Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэмбэрэлтэй Дэмбэрэлгүй өөрсдийгөө бариад идчихдэг АН-д хуруу нэмэрлэх илүүц байлаа

Хайран ч Дэмбэрэл, хөөрхий ч Дэмбэрэл. Дэмбэрэлтэй Дэмбэрэлгүй өөрсдийгөө бариад идчихдэг, одоо мөд бие биенээ хэмлэж хэлтлээд дуусгах гэж байгаа АН-ынхан дээр МАН-ынхан хуруу, хошуу нэмэрлэж Н.Дэмбэрэлээрээ туг тахих огтхон ч хэрэггүй байлаа. АН-ынхан бол сэдэл гаргаад сэдрээгээд өгчихөд л өөрсдийгөө мэрж идээд, юу ч үгүй болгочихдог нөхөд шүү дээ. Эрх мэдэлтэй болоод ирэхээрээ энэ өвчин нь эхэлж, тэгээд хорин жил гудамжинд гарч, лааз өшиглөөд ханд нь жаахан дарагддаг учиртай юм. 1996 онд үнэмлэхүй ялалт байгуулж, Монголын ард түмэн ардчиллын автор болсон залууст эрх мэдлийг нь өгсний дараа тэд яалаа даа. Дээгүүр доогуураа сэм ярилцаж байгаад Ерөнхий сайдаараа намдаа хожуухан орж ирсэн М.Энхсайханыг томилж, анхны засгаа байгуулж байлаа. Удалгүй М.Энхсайхан биш юм байна гээд, намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн дүрэм журмаа гаргаж ирээд л Ц.Элбэгдоржоо Ерөнхий сайдын суудалд тавьсан. Үүнээсээ асар удалгүй нам дотроо урвалт шарвалт болцгоон Элсний 13-ыг үүсгэн сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад хоёр дахь Ерөнхий сайдаа унагаж байлаа. Гурав дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хувьд өөрийнх нь байгуулсан кабинетын гишүүд нь Орос руу бичсэн захиа гэдгээр шалтаглан нам унагаж, бяц дарж байсан юм. Хэрэв завтай болоод юутайсан бол гэдэгчлэн хугацаа байсан бол түүний дараа Ерөнхий сайд болсон Р.Амаржаргал ч бусдынхаа араас огцрох байв. Ардын Засгийн үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэдэг шиг Ардчилсан Засгийн үед Ерөнхий сайдын тоо эрс нэмэгддэг гэдгийг хүмүүс нэгэнт мэддэг болжээ.

АН-ынхан өрсөлдөгч хүчин болох МАН-ыгаа махны машин гэж шоглонгүй ярьж ирсэн. Үнэндээ өөрсдөө бол ясны машин юм. Тэд ёстой өөрсдийгөө ч хайр найргүй хэмхчиж, ясны гурил болгон үйчиж хаядаг. Засаг барьж байхдаа дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзэж, сонгуулиар Монголын Үндэсний Ардчилсан нам, Социал демократ нам гээд хэд ч билээ хуваагдаж орсон. Тэр жилийн сонгуульд улс төрийн 13 нам, гурван эвсэл сонгуульд өрсөлдсөн гэхээр ардчиллынхан бараг л толгойтой болгон нам байгуулж өрсөлдсөн хэрэг л дээ. Сонгуулийн дүн гарахад сөрөг хүчин байсан МАХН-аас 72 хүн ялалт байгуулж, Монголын Үндэсний Ардчилсан нам, Монголын Шашинтны Ардчилсан намын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс Ж.Наранцацралт, ИЗН-аас С.Оюун, Эх орон-Монголын Ардчилсан Шинэ Социалист намаас Б.Эрдэнэбат, бас бие даагч 27 хүн нэр дэвшсэнээс Хөвсгөлийн Л.Гүндалай нар парламентад сонгогдож байлаа. Өнгөрсөн парламентад нь сөрөг хүчин байсан МАХН-ын хувьд үхрийн бөөр шиг дөрвөн нөхөр үнэндээ инээдэм байлаа. Сөрөг хүчингүй парламенттай болсон нь эрх мэдэлд хүрэхээрээ нэгийгээ үзэхээ байж, хэмлэлдэн ноололддог ардчиллынхны алдааны үр дүн байв. Тэд сонгуулиар үзэл бодлын ялгаатай, үнэт зүйл өөртэй улс төрийн хүчинтэй өрсөлдөхөөсөө өөр хоорондоо үзэж тараад байсан учраас хэн ч ялж чадаагүй нь тэр юм. Угаасаа манай ардчиллын нөхөд нэгэнтэйгээ муудахаараа нууц нандин бүхнээ ил гаргаж, зарлаж байгаад үзчихдэг гэмтэй. Төрийн эрх мэдлийн гадна байхдаа ч нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл нь ч дуусдаггүй. Одоогоос арваад жилийн өмнө АН-ын даргын суудлын төлөө М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёр үзэлцэж, хөлөө гэдсэндээ жийлцэн тамга тэмдгээ авч зугтаж явахад нь ардчиллын ах нар минь арай ч дээ гээд “Тамгатай, тамгагүй хутагтууд” гэсэн нийтлэлээ бичиж байлаа. Одоо ч тэр үеийнх шиг сандал суудал, тамга тэмдгийн төлөөх тэмцэл нь дуусахгүй л байна. Н.Алтанхуягаа нугасалж аваад, намын даргын суудлаа Ерөнхий сайдтай нь хавсраад халааслах хүсэлтэй хүмүүс олон байх шиг. АН-ынхны өрөвдмөөр энэ занг өрсөлдөгчид нь ч мэддэг. Тэд инээдээ ч нууж чадахгүй найруулж, тохуурхаж явсаар өдийг хүрсэн туршлагатай хүмүүс. Салж тусдаа байсан нь алдаа байж гэж нэгдээд АН-ыг байгуулж, улмаар ардчиллын төлөөх бүх намууд нэгдэх хэрэгтэй гэж эвсэл болж сонгуульд орж байсан удаа тэдэнд бий. 2004 оны сонгуулийн үр дүнд МАХН-аас 36, Эх орон-Ардчилал эвслээс 34 хүн сонгогдож байлаа. Ана мана үзэлцэхийн оронд эвсэл болж орсноо тарааж, АН-ынхан сүүлдээ МАХН-ын бүлэгт нэгдэж бүдүүн бүлгийг байгуулж явсан хөгжилтэй үе бий. Тухайн үед УИХ-ын дарга байсан Н.Энхбаяр тохуурхалтай инээдээ барьж чадалгүй алхаа цохиж байсан сан. АН-ынхан ерөөсөө нийлж, нэгдэж чадалгүй биесээ барьж идсээр хохирч хоцордог.

Гэтэл энэ удаад мэдсээр байж, эсгий хийх газар нохой хэрэггүй байхад МАН-ынхан хуруу дүрж байх юм даа. МАН-тай МАН-гүй, Дэмбэрэлтэй Дэмбэрэлгүй нэгнээ үгүй хийж байхад нь гэрээний нууц гэх заалтыг хуурамчаар хийж өөрсдөдөө гал дуудаж байх юм. Н.Дэмбэрэл бол хэвлэл мэдээллийн технологио мэддэг, намын аппаратад ч, Засгийн бүтцэд ч хэвлэл мэдээллийг хариуцаж байсан туршлагатай хүн. Тэр бол жижиг өс санасандаа, эсвэл сэтгэлийн хөөрлөөр ийм ажил хийх хүн биш. Тэгээд ч намын тэр дундаа МАН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан хүн аль нэг даргын зөвшөөрөлгүй хуурамч заалтыг зохиогоод сууж байна гэж байхгүй л дээ. Дээрээс нь Н.Дэмбэрэл бол урьд нь намынхаа өмнөөс Ч.Улаан, Н.Энхбаяр нарын эсрэг нохойд барих мод нь болж ял сонсч байсан болохоор тэгж гоомой хөдлөхгүй байх учиртай. Одоо давтан хэрэг гээд ял улам чангарах нь лавтай. Тэртэй тэргүй АН-ынхан өөрсдийгөө барьж идэж, ясны машиндаа хийгээд эргүүлж байхад МАН-ынхан өмнүүр нь ангалзаж, Дэмбэрэлийгээ зольдог ч ёстой илүүдсэн хэрэг боллоо л доо. АН-ынхны тэнэглэл хэнд ч тодорхой байхад шүү. МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гээд 26-уулаа гарын үсгээ зурж, дээрээс нь эрх баригчдын эвслээс нэг, нэг урвагч олж аваад санаачилгыг гаргахад АН-ынхны хариу үйлдэл нь гайхаш тасалмаар. “Бид МАН-ын тоглоомонд оролцохгүй. Өөрсдөө гарын үсгээ цуглуулж, өөрсдөөбайгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулна” гэж байгаа юм. Нээрээ ч, өөрөө өөрсдийгөө барьж идэж, хүзүүгээ тас хаздаг “сайхан” уламжлалыг нь МАН-ынхан тасалдуулах гэж байгаа учраас тэгэх нь ч аргагүй биз дээ. АН-ынхан бол ийм л улс. Үнэндээ эрүүл хүмүүс ингэж бодох уу даа. МАН-ынханд хандаж хэлэхэд, өмнөх шигээ зүгээр сууж байгаад олонхи болохоо бод. Түүнээс сайн дураараа нэг нэгнээрээ туг битгий тахиад бай. Одоо танай өрсөлдөгч талын ясны машин аяндаа ажиллаад эхэлсэн учраас та нарт хийгээд байх ч ажил алга. Харин 2016 оны сонгуулийн дараа өмнөх шигээ толгойг нь илээд гадаад руу сургуульд явуулж эрхлүүлэхээ болиорой. Харин өөрсөд шиг нь “Сонгинын парламент”-д суулгаж сургамж өгөхөд илүүдэхгүй байх. Тэгээд АН-ынхан дахиад 20 жил гудамжиндаа лаазаа өшиглөж, луувангаа идээд ухаарах нь уу, ухаарахгүй ч байж магад юм. Харин та нар өөрсдийгөө машиндаад явчихдаг намын өмнүүр нь орж, сарвалзалгүй хүлээгээд сууж байвал барав гэж хэлье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *