Categories
мэдээ нийгэм

ТЕГ чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгуулна гэв

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн талаар тус бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хувьд одоо өргөн баригдсан төсвийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнээс гадна удирдлагууд нь авлига авсан хэл ам дагуулаад буй Цэвэр агаар сангийн хөрөнгө оруулалтыг 48.8 хувиар буюу 30.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасныг дэмжихгүй байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил тасралтгүй буурч, 2015 оны төсөвт бүр ямар санхүүжилт тусгаагүй байна гэдгийг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцолсон. Түүнчлэн ирэх оны төсвийн төслийг дагалдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах буюу өрийг санхүүжүүлэхээр орж ирсэн аливаа төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Мөн АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралт гээчийг МАН-аас үйлдсэн гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэнтэй холбоотойгоор “ТЕГ хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй, харин улстөрчдийг, улс төрийн хүчнийг хянаж, шалгадаг боллоо” хэмээн дэд дарга Д.Оюунхорол тэмдэглэсэн. Үүнтэй холбоотойгоор тус байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа, эсэхийг шалгуулахаар УИХ-ын дарга болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандахаар болсноо мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *