үсэг зурах эрх олгогдоогүй гэсэн. Энэ талаар та юу хэлмээр байна.

-Өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-ын Бага чуулганаар энэ гэрээний тухай нэлээн ул суурьтай ярилцаж, гишүүдийнхээ санал бодлыг сонссоны эцэст гэрээ хийхийг санал нэгтэй дэмжсэн гэдгийг би хариуцлагатайгаар дахиад л хэлмээр байна. МАХН, АН-ын хамтран ажиллах гэрээ байгуулагдсанд зарим улс төрийн хүчин их дургүй байгаа л даа. Энэ “холбоо” гэгчийн мэдэгдэл бол тэр дургүй нам, хүмүүсийн зараалаар хийж байгаа үйлдэл. МАХН-ын гишүүд, дэмжигчдийн нэр барьж ийм явуургүй улс төр хийж болохгүй, үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг хатуу хэлье.

-Танай хоёр намын байгуул­сан гэрээний талаар их л шуугиж байна. Гэтэл бас гэрээний хавсралт гээд “нууц” гэсэн тэмдэглэгээтэй зүйл гараад ирсний учир нь олдож л байх шиг байна. Ер нь ямар нэг нууц заалт гэрээндээ тусгасан юм уу?

-Энэ бол МАХН, АН-ын нэр хүндийг гутаах, нийтэд сөрөг ойлголт төрүүлэх зорилгоор Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн гэмт хэрэг юм. “Нууц” гэсэн тэмдэгтэй энэ материал хуурамч гэдгийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж тогтоогоод зарлачихлаа. Бүр МАН-ын нэр бүхий хүмүүс удирдлагынхаа шийдвэрээр хийсэн гэдгийг тогтоогоод байгаа юм байна. Нууц юм хийх байсан бол яах гэж нийтэд ил тод гэрээ байгуулж, гарын зурах билээ дээ. Манай улс төр ямар бохир болоод байгаагийн тод жишээ энэ.

-МАН-ын зарим хүн, манай намд ашигтай ч юм шиг үйл явц явж байна гэж ёжилсон байдалтай хэлсэн байна билээ?

-Ер нь шууд утгаараа бол МАН-д ч ашигтай гэрээ ш дээ. Яагаад гэвэл, МАН олигархиудаасаа салахад нь хэрэгтэй юм. Нөгөө талаар намууд хамтарч ажиллаж болдог гэдгийг харуулж байна.

-Сүүлийн үед АН-ын­хан энэ Засгийн газраа огц­руу­лаад МАН, МАХН-тай хамтарч Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байна гэсэн яриа сонстсон. Танайд энэ талаар санал хүргүүлсэн үү?

-Улс төрийн амьдрал маш хөдөлгөөнтэй байгаа нь үнэн. Гэхдээ АН-ынхан Ерөнхий сайдаа арай огцруулчихгүй байлгүй дээ гэж бодож байна. АН-ынхан цаашдаа гарах улс төрийн үр дагавар, хямралыг тооцоолж байж алхам хийх байлгүй. Засгийн газраа хөдөлгөнө гэдэг хүсээд байх зүйл биш. Хэсэг бүлэг хүмүүс нь үүнийг хүсч байвч нийт масстаа ирэх үр дүн ямар байхыг бодох хэрэгтэй. Засаглалын хямрал гэдэг амар юм биш шүү. Их Эвслийг байгуулах саналтай байгаа бол Монгол Улсын хууль тогтоомж, Үндсэн хуулийг зөрчих болно. Хүссэн нь их эвслийн Засгийн газар байгуулаад байх юм бол УИХ-ын сонгуулийг явуулах ямар ч хэрэггүй болно гэсэн үг юм. Тиймээс энэ бүхнийг давхар бодож, тооцоолж хөдлөх биз ээ.

-Улс төрийн намыг тө­рөөс санхүүжүүлэх тухайд та ямар санал бодолтой байдаг вэ?

-Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхийн чухлыг олон жишээ баримтаар хэлж болно. Олигархиуд намыг улсын төсвөөс санхүүжүүлэх дургүй байдаг, үүнийгээ зөвтгөж ард түмэндээ хайртай болж жүжиглэдэг л дээ. Гэтэл сонгууль дамжсан, бүр нам дамжсан олигархиуд улс төрийн намыг санхүүжүүлээд, эргээд тэр улс төрийн хүчнийг өөрийн ашиг сонирхлын хэрэгсэл болгож, халаасандаа хийдэг. Тэдний дохио зангаа, хүслээр бүхэл бүтэн нам, зарим тохиолдолд Засгийн газар хөтлөгдөхөд хүрдэг. Ийм байдал бүх сонгуулийн үед гарч, улс төрийн шийдэл ч мөн л тэдний найруулсан сценариар явагдахад хүрч байна. Эцэст нь, улс эх орон, нийт ард түмний эрх ашиг хохироход хүрч байгааг хүлээн зөвшөөрч, бодитой алхам хийх цаг болсон. Эдийн засгийн утгаараа ч энэ улс эх оронд маань хэрэгтэй эд, нийгмийн утгаараа ч улс төрийг цэвэршүүлж, шударга байдлыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.

-Танай намын даргыг эмчилгээндээ явахад Д.Тэр­бишдагва, Ч.Улаан, Л.Цог нар ирж гаргаж өгсөнгүй гэж хэвлэлээр бичигдэж байгаа. Тэд яагаад ирээгүй юм бол?

-Намынхаа даргыг гаргаж өгөхөд тэд ирээгүй нь үнэн. Гэхдээ энэ намын бодлогоор одоо хамгийн өндөр албан тушаал авч ажиллаж байгаа хүмүүс бол тэд шүү дээ. Тиймээс намынхаа даргыг эмчилгээний зайлшгүй шаардлагаар харийн улс руу явж байхад зориуд ирэхгүй байна гэж юу байхав. Хувийн зайлшгүй ажлын улмаас ирээгүй биз дээ гэж зөвтгөж бодож байгаа шүү.

-Таныг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суухаар болсон тухай яриа гараад байна. Мөн Шадар сайд болох нь ч гэсэн мессеж их явж байна. Эдгээр албан тушаалд очсоноор та дахин улс төрд эргэн ирж байна гэж ойлгож болох уу?

-Энэ тухай яригдсан зүйл одоогоор алга байна. Би улс төрдөө л байгаа шүү дээ.

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *