Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн хувийн мэдээллийг төр хамгаалж чаддаггүйг мессежний дуулиан харууллаа

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДУГААРААС СОНГОГЧДОД НЬ МЕССЕЖ БИЧСЭН ЭЗНИЙГ

ТЕГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-

ГИШҮҮДИЙН УТСАНД МЯНГА ГАРУЙ ХАРИУ МЕССЕЖ ИРЖЭЭ

УИХ-ын гишүүдийн дугаараас сонгогчдод нь мессеж илгээсэн дуулиан өчигдөр дэгдлээ. Тойргоос сонгогдсон нэр бүхий 20 гишүүний гар утаснаас өчигдөр өглөө сонгогчдод нь “1.Хужаа цариг 2. Ванк of China 3. Газрын хууль. Та саналаа хэлнэ үү” гэсэн мессеж ирсэн. Үүний хариуд гишүүдийн утсанд сонгогчдоос нь маш олон мессеж ирсэн байна. Гишүүдийг өөр гарал үүсэлтэй, гадаадын улсад үйлчилж байгаа гэх мэтээр харааж, зүхэх, дарамтлах утгатай хэдэн зуун мессеж иржээ “Миний утсанд одоогоор мянга гаруй мессеж ирсэн. Ихэнх нь заналхийлсэн утгатай” гэж ярих гишүүн ч байлаа. УИХ-ын гишүүн А.Бакей чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна.

Өмнө нь Газрын хууль хэлэлцэх үеэр дарамталсан, заналхийлсэн утга бүхий мессежийг УИХ-ын гишүүдэд иргэд бичиж байсан. Зарим нэг мессежийг Тагнуулын ерөнхий газар шалгаж, бичсэн эзэн нь уучлал гуйж байсан билээ. Гурав хоногийн өмнө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын утаснаас “Батзандан, Зоригт, Баттулга гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна” гэсэн мессеж өөрт нь ирсэн тухай УИХ-ын гишүүн М.Зоригт олон нийтэд мэдээлсэн. Гэтэл энэ мессежийг С.Бямбацогт гишүүн бичээгүй гэдгээ мэдэгдэж Тагнуулын ерөнхий газарт хандсан юм. Харин энэ удаад гишүүдийн утаснаас иргэдэд мессеж явуулсан нь анхаарал татлаа. Олонхи гишүүд үүнд оператор компанийг буруутгаж байсан. Гишүүдээр хаягласан эзэнгүй мессежний шалтгааныг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаагаа өчигдөр мэдээлэл хийхдээ онцолсон. Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай “Нэр бүхий УИХ-ын гишүүд манай байгууллагад хандаж энэ асуудлыг тодруулж өгөхийг хүссэн. УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн талаар, шийдвэр гаргахад нь нөлөөлөх зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, зүй бусаар мессэж тарааж байгаа үйлдлийг манай байгууллага шалгаж байна. Уг асуудлын талаар үнэн бодит мэдээлэл өгч, манайхтай хамтран ажиллахыг иргэд, сэтгүүлч та бүхнээс хүсч байна. Асуудал тодорхой болсон үед эргэн тодорхой мэдээлэл өгөх болно” гэсэн юм.

РУМЫН, МАЛЬТА УЛСААС МЕССЕЖ ИЛГЭЭСЭН ГЭВ

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, Дэд захирал Н.Энхсайхан нар өчигдөр мэдээлэл хийхдээ, дээрх мессежийг Румын болон Мальта улсаас илгээсэн гэв. Ингэхдээ Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд халдсан, задруулсан асуудал байхгүй гэдгийг онцоллоо.

Мобикомын хэрэглэгчдэд ижил утга бүхий мессежийг Румын улсын Водафон үүрэн операторын сүлжээнээс ирүүлснийг тогтоосон бөгөөд одоогоор тус улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг зогсоосон аж. Харин Юнителийн хэрэглэгчдэд Мальта улсаас мессеж илгээсэн бөгөөд мөн л тус улсаас ирэх хөдөлгөөнийг зогсоосон гэдгийг мэдэгдлээ. Одоогоор тус хоёр улсын үүрэн холбооны операторын үйл ажиллагааг судалж байгаа бөгөөд уг мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн аж.

Мобиком корпораийн зүгээс УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдэд мессеж илгээсэн шалтгааныг хоёр янзаар таамаглаж байгаа аж. Нэгдүгээрт, тус хоёр улс дахь хэн нэгэн хэрэглэгч гар утас үйлдвэрлэгчийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэгэн программаар дамжуулан, мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байна гэж хардаж байгаагаа илэрхийллээ. Хоёрдугаарт, дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Бид Румын улсын Водафон операторын ямар дугаараас уг мессежийг илгээсэн болон Монгол Улсын үүрэн операторын сим карт, ямар нэгэн электрон төхөөрөмж ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон хуулийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭР ХАДГАЛЖ БАЙНА ВЭ?

Дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг. Маш олон сайт ийм үйлчилгээ үзүүлдэг билээ. Энэ үйлчилгээг авсан хүмүүс нэгнийгээ хуурах, тоглоом хийх зорилгоор л ашиглах эрхтэй байдаг аж. Хуулийн байгууллага шалгасан тохиолдолд тухайн сайтаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийн мэдээлэл ил болдог. Ийм үйлчилгээ үзүүлдэг сайтуудад төлбөрөө онлайнаар төлж болдог. Тиймээс аль ч улсаас үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ нь аль нэг операторын нууцлалтай хамааралгүй бөгөөд технологийн үйлчилгээнүүдийн нэг л аж. Зарим улсын оператор компани ийм үйлчилгээ авч байгаа хүн өөрийнх нь хэрэглэгчдэд мессеж илгээхийг хаасан байдаг аж. Энэ нь хэрэглэгчдээ хамгаалж байгаа нэг үйлдэл гэдгийг тус салбарын эх сурвалж хэлсэн юм.

Өчигдөр гишүүдийн утаснаас илгээсэн мессеж зөвхөн тухайн гишүүн сонгогдсон тойргийн иргэдэд очсон юм. Ж.Батзандан гишүүний дугаараас Баянзүрх дүүргийн иргэдэд Г.Баярсайхан гишүүний дугаараас Чингэлтэй дүүргийн сонгогчдод очжээ. Тэгэхээр тухайн дүүргийн иргэн, ямар утасны дугаар ашигладаг мэдээлэл хаанаас гарсан бэ гэдэг асуудал үүснэ. Оператор компанийг хардлаа гэхэд хэрэглэгчдийг дүүргээр нь ялгах боломжгүй аж. Мобиком корпорацийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийхдээ “Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан бөгөөд энэ жил Германы ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан” гэсэн юм. Гар утасны дугаарын мэдээлэл оператор компаниас гадна хороон дээр байгаа. Төрийн анхан шатны байгууллага болох хороон дээр иргэдийн талаарх нарийн мэдээлэл бий. Энэ мэдээллийг ашигласан байх магадлалтайг хуулийн байгууллага шалгаж байгааг эх сурвалж мэдээлсэн. Тэмдэглэлт баярын өдрөөр тойргоос сонгогдсон гишүүнээс мэндчилгээ ирэх нь энгийн зүйл байдаг. Энэ нь иргэдийн хувийн мэдээллийг төрийн анхан шатны байгууллагаас гаргаж байгаагийн илрэл гэдгийг эх сурвалж хэлсэн. Төрсөн өдрөөр нь гэрийнх нь хаягаар албан тушаалтнаас бэлэг илгээх тохиолдол ч гарч байжээ. “Ер нь иргэдийн хувийн мэдээллийг төр хамгаалж чаддаггүйг мессежний дуулиан харууллаа” гэж хуулийн байгууллагын эх сурвалж хэлсэн юм.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ийм мессеж илгээсэн нь хэн нэгний зохион байгуулсан ажил гэж хардахад хүргэж байгаа аж. Twitter-тээ энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх гишүүд ч цөөнгүй байсан юм. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин twiiter хуудастаа “Бусдын утасны дугаараас бусдад мессеж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхитай холбох гэсэнтэй адил технологи харагдаад байна” гэж жиргэжээ.

Ц.ӨРНӨХ

С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *