Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иж бүрэн шинэ гэр хоёр сая орчим төгрөг байна

Намрын найр, хуримын цаг ойрын өдрүүдэд ид үргэлжилж байна. сүүлийн жилүүдэд шинээр гэрлэгсдийн тоо эрс өссөн гэсэн мэдээлэл байгаа юм. харин гэрлэгсдийн олонхи нь уламжилж ирсэн өв соёлоо бодолцон эсвэл өндөр өртөгтэй орон сууцнаас татгалзаж монгол гэрт голомтоо бадраах нь элбэг болжээ. энэ утгаараа гэрийн худалдаа ашиг орлого арвинтай байгаа гэнэ. тиймээс монгол гэр, түүний дагалдах хэрэгслийн үнэ ханшийн талаар сурвалжлахаар “Нарантуул” худалдааны төвийг зорьсон юм.

Тус худалдааны төвийн зүүн урд хэсэгт байрлах гэр зарах чингэлгүүдэд ихэвчлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт сумын гар урчуудын хийсэн гэрийн модыг худалдаж байна. “бат-уянга гэр” жижиг дунд үйлдвэрийн газрын эзэн, гэрийн худалдаачин Д.батдоржийн хэлснээр дээрх хоёр сумын урчуудын хийсэн гэр нь хамгийн чанартай байдаг тул худалдан авагчид ч гэсэн асууж сурсаар ирдэг ажээ. Тиймээс энд худалдаж буй бүх гэр нь “хэрэгцээгээ” даган ийн бат-Өлзий, хужирт сумдын гэр байдаг байна. Ер нь гэрийн чанар нь хийж буй модныхоо чанарт байдаг. Д.батдорж худалдаачны хэлснээр сайн хатсан модоор хийх тусам тухайн гэр улам бат бөх, чанартай болдог байна.

түүнчлэн эрээлсэн, эрээлээгүй, лакдсан, лакдаагүй, ухмал сийлбэртэй гэх мэтчилэн хийц, загвараасаа шалтгаан өртөг нь мөн өөр өөр тусна. Тухайлбал, таван ханатай, дан бүрээстэй, шалтай буюу иж бүрэн гэр нэг сая 350 мянган төгрөг гэж байна. Дан бүрээс гэдэгт эсгийгээр хийсэн гурван туурга, хоёр дээвэр багтаж байгаа юм. Энэ гэрийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хийсэн бөгөөд цоохорлож, эрээлжээ. Харин таван ханатай, ухмал сийлбэртэй, лакдсан, шалтайгаа гэр бол гурван сая 600 мянган төгрөг гэнэ. Бүгдийг гараар сийлж, хөдөлмөр шингээсэн тул ийн үнэ илүү худалдаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, энгийн эрээлсэн болон ухмал сийлбэртэй гэрүүд нь өртгийн хувьд нэлээд зөрүүтэй байна.

Таваас дээш ханатай гэрүүдийг тус худалдааны төвд худалдах нь тун цөөн юм. Ийм том гэрийг хүмүүс авах нь ховор байдаг тул хэрэв зайлшгүй авах хүн гарвал хэд хоногтоо багтаан захиалгаар хийж өгч болох ажээ. Ингэсэн тохиолдолд зургаан ханатай гэрийг гурван сая 500 мянгаас дөрвөн сая төгрөг, найман ханатай гэрийг долоон сая орчим төгрөгөөр худалдаж авч болох юм байна. Энэ өртөгт дээвэр, туурга, шалны үнэ багтжээ. Наймаас дээш ханатай гэрийг урьдчилгаа төлбөртэйгээр нэлээд хэдэн сарын өмнөөс захиалж хийлгэдэг гэдгийг наймаачид онцолж байна лээ.

Хэрэв ямар нэг дагалдах хэрэгсэлгүй таван ханатай гэрийн дан мод авахыг хүсвэл 700 мянгаас нэг сая 400 мянган төгрөгтэй байхад хангалттай. Гэхдээ хуучин мод авъя гэвэл мэдээж үүнээс харьцангуй хямд өртөгтэй байгааг бодолцох хэрэгтэй. Түүнчлэн зургаан ханатай гэрийн мод хоёр сая төгрөг байна.

Гэрийн модны энэ хэсгээс зөвхөн мод төдийгүй гэрт хэрэгцээтэй бүхий л зүйлийг авч болох билээ. Тиймээс тэдгээрийн үнэ ханшийг ч сонирхов. Тухайлбал, цагаан ямбуу даавуугаар өнгөлсөн эсгий өрх 30-35 мянган төгрөг байна. Гэхдээ өнгөлөөгүй өрх авсан тохиолдолд 20 мянга орчим төгрөг болно. Харин өрхний өнгө хийх даавуу нь ус нэвтэрдэг, нэвтэрдэггүй, нимгэн, зузаан зэргээсээ хамаарч 15-30 мянган төгрөг байна. Худалдан авагчдын хувьд өөрсдөө оёж байхаар бэлэн өнгөлсөн өрх сонгох нь элбэг байдаг гэж наймаачид хэлж байна лээ.

Гэрийн дулаалга “Нарантуул” худалдааны төвд мөн л материалаасаа хамаарч янз бүр байна. Монголчуудын уламжлалт хэрэглээ болсон эсгий бүрээсний үнэ бор, цагаан, шинэ, хуучин зэргээсээ шалтгаална. Тухайлбал, таван ханатай гэрийн бор эсгийгээр хийсэн дөрвөн туурга, хоёр дээвэр гэхэд 330-350 мянган төгрөг. Дөрвөн ханатайнх 250-300 мянган төгрөг байна. Энд худалдаалж буй эсгий дээвэр, туургыг иргэд гар технологи ашиглан гэртээ буюу жижиг, дунд үйлдвэрлэлийн аргаар хийсэн байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, монголчуудын уламжлалт аргаар хийсэн эсгий энд байхгүй гэдгийг худалдаачин Н.Нансалмаа нуугаагүй юм. Тиймээс өнөөгийн зарж буй эсгий нь “дээр” үеийн эсгийг бодвол нягтаршил муутай, дулаан хадгалах чадвар сул, ус амархан нэвтэрдэг зэрэг сөрөг талтай байдаг гэнэ.

Сүүлийн үед худалдаж буй гэрийн дулаалгын өөр нэг хэлбэр бол цаасан дулаалга юм. 1990-ээд оны дунд үед худалддаг байсан хуурай сүүний цаас шиг зузаан бор цаасаар хоёр давхарлаж хийсэн энэхүү дулаалга нь гэрийг бүхэлд нь бүрнэ. Үүнийг Хятадын наймаачид санаачлан хийжээ. Цаас нь дулаан хадгалах чадвартай тул өвлийн улирал хаяанд ирсэн энэ үед эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэгд энэ дулаалга зүй ёсоор орж байгаа гэнэ лээ. Үүнийг 35-45 мянган төгрөгөөр авах боломжтой юм.

Гэрийн дулаалга болгон хэрэглэж байгаа өөр нэг зүйл бол зулхайгаар хийсэн дулаалга. Ийм материалтай хоёр дээвэр, гурван туурга багцаараа 220-250 мянган төгрөгт хэлбэлзэж байна лээ.

Гэрийн гадуур цагаан бүрээсний хувьд нимгэн, зузаанаасаа хамаарч 45-80 мянган төгрөг байна. Энэ бол таван ханатай гэрийн цагаан бүрээсний ханш юм. Харин Хятадад үйлдвэрлэсэн брезинтэн бүрээс мөн л чанараасаа хамаарч 180-320 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм.

Гэрийн хошлон, бүслүүр ч энд төрөл бүрээрээ байна. Хятадын нимгэн цагаан оосроос авахуулаад адууны дэлний хялгасаар хийсэн дээсэн хошлон ч бий. Эдгээрийг 20-40 мянган төгрөгөөр авах боломжтой. Өөрөөр хэлбэл, дээсэн хошлон 40 мянган төгрөг юм.

Гэрийн доторх хөшигний тухайд таван ханатай гэрийнх нь материал загвараасаа хамаарч 40-160 мянган төгрөгийн үнэтэй. 40 мянган төгрөгийнх нь нимгэн, силкэн даавуугаар хийсэн байгаа бол 160 мянган төгрөгийн үнэтэй хөшиг нь хамба хилэн материалаар хийсэн, ханын хоолойд нэмэлт гоёлтой зэрэг арай загварлаг юм. Харин дөрвөн ханатай гэрийнх нь 35-140 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Ийнхүү монгол гэр барихад шаардлагатай бүхий л зүйлсийн үнийг судаллаа. Сонголт өргөн болсон өнөө үед ёстой л хэтэвчний нимгэн зузаанаас хамаарч амьдрах гэрээ бүрдүүлэхээр болжээ. Ер нь гэрийн мод болон бусад дагалдах хэрэгслийг бүгдийг оролцуулан дундаж чанартай буюу дундаж үнэтэй гэр сонгох юм бол таван ханатай, шинэ гэр барихад хоёр сая орчим төгрөг шаардлагатай болох нь ээ. Мэдээж дээр хэлсэнчлэн бүх зүйлсээ дээд зэргийн чанартай материалаар хийсэн, ухмал сийлбэр, нэмэлт гоёлтой гэр сонгоно гэвэл дөрөв, түүнээс дээш сая төгрөг хэрэгтэй болж таарна. Нөгөө талаас бүр хуучин гэрийг илүү хямд үнээр сонгох боломж ч бас бий ажээ.

Т.Гэрэлмаа

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *