Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн бухимдалтай явна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 111 эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүс нутгийн болон улсын хэмжээнд иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагууд дэргэдээ өөрийн эмийн сантай байхыг зохицуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт сайжран, эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, эмийн зохистой хэрэглээтэй холбогдон гарч байгаа зөрчил, дутагдал багасах эрх зүйн механизм бий болно гэж хууль санаачлагч үзэж байгаа. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хааж байна, хоёр хуульд оруулж байгаа өөрчлөлт нь хоорондоо зөрчилдөж байгааг засч залруулах шаардлагатай гэж үзээд хэлэлцэхийг дэмжсэнгүй. УИХ-ын О.Баасанхүүгийн хувьд эмийн хэрэглээ хэт өндөр байгаа энэ үед эмийн сан гэх сүлжээгээр бизнес хийж байгааг өөрчлөх шаардлагатай гэж буй. Түүнчлэн эмнэлгүүд дотроо эмийн сантай болсноор хүн амыг чанарын шаардлага хангасан баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, өөрийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлүүлэгчид эм олгож, эмийн зүй зохистой хэрэглээ болон эмийн үнэд хяналт тавих боломжтой аж. О.Баасанхүү гишүүн хуулийн төслийг нь дэмжээгүй тул их л бухимдалтай яваа харагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *