Categories
мэдээ цаг-үе

МУСТА Д.Намсрайноров: “Хонгор чамдаа” намайг олонд таниулсан сайхан дуу

МУСТА Д.Намсрай­норовын тоглолт энэ сарын 14-ний өдөр болох юм. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Одоо гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Өмнөх тоглолтуудаасаа юугаараа ялгаатай вэ. Энэ удаад бас хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийх үү?

-Нийслэлд гурав дахь бие даасан тоглолтоо маргааш хийх гэж байна. Бөхийн өргөөнд хоёр жилийн өмнө хоёр өдөр тоглож, дараа нь үзэгчдийн хүсэлтээр хоёр өдөр сунгаж тоглож байсан. Энэ удаад нэг удаа л тоглоно. Дуусгаад Монгол орныхоо аймаг бүрт “Намсрайноров 2014” аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Миний анхны тоглолтыг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан. Дараагийн тоглолтыг “Дунд урт” продакшн зохион байгуулж байлаа. Одоо болох тоглолтондоо анхаарлаа их хандуулж байгаа. Өдөр тутмын ажлаа өөрөө хийж, тоглолтоо фэнүүдтэйгээ хамтарч зохион байгуулж байгаа нь онцлог юм уу даа. Фэйсбүүкийн найзууд маань надтай цуг тоглолтын билетийн зураг, анонсны зургийг сонголцсон. Тоглолтондоо ийм дуу сонсмоор байна гэсэн хүсэлтийг авч, багийнхантайгаа хэлэлцсэн.

Яагаад заавал билетийн зурганд хүмүүсийн саналыг аваад байгаа юм бэ?

-Тэр тасалбар надад биш худалдан авсан хүмүүст үлдэнэ. Миний дууг сонсохыг хүсдэг хүмүүс өөртөө таалагдсан зурагтай тасалбараа авсан нь дээр гэж бодсон. Намайг орон нутгаар тоглолтоо хийж байхад хүмүүс гэрийнхээ хананд миний зургийг өлгөсөн байсан. Тэгэхээр өөрт нь таалагдах зургийг өгөх ёстой юм байна гэж бодсон учраас “Сэлэнгэ пресс” компани миний тоглолтын тасалбарыг B4 хэмжээгээр хийж байгаа. Бүх үзэгчиддээ плакат шиг билет хэвлүүлж байгаа.

Таныг МУГЖ Бат-Эрдэнэ олонд таниулсан гээд байдаг?

-МУГЖ Бат-Эрдэнэ ахтайгаа байнга хамтарч ажилладаг. Мэдээж бас танигдахад түлхэц болсон. Бат-Эрдэнэ ах бид хоёр гурван хит дуутай. Ах маань одоогоор их завгүй байгаа учраас хааяахан ярьж санал солилцож байгаа.

-“Дурлан дурлан хайрламаар” дууг хүмүүс сайн муугаар их ярьдаг. Дуу төрсөн түүхээс яриач. Найрагч Алтантүлхүүр үгийг нь зохиосон байх аа?

-Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА Ч.Алтантүлхүүр “Дурлан дурлан хайрламаар” дууны үгийг зохиосон. Аяыг нь миний дотнын ах МУГЖ Ч.Бат-Эрдэнэ зохиосон. “Дурлан дурлан хайрламаар” дууны хувьд хоёр зохиогчтойгоо гэрээ хийгээд албан ёсоор энэ дуугаа авсан. Би энэ дууг хит болно гэж төсөөлөөгүй. Дуу маань хоёрдугаар сарын эхээр бүтсэн. Энэ дууг хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу валентиний өдөр бүх FM-үүдэд зэрэг өгсөн. Мөн үүрэн телефоны “рингтон”-уудаар зэрэг өгсөн. Тэр үед “Хар хархан харц” дуу хит болж байсан үе. Түүнтэй зэрэгцээд л өрсөлдөөд гараад ирсэн.

“Дурлан дурлан хайрламаар” дууны “Гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа” гэсэн мөрийг их өлгөж авч ярьдаг юм. Намсрайноров ийм, тийм гээд л янз янзаар л яриад байна лээ. Зүгээр л сайхнаар төсөөлж хэлж байгаа л утгатай шүү дээ. Бас муу зүйлийг гангын үнэрээр дарж ариусгадаг шүү дээ. Энэ мэт сайхан зүйрлэлтэй л дуу.

Өөрөө дандаа л хайрын тухай дуу дуулдаг. Хэр романтик хүн бэ. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Эхнэрээ оюутан байхдаа анх удаа караокед харж байсан. Дараа нь хоёр жил таараагүй явж байгаад СУИС-ийн зүүн урд талын ресторанд бармен хийж байхад нь хоёр дахь удаагаа таарч танилцсан. Тэгээд л сэтгэлтэй болсон доо. Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэг шиг учирсан даа бид хоёр. Тэгээд л одоо хамтдаа сайхан амьдарч байна.

Хэдэн хүүхэдтэй билээ. Гэр бүлдээ хэр цаг зав гаргаж байна. Дандаа л хөдөө тоглолтоор явж байдаг шүү дээ?

-Харин тийм тал бий шүү. Том охиноо төрөхөд би эхнэрийнхээ хажууд байсан. Хүүгээ төрөхөд хөдөө орон нутгаар тоглолттой байсан. Тун удахгүй гурав дахь үрээ өлгийдөж авах гээд зэхээд байна. Хотод тоглоод шууд баруун аймгуудаар тоглохоор явах учраас гурав дахь хүүхдээ мэндлэхэд эхнэрийнхээ дэргэд байж чадахгүйд хүрээд байгаа. Гэрийн ажил, хүүхэд өсгөнө гэдэг ямар ч өндөр цалинтай, ямар ч сайхан ажлаас илүү далайцтай ажил юм. Тийм учраас эхнэртээ баярлалаа гэж хэлмээр байна.

Дуучин Намсрай­норовыг Төв аймгийн мянгат малчны хүүхэд гэдгийг хүмүүс сайн мэддэг. Аав, ээж дээрээ очиж амждаг биз дээ?

-Уран бүтээлийнхээ завсар чөлөөгөөр гэртээ очоод аав ээждээ тусалдаг. Байнга очиж чаддаггүй юм. Энэ удаагийн тоглолтыг аав, ээж хоёр маань ирж үзнэ.

Та яагаад дуучин болъё гэж бодсон бэ. Барилддаг байсан гэсэн?

-Би 18 настай байхдаа автомашины осолд орж нэлээн хүнд гэмтэл авсан. 2-3 жил ээжээрээ асруулж өвчтэй хэвтэж байхад их юм боддог юм билээ. Өөрийгөө ялж дийлэх ёстой, юу хийж чадахаа үзэх ёстой гэж бодсон. Өвдөхөөсөө өмнө бөхийн спорт сонирхдог байсан. Өвдсөнөөсөө хойш барилдахаа больсон. Би осолд ороод, үеийнхнээсээ таван жилээр хоцорсон. Намайг 2003 онд СУИС-т элсэн орж байхад миний үеийнхэн их сургуулиа төгсч байлаа. Сүүлд СУИС-д орж, дуулж эхэлсэн болохоор намайг залуухан гэж хүмүүс боддог юм шиг байна лээ. Би Жавхлан, Баясгалантай нэг үе.

Таны амьдралаа чиглүүлэх үзэл бодол ямар байдаг вэ. Аав, ээжийн захиас байдаг байх?

-Өвчтэй хэвтэж байхад их зүйлийг эргэцүүлж, бодох цаг гарсан. Хүний хэлсэн үгийг ч их эргэцүүлж боддог болчихсон. Өвчтэй байхдаа С.Зоригийн сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Тэнд “Хүний итгэлийг олох ганцхан л зам байдаг. Хэлснээ хийдэг байх” гэж С.Зориг агсан хэлсэн байсан. Тэр үгийг би дандаа санаж, бүр амьдралынхаа мөрдлөг болгож явдаг. Мэдээж аав, ээжийн захиас байлгүй яахав. Гэхдээ энэ үг сэтгэлд минь их хүрсэн дээ.

Дуучин Намсрайноров гэхээр л хүмүүс өтгөн хөмсөгтэй залуу юу гэдэг шүү дээ. Хөмсөг тань таны имиж болдог уу?

-Эхлээд энэ өтгөн хөмсөгнөөсөө ичдэг байсан. Тэгээд л дутуу биш илүү юмнаасаа ичээд яахав дээ гэж бодсон. Өөрөөсөө илүү өтгөн хөмсөгтэй хүнтэй тааралдаж байсан, бас л сонин харагдаж байна лээ шүү. Намайг бүр “Шинэ үе”-ийн жүжигчин Сөрөлт маань элэглэсэн байдаг. Их өтгөн хөмсөг наачихсан тайзан дээр дуулж байна лээ. Би өөрөө үзэж байсан болохоор хараад инээд хүрч л байлаа. Бараг бусдаас ялгарах зүйл л болоод байх шиг.

Олонд танигдсан анхны дуу сэтгэлд их дотно байдаг. Оюутан байхдаа дуулж байсан гэдэг байх аа?

-Тийм шүү. 2006 онд СУИС-ийн гуравдугаар курсын оюутан байхдаа “Хонгор чамдаа” дуугаа анх дуулж байсан юм. Ийм сайхан дуутай болсон би их азтай залуу. Яруу найрагч нь миний лам багш байдаг юм. Надад дууныхаа үгийг бэлэглээд “Энэ дуугаар чи олонд танигдана” гэж билээ. Би өөрөө их сүсэгтэй хүн. Аялгууг нь Билэгт зохиож байсан. Надад олон сайхан дуу хийж өгсөн хүн дээ. “Хонгор чамдаа” дуу маань Намсрайноров гэдэг нэрийг олонд таниулсан сайхан дуу.

Та эмэгтэй дуучинтай хослон дуулдаггүй шүү дээ. Таныгдуулж эхлэхэд дандаа л хослон дуулдаг байсан үе.Яагаад ийм сонголт хийсэн юм бол?

-Анхнаасаа ганцаараа дуулсан. Ер нь би хамтарч дуулъя гэж боддоггүй л дээ. Хосоороо дуулах нэг үе “мода”-нд орсон үнэн. Миний бодлоор нэг гэр бүлийн хос дуучид нэг зүгт харж явдаг болохоор урлагтаа үлдэж байгаа байх. Тусдаа өөр гэр бүлтэй хүн дуэт дуулахаар хоёр хүний санаа өөр өөрийнхөө зүг рүү явах байх л даа. Анхны тоглолтон дээр ангийнхаа Болормаатай Ё.Сүхбаатарын аялгуу МУГЖ Бүрнээбаяр эгчийн дуулж амьдруулсан “Санаанд илхэн хань” дууг нэг удаа дуулсан юм. Хүмүүс сайхан хүлээж авч байсан. Гэхдээ ангийнхаа хүүхэдтэй “Үгүй дутуугаа гүйцээж өчнөөн жил ханилсан” гээд дуулахаар жаахан эвгүй санагдсан. Би эхнэртэйгээ дуулж байгаа бол “өчнөөн жил ханилсан” гээд бие бие рүүгээ хараад дуулж болно. Зарим нь дуэт дуулдаг дуучид дуулсаар байгаад нэг гэртээ орсон тохиолдол байдаг. Тэгэхээр дуу гэдэг үнэхээр хүчтэй зүйл шүү.

Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриач?

-Сая болсон ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ураг барилдаж байгаа бүх хосууддаа болон Монголынхоо нийт ард түмэнд зориулан аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөж хүндэт багш Д.Дэчинжалбын үг ая “Сэтгэлийн уяа” дууны шинэ видео клипийг цацаж эхэлсэн байгаа. Уран бүтээлчид ард түмний дэмжлэгээр л ажилладаг шүү дээ. Би ахмадуудыг их хүндэлдэг. Намайг сонсдог хүмүүсийн дийлэнх нь ахмадууд байдаг учраас тэр. Тиймээс би Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Галаарид гуайд ахмад сэтгүүлчдэдээ зориулж тоглолтынхоо 50 урилгыг өгсөн. Намайг үргэлж дэмждэг үзэгчид, сонсогчдодоо талархаж явдгаа энэ дашрамд уламжилъя.

С.АРИУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *