Өнгөрөгч мягмаг гарагт Брюссель хотноо Орос, Украйн, Европын Холбооны төлөөлөгчид байгалийн хийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм. Уг уулзалтын дараа Европын холбооны Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингер ирэх аравдугаар сарын 29-нд байгалийн хий нийлүүлэх асуудлаар дараагийн шатны гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж мэдээлсэн билээ.
Харин Украины Ерөнхийлөгч Петро Порошенко ирэх долоо хоногийн лхагва гарагт болох уулзалтаар ОХУ Украинд байгалийн хий нийлүүлэх асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа Украины Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
Украин өнгөрсөн жилийн байгалийн хийн төлбөрийг барагдуулаагүйн улмаас ОХУ өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосон билээ. Харин есдүгээр сараас дахин байгалийн хий нийлүүлэх асуудал яригдаж эхлэх үеэр талууд өнгөрсөн жилийн төлбөрийн асуудлаар маргаж эхэлсэн юм.
ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Украин байгалийн хийн төлбөрт тав гаруй тэрбум ам.долларыг төлөх ёстой гэжээ. Энэхүү маргаанаас үүдэн Порошенко Оросын Газпром компанитай хийсэн гэрээг дахин нягтлан шалгах хүсэлтийг Стокгольмын арбитрын шүүхэд тавьжээ. Тэрбээр “Зөвхөн шүүхээс л манай улс Газпромын байгалийн хийн төлбөрт хэдий хэрийг төлөх ёстойг тогтоох болно” гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын талтай тохиролцоонд хүрвэл байгалийн хийн төлбөр болгож 3.1 тэрбум ам.долларыг төсөвлөөд байгаа тухайгаа Порошенко энэ үеэр онцолсон байна.