Categories
мэдээ нийгэм

Монголын инженерүүд Европын цөмийн судалгааны байгууллагын төсөлд оролцоно

Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хүрээлэнгийн санаачлагаар Европын цөмийн судалгааны байгууллага /ЦЕРН/ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг баталжээ. Тус хэлэлцээрт Монголын талаас Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р.Фосс нар Улаабаатар хотноо гарын үсэг зурлаа.

Их энергийн физикийн судалгаагаараа дэлхийн тэргүүн эгнээнд явж, хүн төрөлхтний шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад тодорхой хувь нэмэр оруулж буй Европын цөмийн судалгааны байгууллага нь жаран жилийн түүхтэй аж. Нийт 70 орчим улстай хамтын ажиллагааны хэлэлцээртэй ажиллаж, физикийн судалгаа хийх сүүлийн үеийн мэдээлэл солилцох, технологи дамжуулах, олон түвшний сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаачид, инженерүүд, техникийн ажилтнууд ЦЕРН-ийн судалгааны урт хугацааны төслүүдэд оролцох боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *