Categories
мэдээ нийгэм

Гамшигт үзэгдэл нэмэгдэхийг анхаарууллаа

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөллийн тухай тав дахь тайлан илтгэл хэвлэгдэн гарчээ. Дэлхийн 300 гаруй эрдэмтэд 2008 оноос хойш ажиллаж, 70 гаруй орны 1700 шахам эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дүнг нэгтгэн уг тайлан илтгэлийг боловсруулж, 12000 гаруй мэргэжилтэн, судлаачдын саналыг тусгажээ. Уг тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт улам тодорхой ажиглагдаж, улс орнуудын байгаль орчин, нийгэм-эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар, нөлөө үзүүлж, ноцтой эрсдэл бий болгож байгааг дурджээ. Агаарын температур дахин хоёр градусаар нэмэгдвэл дэлхийн эдийн засгийн жилийн алдагдал 0.2-2 хувь хүрнэ хэмээн тооцоолсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, учруулах үр дагавар нь 2007 онд гаргасан тайлан илтгэлийн үзүүлэлтээс төсөөлж байснаас ч ихээр давж, эрсдэл нь эрс нэмэгдсэнийг тэмдэглэсэн байна. Ингэхдээ ихэнх бүс нутгуудад хур тунадас өөрчлөгдөж, цас мөсөн бүрхүүл эрчимтэй хайлж байгаа нь усны нөөц болон чанарт ихээхэн нөлөө үзүүлж, энэ нөлөөлөл улам бүр нэмэгдэх шинжтэй байгааг анхааруулжээ. Мөн хуурай уур амьсгалтай зарим бүс нутагт улам хуурайших, улмаар гангийн учруулах хохирол нэмэгдэж байна. Ингэснээр таримал ургамал, ялангуяа үр тарианы ургамлын ургац зарим бүс нутагт 25 хүртэлх хувиар буурсныг тайлан илтгэлд дурдсан байна. Энэ нь ядуу орнуудын хүнсний аюулгүй байдал сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Мөн илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалт, хүйтрэл, хүчтэй салхи шуурга, аадар бороо, их цас, үер зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн учруулах хохирол улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдал цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *