МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэн асуудлыг хэлэлцэх байсан ч тогтоолын төслийг танилцуулаагүй байхад “Шударга ёс” эвслийн бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өгсөнд ундууцаж байгаагаа хэлэв. Анх МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр Ардчилсан намаас Ж.Батзандан, “Шударга ёс” эвслээс Л.Цог нар Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй хэмээн гарын үсэг зурсан бол өнөөдөр АН, “Шударга ёс” эвслийн 10 гаруй гишүүн тэдэнтэй нэгдэж байгаа тухай хэлсэн юм. Сандал ширээтэй зууралдсан энэ байдлыг цаашид тэвчихгүй гэдгээ бүлгийн дарга С.Бямбацог хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр манай оронд арай гэж төлөвшиж буй ардчиллыг тэд уландаа гишгэж байгааг онцлоод 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөө жил долоон хувь ирэх онд бүр зургаан хувьд хүрнэ гэдгийг дуулгалаа. Долоон их наядын төсвийг зарцуулж байгаа ч өнөө хэр нь эдийн засаг уруудаж байна гэв. Тэгвэл О.Содбилэг гишүүн гадны орнууд манай улсыг хөрөнгө оруулах боломж тааруу, худалч улс гэж байна. Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулъя гэхээр шат шатны албан тушаалтнууд авлига нэхдэг байдал, хүнд суртлаа зогсоох хэрэгтэй гэдгийг сануулсан тухай хэллээ. Тэрбээр цааш нь Economy сэтгүүлд Монгол Улсыг “нүх” хэмээн тодорхойлсон тухай хэлсэн юм. Хаашаа унах нь мэдэгдэхгүй хар ангал мэт олон улсад бичээд эхэлсэн. Энэ Засгийн газрыг байгаа үед гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн ярилаа.
С.Бямбацогт даргаас АН, МАХН-ын дарга нарын байгуулсан гэрээний “Нууц” хэмээх хавсралтыг та жиргэсэн үү гэж асуухад “Би өглөө оройдоо твиттерт орж жиргэдэг. Одоо тэгж явах зав алга. “Нууц” гэсэн хавсралтыг харсан. Хаанаас гарсаныг мэдсэнгүй. Бидэнд олны өмнө гарын үсэг зурсан гэрээ нь л байна. Гэхдээ нууц гэрээ нь задарсан болохоор хуурамч гэж хэлсэн байж мэднэ” гэлээ.
Э.ЭНХ