Categories
мэдээ цаг-үе

Хонконгийн зуу зуун мянган тэмцэгчдийн тэргүүн- ЖОШУА ВОНГ

Хар өнгийн богино цамц­ныхаа энгэр дээр “Түүнийг хөөж явуул” (Лянь хэмээх Хонконгийн захирагчид зориулсан үг) гэсэн бичээстэй, зузаан нүдний шилтэй, царай муутай, пинтүү халимагтай хүүтэй уулзаж ярилцлаа. 18 нас хүрээд хэдхэн хонож байгаа тэрбээр зогсоо зайгүй хэн нэгэнтэй утсаар ярьж мессеж бичих юм. Хэн ч энэ хүүг анхлан хараад Хонконгт өрнөөд буй оюутны бослогыг санаачлагч, “Csholarism”(сколаризм-мэдлэг,боловсрол) хөдөлгөөний удирдагч гэвээс итгэхэд бэрх аж. Шашны сургуулийн 14 настай сурагч байхдаа хичээлийн хөтөлбөрт коммунист үзэл суртал ханхалсан хөтөлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн 120 мянган хүүхдийг жагсааж эцэстээ амжилтад хүрч байсан гээд бодохоор биедээ тохирохооргүй том “тархитай” нэгэн болж таарах нь. Түүнтэй Оросын “Новая газета”-ын сурвалжлагч ярилцсаныг хүргэж байна.

-Чи өнөөдөр унтаж амарсан уу?

-Замд явахдаа хоёр гурван цаг нойр авсаан.

-Лонг-во өргөн чөлөөг эзэлье гэдэг санаа урьдчилсан төлөвлөгөөний дагуу бус урсгалаараа гэнэт л шийдэгдсэн эсэргүүцэл гэдэг үнэн үү?

-Би сайн мэдэхгүй байна аа. Уг нь бид Иргэний талбайг эзэлж аваад тэндээ цаашид юу хийх вэ гэдгээ ярьж тохирно гэж байсан юм. Даанч талбайд цугларах үед намайг баривчилчихсан.

-Тэгэхэд анх удаа баригдсан билүү.

-Өө тийм. Өөрийгөө хориг­дох юм гэж ч төсөөлөөгүй. 46 цаг саатуулаад есдүгээр сарын 28-нд сулласан. Гарч ирээд хартал Ван-Чай, Козвэй-бэй гээд л төвийн бүх гудамж хүмүүсээр дүүрчихсэн байв. Ингэнэ гэж төсөөлөө ч үгүй.

-Яг одоо хувьсгал өрнөөд байна уу үгүй юу?

-Миний бодлоор л лав хувьсгал биш юм даг. Бид ижил хувцас өмсөөд зэвсэг бариад хүчнийхний эсрэг тэмцээгүй шүү дээ. Ер нь бол хүч хэрэглэхийн эсрэг л байгаа. Манай нөхцөлд ийм байж гэмээнэ иргэдийн дэмжлэгийг авах байх.

-Гэхдээ танай зарим залуус шийдэмгий тэмцэхийг уриалж байгаа сурагтай.

-Манай хөдөлгөөнд хэн ч бай хамаагүй бие дааж үйлдэл шийдвэр гаргаж болдог юм шүү дээ. Яагаад гээч. Анх энд цугларахдаа Засгийн газарт анхааруулга өгөөд л тарах юм бодож байлаа. Гэтэл суллагдаад гараад иртэл пиг дүүрэн хүмүүс бужигнаад гар бариад л.

-Энэ үйл ажиллагааг эхэлүүлсэндээ харамсах юм уу?

-Үгүй. Би өөрийхөө үйлдлийг хэзээ нэгэн цагт эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэдэг. Хонконгийн оршин суугчид, иргэд бид ирээдүйнхээ төлөө тэмцэх үүрэгтэй гэдгээ тогтмол өөртөө сануулж байх ёстой.

-Гэхдээ энэ үүрэг хариуц­ла­гыг оюутан сурагчид бус томчууд үүрэх ёстой бус уу?

-Магадгүй л юм. Тэд чинь ажил төрөл, гэр бүлдээ анхаарал тавиад завгүй байх шиг байна.

-Хонконг Хятадын салшгүй нэг хэсэг мөн үү?

-Би л бас тэгж боддог. Гэхдээ эх газрынхны дэмждэггүй зүйлс энд илүү үнэ цэнтэй байдгийг мартаж болохгүй шүү дээ. Сонгох сонгогдох эрх, арга зүй Хятадад өөрчлөгддөггүй юм гэхэд энд Хонконгт өөрчлөх боломжийг хайх л хэрэгтэй.

-Энд цугларсан олон зуун мянган хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээж буй гэд­гээ ойлгож байна уу?

-За даа үгүй л гэж хэлнэ дээ. Энд цугларсан хүн бүр тусдаа, хэн нь ч одоо босоод явж болно.

-Хэн нэгнийг нь хороовол яана?

-“Сколаризм” юу хийж ча­дах юм бэ. Хүмүүсээ замаас холдоо­рой, тэнд аюулгүй байна гэх ёстой юм уу.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?

-Хонконгийн ирээдүйгээс л шалтгаална даа. Улс төрийн өөрчлөлт, иргэний эрх, засаг захиргаа зэрэг нь хэр хэмжээтэй өөрчлөгдөх нь вэ гэдгээс миний ирээдүй шалтгаална.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *