Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуучин Д.Оюунтүлхүүр тайзнаа эргэн ирлээ

МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн уран бүтээлийн ажилдаа эргэн орж буйгаа зарлалаа.

Энэ удаад тэрээр уран бүтээлийн ажлаа гурван үе шаттайгаар дэлгэж байгаа юм байна. Үүнд, дуучин маань өнгөрсөн хугацаанд ээжийн үүргээ биелүүлэн үр хүүхдүүдээ халамжлан цаг зав багатай байсан ч “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” гурван шинэ клипээ олонд хүргэжээ. Мөн энэ сарын сүүлээр түүний уран бүтээл, хүмүүнлэгийн үйлст хийсэн бүтээсэн бүхнийг нь дэлгэх “Бидний мэдэх Оюунтүлхүүр” телевизийн нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр гарах нь ээ. Энэхүү нэвтрүүлгийг “Dual Zet” про агентлагийнхан бүтээж байгаа бөгөөд тэд дуучны шинэхэн гурван клипийг мөн бүтээсэн юм байна.

Нэвтрүүлгийн тухайд олны танил эрхмүүд дуучин бүсгүйн талаар юу боддог тухайгаа дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ. Уг нэвтрүүлэгт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорү Д.Дагвадорж, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун зэрэг олны танил алдартнууд оролцож байгаа аж. Харин нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал ажиллажээ.

Дуучин Д.Оюунтүлхүүрийн үзэгчдэдээ барьж буй хамгийн том бэлэг бол түүний уран бүтээлийн бие даасан тоглолт юм. Тэрээр “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 1,2-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнөө толилуулахаар хэдийнээ бэлтгэл ажилдаа оржээ. Түүний 10 жилийн дараа эгшиглэж буй бие даасан тоглолтод амьд хөгжмийн хамтлаг хамтран ажиллаж байгааг дуулгалаа. Хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, Бука, Золбоо нар түүний тоглолтын амьд хөгжмийн эгшиглүүлэх юм байна. Түүнчлэн дуучин Д.Оюунтүлхүүртэй олон жил хамтран ажилласан Японы тонмейстер дуугаралтыг хариуцан ажиллах гэнэ. Уянгалаг дуунуудаараа Япон, Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан дуучин бүсгүйн шинэ хэмнэл, шинэ өнгө төрхийг энэхүү тоглолтоос тольдож болох нь ээ. Тэрээр тоглолтдоо хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ эгшиглүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *