Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх оны төсвийн төслийг татахыг шаардав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шаардлагатай гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан бол өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн хуулийн төслийг энэ байдлаар нь хэлэлцэн баталбал эдийн засаг сайжрахгүй. Тэр тусмаа иргэдийн орлогыг нэмэгдүүлээгүй байж нэр бүхий дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх нь эргээд сөрөг үр дагаврыг олноор бий болгоно гэв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр бол нэг тоо толгой малд ногдуулах малын хөлийн татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан олгож болох эрхийг орон нутгийн ИТХ-д нь олгож байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн татварт жилдээ 800 мянган төгрөг төлдөг байсан иргэн 1.6 сая хүртэл төгрөгийн татвар төлөхөөс аргагүй болно. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар хот болон Орхон аймагт нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд мөн л жижиг суудлын тэрэгтэй иргэн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 72 мянган төгрөгийн татвар төлнө.
Мөн өрийн хэмжээ ирэх онд ДНБ-ний 90 хувьд хүрнэ. Энэ мэтчлэн олон хүлээж авахад бэрх ард иргэд, үр хойчдоо ачаа үүрүүлсэн хариуцлагагүй төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн учраас татаж авах шаардлага тавихаар МАН бүлэг шийдвэрлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *