Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манийгаа тэжээх Таван толгой мажийчих гэж байгаа дуулдах юм

Монголчуудын найдвар горьдлого тавьж суугаа газруудын нэг бол Таван толгой. Таван толгойтой холбоотой шинэ шийдвэр, мэдээлэл бүрийг монголчууд бид чих тавин хүлээж суудаг. Таван толгойтой холбоотой нэг зөв шийдвэр гарсан байдаг. Тэр нь гадныхны мэдэлд байсан Таван толгойн лиценз үндэсний хөрөнгөтнүүддээ ирсэн явдал. Харин нэг муу шийдвэр гарсан байдаг нь төр мэдэлдээ авч нийгэмчилсэн байдал. С.Баяр Ерөнхий сайд байхдаа хурц, эрмэг имижээ ашиглан хувийн мэдлийнхэнд байсан Таван толгойн хувь, хувьцаануудыг төрд эргүүлэн авч байлаа. Тухайн үедээ эелдгээр хэлэхэд хөөрцөглүүлж, үнэндээ бол шахалт үзүүлж байгаад л хувийн хэвшлийнхнээс булааж авч байв. Хэдийгээр хэдэн хүний мэдэлд байж байгаад цөөхөн хүнийг баяжуулах биш бүх нийтийн өмч болгоно гээд байсан ч үнэндээ төр мэдэлдээ авснаар юу өөрчлөгдсөн юм бэ. Бид баахан хувьцаатай болсон гээд баярлаад байдаг урагшлахгүй, хөгжихгүй өм­чийн эзэн болох хэнд хамаатай билээ. Сүүлийн үед сонсоод байх нь ээ туслан гүйцэтгэгч компанитайгаа ойлголцохгүй, гучаад сая долларын наад цаадах асуудлаас болоод ажил нь бүр таг зогсч байгаа дуулдах юм.

Тэгэхээр Таван толгой төрийн мэдэлд очлоо гээд сайжирч урагшилсан зүйл байна уу. Угаасаа төрийн мэдлийн Таван толгой, хувийн мэдлийн Ухаа худгийг харьцуулаад харахад арчтай айлын хүүхэд, урд хормойгоо өшигчсөн авгайн хүүхэд шиг л ялгаатай харагддаг. Бид Таван толгойг ард түмнийх болголоо гээд төрийн мэдэлд авчраад хожсон зүйл үнэндээ алга. Олж байгаа мөнгө ч алга, гаргаж байгаа нүүрс ч алга. Үнэндээ хувийнхны мэдэлд байсан бол эзэнтэй, арчтай байх байжээ. Гэхдээ одоо хувийнханд өгнө гэвэл би ч авна, чи ч авна гээд хардлага сэрдлэг нь дуусахгүйн зовлон монголчуудад бий. Одоогийн байдлаар хамгийн шударга хийгээд ухаалаг шийдэл бол концессын гэрээ л байна.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн ганц гол арга концессын гэрээ болоод удаж байна. Төр өөрөө хөрөнгө оруулж барахгүй тэгсэн атлаа дороо дараад суугаад байхын оронд хувийн хэвшилд байдаг нөөц бололцоог ашиглах хэрэгтэй. Өмч төрд очихоор үнэгүйдэж, хувийн хэвшлийнхэнд очихоор хамгийн ашигтай бас хамгийн шинэ технологи орж ирдэг гэдэг нь үнэн. Тэгэхээр төр Таван толгойг ч гэсэн хувьд өгвөл таарна. Монголчууд бид хэдэн толгойдоо найдаж амьдарч байгаа улс. Төр мэдэлдээ Таван толгойг авчирчихаад аваад явж чадахгүй гэдэг нь батлагдлаа. Тиймээс манийгаа тэжээх Таван толгойг мажийчихаас нь өмнө хувийнхны бараа л харуулчихмаар байна шүү.

Э.ЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *