Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хиймэл дагуул мөрдөгч Х-37В ХӨЛӨГ

АНУ-ын нисгэгчгүй Х-37В сансрын хөлөг дэлхийн тойрог замд 22 сар орчим хугацаанд аялаад энэ сарын 17-нд Калифорнид амжилттай газардлаа. Уг хөлөг ийм урт хугацаанд тойрог замд аялсан уу, ажилласан уу гэдэг нь нууц хэвээр байна. Хөлөгтэй холбоотой бүхий л мэдээлэл маш нууц зэрэглэлд тооцогдож буй нь олон орны анхаарлыг татаж байгаа. АНУ энэ ажиллагаанаас өмнө ийм төрлийн хоёр хөлгийг долоо, 16 сарын хугацаатайгаар сансарт илгээж байсан юм. Х-37В хөлөг нь өмнөх хоёрынхоо гаргасан замаар л аялсан гэж байгаа боловч олон улс судлаач, шинжээч, тоймчид болсон үйл явдлыг янз бүрээр тайлбарласаар байна. Ихэнх нь энэ хөлгийг тагнуулын зорилготойгоор илгээсэн гэж хардаж байгаа юм. Нисгэгчгүй онгоц Вандербергийн цэргийн нисэх баазад газардсан баасан гаригийн оройноос л шуугиан дэгдэж “Гүн харанхуй дунд юу нь ч мэдэгдэхгүй зүйл буусан. Төд удалгүй бүргэд нүдтэй, могойн хамарт онгоц байсан нь харагдсан” гэх мэтээр уг онгоцыг дүрсэлж байлаа.

Олон удаа ашиглах зориулалттай тус хөлөг дэлхийн тойрог замд нийт 674 хоног ажиллажээ. Маш нууц зэрэглэл бүхий уг хөлөг 8.9 метрийн урт, 2.75 метр өндөр, далавч нь бүрэн дэлгэгдсэн үедээ 4.5 метрийн урттай юм байна. Онгоц болоод буух масс нь 4990 кг аж. Онгоцны иж бүрдэл хэсэг нь маш өндөр технологийг шингээсэн бөгөөд доод хэсэг нь бүхэлдээ цахиурын керамикаар бүрхэгдсэн юм байна. АНУ-ын Агаарын цэргийн хүчний зориулалттай Х-37А загварыг нь өөрчилж сайжруулсан Х-37В хөлгийг 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд “Атлас-5” пуужингийн тусламжтайгаар хөөргөж байсан юм. Тус улс тойрог замын туршилтын нислэгээр нисгэгчгүй ийм гурван онгоцыг сансарт хөөргөн 1367 өдрийн нислэг хийлгээд байгаа бөгөөд тагнуулын зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнчлэн хөлгийн нислэгтэй холбоотой санхүүжилтийг ихэд нууцалж, эдгээр хөлгүүд ямар даалгавартай тойрог замд очдог талаар Пентагоны зүгээс ямар нэгэн тайлбар хийдэггүй юм.

Х-37В хэмжээний хувьд 2011 онд хэрэглээнээс гарсан “Шаттл” хөлгийн дөрөвний нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй юм. Нисгэгчгүй, цонхгүй энэ хөлөг хойноо томоохон хэмжээний сул зайтай, ачааны машин багтах хэмжээний. НАСА мини, нисгэгчгүй хөлөг бүтээхээр зорьсон ч төсөл нь саатсан учир 2004 онд АНУ-ын Агаарын хүчинд шилжүүлсэн нь энэ. Цуврал нислэг хийсэн эдгээр хөлгүүдийг “Боинг”-ийнхон бүтээсэн.

Нэгдсэн улсын агаарын хүчний мэдэгдэлд “Уг хөлөг нь дэвшилтэт технологиор бүтээгдсэн. Дулаан болон өндрийн хамгаалалттай. Бүрэн автомат, хөнгөн нислэгийн системтэй олон дахин ашиглах боломжтой” гэж бичжээ.

АНУ-ын Агаарын хүчин ямар зорилгоор, асар их хөрөнгө хаян байж нисгэгчгүй сансрын хөлөг бүтээлгэсэн бэ. Тэдгээрийг ямар зорилгоор тойрог замд оруулсан бэ. Энэ асуултыг орон орны шинжээчид бие биенээсээ асууж байна.

Маш олон таамаг, хардла­га явж байгаагийн дийлэнх нь эдгээр хөлгүүд тагнуулынх, зарим орнуудын хиймэл дагуулуудын мэдээллийг хуулдаг гэж үзэж байгаа юм. Нэг үгээр хиймэл дагуул мөрдөгч юм. Эдгээр таамгуудаар бол Х-37В хөлөг тойрог замаар аялахдаа БНХАУ, ОХУ, Хойд Солонгос, Иран, Пакистан, Афганистан зэрэг улс орнуудын дээгүүр өнгөрөхдөө хиймэл дагуулуудад нь ирсэн мэдээллүүдийг бүгдийг нь цуглуулж, тагнуулын шинж чанартай мэдээлэл хайдаг байна. Хятадын цэргийн баазууд, агаарын хүчний байршлуудыг тогтоож, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг ажигладаг аж. Ялангуяа БНХАУ-ын хиймэл дагуулуудыг зогсоо зайгүй хянаж, саад болдог байсан гэнэ. Мөн Х-37В-ийг тойрог замаар нисэхдээ өндрөөс бөмбөгдөгч онго­цонд байршлын мэдээлэл дамжуулдаг дайны зориулалттай байсан байж магадгүй гэлцэж байна.

Х-37В хөлгийг сансрын хиймэл дагуулуудыг устгах зэвсэг үйлдвэрлэх төсөлд ашигладаг гэж үзсэнийг АНУ-ын цэргийн албаныхан эрс няцааж байсан удаатай.

БНХАУ болон барууны томоохон мэдээллийн хэрэг­сэлд “Америкчууд сансарт “Жэймс Бонд” киногоо үргэлж­лүүлээд байна уу. Тэр кинон дээр гардаг шиг үйл явдал болоод байна уу” гэж байна. АНУ нууц зэрэглэлтэй дөрөв дэх ийм хөлгөө ирэх онд хөөргөнө гэж төлөвлөжээ.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *