Categories
мэдээ спорт

Жудочид багийн дүнгээр тэргүүлж байна

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдөж байна. “Ташкент Гранпри-2014” тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн бөх оролцож байгаагаас өнөөдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир алт, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх,73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг,63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.

Гран-при тэмцээний 73 кг жингийн алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг бөх шалгарснаас С.Ням-Очир ялалт байгуулж, түрүүллээ.

Олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Итали, Узбекстан, ОХУ-ын бөхчүүдийг, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир Турк, Франц болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар финалд шалгарсан юм.

Тэмцээний хоёр өдрийн дараахь байдлаар Монгол Улс хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөдөөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг жингийн барилдаан болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *