Categories
мэдээ нийгэм

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн өдрийг тэмдэглэлээ

Дэлхий нийтээр аравдугаар сарын 15-ныг хөдөөгийн эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдрийг угтан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хамтран Нью-Йорк хотноо “2015 оноос хойших хөгжлийн зорилтуудын хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах боломжийн тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НҮБ-ын системийн байгууллагууд, гишүүн орнууд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон уг хэлэлцүүлгийг Канад улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Гилермо Ришчински, Монгол Улсын Гадаад харилцааны яамны олон улсын байгууллагын зөвлөх О.Энхцэцэг нар удирдан явуулжээ.

Монгол Улс нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын санаачлагчдын нэг юм.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг 1975 онд Мексикт, 1995 онд Бээжинд тус тус болсон дэлхийн эмэгтэйчүүдийн хоёр удаагийн бага хурлаар хэлэлцсэний зэрэгцээ Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг глобал хөгжлийн баримт бичгүүдэд тусгаж, холбогдох арга хэмжээг авч ирсэн хэдий ч дэлхий даяар хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд ядуурал, ажилгүйдэл өндөр, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж тааруу хэвээр байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *