Categories
мэдээ цаг-үе

Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна

Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлт­сийн дарга О.Энхбаяртай ярилцлаа.

-Өмнөговийн Ханбогдын “Галба 11” талбайд хийсэн 14 өрөмний 13-т нь газрын тос илэрсэн гэх мэдээлэл бай­на. Энэ ордын талаар дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөөч?

-“Галба 11” бол өмнө хийгд­сэн судалгааны үр дүнд газрын тос байх магадлалтай гэж үзэж,1992 онд олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан 22 талбайн нэг л дээ. Энэ талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зон Хэн Юу Тиан” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. 2009 онд анх гэрээ байгуулж байсан юм. Галба 11-ийн байршил гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатан­булаг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг. Гэхдээ талбайн 90 хувь нь Ханбогд сумын нутагт хамаардаг. Энд хайгуулын 14 цооног өрөмдсөн юм. Бүх цооногт нь тосны шинж тэмдэг тогтоогдсон. Үүнээс гурван цооногт нь 20 орчим хоног туршилт хийж, 1500 метр куб түүхий тос олборлосон байгаа.

-Тэгэхээр тэнд хайгуулаас гадна олборлолт явагдаж байж. Олборлолтыг нь яагаад үргэлжлүүлээгүй юм бол?

-“Галба 11” талбай болон тос гарсан блокийн хувьд үнэлгээ хийгдээгүй, нөөц тогтоогдоогүй, олборлосон тосоо хэрхэн борлуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн шалтгаанаар олборлолтыг зогсоосон юм. 2012-2013 оны тухайд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахгүй удсан тал бий. Компанийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гэсэн асуудал ч байсан. Энэ мэт шалтгаанаас болж хайгуулын ажил зогсонги байдалд орсон хэрэг. Харин 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хууль батлагдаж, газрын тосны салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болсон л доо. Нэгэнт орчин нь бүрдсэн учраас “Галба 11” талбайд газрын тос үүсэх боломжтой тогтоц, өрөмдөх цооногийн байршлыг тогтооход чухал ач холбогдолтой гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Одоогоор 358.9 км.квадрат талбайд чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Манай газраас саяхан газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. Ажил нь 50 гаруй хувьтай явж байна. Хээрийн боловсруулалтын түвшинд маш сонирхолтой бүтэц, тогтоцууд тогтоогдож байгаа гэсэн эерэг мэдээллийг “Зон Хэн Юу Тиан” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “ВGP” компанийн мэргэжилтнүүд танилцуулж байсан.

-Өмнөговийн “Галба 11”-ийг Тамсагтай эн зэрэгцэхээр орд гэж яриад байгаа. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-“Галба-11” талбайн хувьд одоогоор албан ёсны нөөц нь тогтоогдоогүй байна. “Зон Хэн Юу Тиан” компанийн судлаачид Тамсагаас дутахгүй орд илэрнэ гэж үзэж байгаа. Бид ч “Галба 11” талбайд Тамсагийн ордтой дүйцэхүйц хэмжээний нөөц илэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та нарыг очих үеэр хөрөнгө оруулагч компанийн зүгээс тодорхой ямар ямар мэдээллүүд өгсөн бэ?

-Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт уулзалтад “Зон Хэн Юу Тиан” компанийн хайгуул хариуцсан захирал оролцохоор ирсэн л дээ. Тэр хүн “Галба 11” талбайн ирээдүйн талаар маш сонирхолтой мэдээлэл өгч байсан. Одоо хийгдэж байгаа гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын үр дүнгээр тос илэрсэн блокоос илүү сонирхолтой хотгор тогтоогдсон гэж ярьсан. Бас дараа жил томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 14 цооног өрөмдсөн блок дээрээ үнэлгээний зургаан цооног өрөмдөнө гэж байна лээ. Үнэлгээний ажил үр дүнтэй болчихвол тухайн блокыийн нөөцийг бодож, олборлолтод шилжүүлнэ гэж байна. Ашиглалтын 20 орчим цооног өрөмдөнө, мөн энэ жилийн гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийсэн талбайд хайгуулын зургаан цооног өрөмдөнө гэж төлөвлөж байгаагаа ярьсан. Гэхдээ ажлын төлөвлөгөө нь албан ёсоор батлагдаагүй байгаа.

-Хайгуулын явцад сонирхолтой хотгор газар олсон гэж компанийнхан мэдээлсэн юм байна. Хотгор газар гэдгийг энгийнээр тайлбарлаач. Нөөц нь илүү гүндээ байна гэсэн үг үү?

-1940-1960 онуудад газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгаанд үндэслэн хотгоруудын талбайн хэмжээ 500 000 км.квадрат, тунамал хурдаст зузаан нь 4500 метр хүртэл гээд тунамал хурдаст хотгоруудыг ялгасан байдаг л даа. Хотгор гээд байгаа нь тунамал хурдасыг хэлж байгаа юм. Хичнээн гүн хотгор байна төдий чинээ тос үүсэх магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ хотгор бүрт тос байна гэж ойлгож болохгүй л дээ. Монголын геологийн нөхцөл маш төвөгтэй. Тосны хураагуурууд нь нимгэн. Тектоникийн хагарлын нөлөөгөөр шилжилт хөдөлгөөнд их өртсөн байдаг. Тийм учраас газрын тосыг олж, илрүүлэхэд маш хүндрэлтэй. Тос олборлож байгаа цооногийн яг хажууд нь өрөмдөхөд л тос илрэхгүй байх жишээтэй.

-Тос агуулсан хэсгийн гүн аймаг аймгаараа ялгаатай байх уу?

-Тос агуулсан хурдасын гүн нь янз бүр л дээ. Дорноговийн сав газарт 1200-1800 метр, Тамсагийн сав газарт 2300-3200 метр, Өмнөговийн сав газарт 800-1200 метр байна.

-“Галба 11” талбайд хэчнээн ам.долларын хайгуул хийсэн бэ?

-“Зон Хэн Юу Тиан” компани 2009-2012 онд 36.7 сая ам.долларыг хайгуулд зарсан байдаг. Энэ онд хийсэн гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын өртөгтэй нийлүүлж тооцвол 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд газрын тосны хайгуулын ажил маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ дурьдахад, гурван хэмжээст чичирхийллийн судалгааны нэг км.квадрат ажлын өртөг гэхэд л 30000-35000 ам доллар байдаг юм. Ажлынх нь хэмжээгээр үржүүлэхээр 10 орчим сая ам.доллар болж байгаа юм.

-Нэг өрөм тавихад хичнээн ам.доллар зарцуулдаг вэ?

-Геологийн тогтоцоос шалтгаалаад өөр өөр байдаг. Дунджаар хоёр сая орчим ам.доллар зарцуулдаг.

-Газрын тосны хууль шинэчлэгдэхээс өмнө компаниуд хүлээлтийн байдалтай байсан гэж та ярилаа. Өмнөговьд одоо хайгуулын ажил ид өрнөж байна уу?

-Тиймээ. Хайгуулын ажил боломжийн хэмжээнд явагдаж байна. Дараа жилээс улам эрчимжинэ. “Магнай трейд” компани “Баянтүмэн 17” талбайд 523 тууш км-т хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, “Эн Пи Ай” ХХК “Хөхнуур 18” талбайд нэг хайгуулын цооног өрөмдсөн. “Сансрын геологи хайгуул” ХХК “Цайдам 26” талбайд нэг цооног өрөмдсөн бол “Зон Хэн Юу Тиан” 358 км.квадрат талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийгээд байна. Мөн “Импайр газ” ХХК “Борзон 7” талбайд, “Шунхлай Энержи” компани “Сулинхээр 23” талбайд энэ ондоо багтаан хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.

-Газрын тосны хайгуулын ажил хийдэг Монгол компаниуд бий юу?

-Газрын тосны хайгуулын гурван хэмжээст чичирхийллийн ажил, өрөмдлөг, каротаж, туршилт зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг компани одоохондоо Монголд байхгүй. Эдгээр ажлуудыг газар нутгийн хувьд хамгийн ойрхон БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэж байгаа. Хайгуулын бэлтгэл ажлыг хангахад маш их цаг хугацаа шаардагддаг. Гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрөл, тоног төхөөрөмж оруулж ирэх гэх мэт өчнөөн ажил бий. Нэг өрөм тээвэрлэхэд 70-80 машин ачаа болдог. Өрөмдлөгийн ажлыг гэхэд л 50-60 хүн гүйцэтгэдэг. Галба 11 талбайд гүйцэтгэж буй гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг 330 орчим хүн гүйцэтгэж байгаагаас 153 нь тухайн орон нутгийн иргэд ажиллаж байх жишээний. Хятад ажилчдад зөвшөөрөл авч оруулж ирэх, монгол ажилчдыг цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулахад багагүй цаг хугацаа шаардагддаг.

-Өмнөговьд яг хичнээн компани хайгуул хийж байгаа вэ. Хайгуулын үр дүн хэр байна?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. “Борзон 7” талбайд “Импайр газ” ХХК ажиллаж байгаа. Саяхан Засгийн газрын шийдвэрээр “М Си Эс” ХХК-иас эрх үүргийг нь шилжүүлжавсан юм. “Номгон-9” талбайд “Сансрын геологи хайгуул” ХХК, “Төхөм 10” талбайд Монголын алт ХХК, “Галба 11” талбайд “Зон Хэн Юу Тиан” ХХК ажиллаж байна. Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсанаар огт судлагдаагүй талбайд эрлийн ажил гүйцэтгэх эрхзүйн орчин бүрдсэн. “Эрдэнэс таван толгой ХХК, “Монголын Алт” ХХК-иуд нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээ байгуулаад байгаа. Эрэл, хайгуулын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаа тул үр дүнгийнх нь талаар ярихад эрт байна.

-Манай улсын газрын тосны нөөц хэр бол. Хайгуул хийх бололцоотой байршлуудыг тогтоочихсон байдаг уу?

-1992 онд өмнө нь хийж байсан судалгаанд үндэслэж газрын тос байх магадлалтай 22 талбайг ялгасан юм. Нэмж талбай ялгаж, зарим талбайг хувааснаар өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 31 талбай байна.

-Хичнээн талбай нь олборлолтод шилжээд байгаа вэ, удахгүй олборлолтод шилжих талбай лав л “Галба 11” байх шиг байна?

-21 талбайд нь гэрээ байгуулсаны гурван талбай нь олборлолтод шилжээд байгаа. Дараагийн олборлолтод шилжих магадлалтай талбай гэвэл мэдээж “Галба 11” байна.Мөн “Хөх нуур 18” талбайд таван цооног өрөмдсөнөөс дөрөвт нь тосны шинж тэмдэг илэрсэн. Энэ онд нэг цооногт туршилт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын үр дүн маш чухал байна. Бусад талбайн хувьд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний ажил хийж байж л тос байгаа үгүйг тогтооно. “ПетроЧайна Дачин” компани хоёр талбайд хоёр тэрбум орчим ам.доллар зарцуулсны үр дүнд олборлолтод шилжсэн. 19, 21, БХГ-97 талбайнх нь хувьд баталгаат нөөцийн хэмжээ 332.64 сая тонн байна. Үүнээс ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээ нь 43.2 сая тонн байгаа. Нөөц өсгөх аргуудыг хэрэглэснээр нөөц нь тодорхой хэмжээгээр өсөх боломжтой.

-Хайгуул хийгээд амжилтгүй болсон жишээ байна уу?

-Газрын тосны хайгуул маш эрсдэлтэй. Тариач 15 талбайд 21 цооног өрөмдсөнөөс хоёр цооногт тосны шинж тэмдэг илэрсэн төдий байна.Матад 20 талбайд 11 цооног өрөмдсөн ч үйлдвэрлэлийн ач холбогдолтой тос илрээгүй. Энэ хоёр компани хоёулаа л хайгуулд 60 орчим сая ам.доллар зарцуулсан. Газрын тосны хувьд тос илрэх тийм ч том амжилт биш. Ийм их хөрөнгө зарчихаад үйлдвэрлэлийн ач холбогдолтой орд илрүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд маш том эрсдэл. Монголын хувьд эрсдэл өндөртэй хайгуулын ажлаа гэрээлэгчдийн хөрөнгөөр хийлгэчихдэг. Тос олдохгүй бол ямар ч эрсдэл үүрэхгүй. Харин тос олдвол олборлолт явагдаж, борлуулалт хийгдсэн өдрөөс нь л ашгаа хүртэж эхэлдэг.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *