Categories
гадаад мэдээ

Эболагаас эдгэрсэн сувилагч Обаматай уулзжээ

Либери гаралтай АНУ-ын иргэн Томас Эрик Данканыг сувилж байхдаа Эбола вирусын халдвар авсан хоёр сувилагчийн нэг нь эдгэрсэн байна. Сувилагч Нина Памыг АНУ-ын Эрүүл мэндийн албаныхан Эбола вирусын халдвараас бүрэн эдгэрснийг баталжээ.

26 настай Нина Пам Даллас хотын эмнэлгээс гарсныхаа дараа “Цагаан ордон”-д гэр бүлээрээ уригдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нина Памыг аюулт өвчнийг ялж, бүрэн эдгэрсэнд баяр хүргэж, тэврэлтээр “шагнажээ”. Нина Пам нь дөрвөн жил сувилагчаар ажилласан туршлагатай нэгэн ч АНУ-д Эбола вирусын халдвар авсан анхны хүн болсон билээ. Сувилагчид Эбола вирусын халдвар авсан нь хамгаалалтын хувцас, хэрэглэл бүрэн бус байснаас болсон аж. Халдвар авсан нөгөө сувилагч Эмбер Винсоны бие сайжирсан ч түүнийг хэзээ эмнэлгээс гаргах нь тодорхойгүй байгаа гэнэ.

Нина Пам болон Эмбер Винсон нар өнгөрсөн есдүгээр сарын 28-наас энэ аравдугаар сарын 8-нд Томас Эрик Данканыг нас барах хүртэл түүнийг сувилж байхдаа Эбола вирусын халдвар авсан юм. Томас Эрик Данканыг эмчлах багт 50-70 хүн ажиллаж байсан аж. 42 настай Томас Эрик Данкан өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Либери улсад эгчтэйгээ уулзаад ирснийхээ дараа Эбола вирусын халдвараар өвдсөн юм. Тэрээр АНУ-д Эбола вирус авчирсан, нас барсан анхны хүн болсон билээ. Томас Эрик Данкан болон хоёр сувилагчтай харилцаатай байсан 100 орчим хүн эмнэлгийн хараа хяналтанд байгаа аж.

Эх сурвалж: Yahoo news

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *