Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт 95 хувьтай байна

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын 30 минут” энэ удаагийн уулзалтаар Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Ш.Түвдэндорж оролцон, мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

Сайдын өгсөн мэдээллээр энэ өвөл 50 орчим сая мал өвөлжинө. Улсын хэмжээнд 1.25 сая тн өвс бэлтгэхээс 80 орчим хувийг нь бэлтгээд байгаа юм байна.

Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор малчдын ноосны урамшуулалд олгосон 36 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 3.6 тэрбум төгрөгийг сум, дүүрэг бүрт олгож өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж байгаа гэнэ. Хадлан бэлтгэлд 180 мянган хүн ажиллажээ. Франц, Германаас өндөр ашиг шимт үүлдрийн 850 үхэр, ОХУ-аас 800 бүл зөгий импортлосон зэрэг ажлыг эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийсэн байна.

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 95 хувьтай, энэ сарын 20 гэхэд бүрэн дуусна. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тн үр тариа, үүнээс 439.8 мянган тн буудай, 154.7 мянган тн төмс, 100.2 тн хүнсний ногоо, 47.8 мянган тн тосны ургамал, 41.2 мянган тн тэжээлийн ургамал хураах тооцоог тус яам хийжээ. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийт 23 гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж, 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн хугацаанд 850 төгрөгт барина гэж тооцсон байна. Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд 12 мянган тн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-ний өдөр дахин зарлажээ. Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон зэрэг мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *