Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын бүтцийг 13 яамтай байхаар баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн мэдэгдэл нэлээдгүй хугацаанд олны анхаарлын төвд байлаа. Тэгвэл өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Зам тээвэр, хот байгуулалтын яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчиллөө. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 08.30 цагт зарлагдсан ч байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийг хүлээсээр нэг цаг орчим болж, 12 гишүүнтэй болсноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр асуудлаа баталсан юм. Асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Ардчилсан намын бүлэг нэг ажлын хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм. Ажлын нэг хоног гэдэг нь тухайн өдөртөө байнгын хороо дахин хуралдах боломжтой юм байна. Харин 13 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдсан. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Завсарлага дууссан. Хэлэлцэх асуудалдаа оръё” гэснээр байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гаргасан нь дэмжигдлээ. Хэрэв уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн олонхи дэмжвэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг бусад яаманд нь нэгтгэх шийдвэр батлагдах байсан юм. УИХ-ын гишүүн М.Энхболд”ССАЖЯ-ыг нэгтгэх хэрэгтэй. Бие даасан яам байх шаардлагагүй. Хоёр жил ямар ч уялдаа холбоогүй ажилласан. Үүрэг функцийг нь өөр яаманд нэгтгэх хэрэгтэй. Ерөнхий сайд үүнийг дэмжих байх” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “М.Энхболд даргаа өршөөгөөрэй. Богино хугацаа үлдсэн юм чинь энэ чигт нь явуулчихъя” гэсэн юм. Уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх, “Шударга ёс” эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар МАН-ын бүлгийн гишүүдийн саналыг дэмжсэн. Энэ мэтчилэн байнгын хорооны гишүүд өөрсдийн байр суурийг хэлцгээж саналаа нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Чуулганы хуралдаан 15:30 цагт эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчрах зэрэг саналууд байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар “ҮХААЯ-ыг салгаж байгаа юм байна. Дэд бүтцийн яамыг Зам, тээврийн яам болгож байгаа юм байна. Яагаад өөрчлөгдөөд байгаа юм бэ. Ерөнхий сайдын өргөн барьсан төсөл дээр зургаан сайдын асуудал хөндөгдсөн. Одоо дахиад нэг сайдын асуудал хөндөгдөх нь. Энэ нь Засгийн газарт нөлөөлөх үү” гэхэд “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үед дэд бүтцийн чиглэлийн яамдыг нэгтгээд Уул уурхай, эрчим хүчний яаманд байвал дэд бүтэц хөгжинө, ҮХААЯ-нд дотоод худалдаа байх нь зүйтэй гэдэг асуудал дэмжигдсэн. Төслөөр Дэд бүтцийн хөгжлийн яам гэж орж ирсэн. Энэ өөрчлөлт нь Засгийн газрын 50 хувьд хамаарахгүй учир бүтцэд нөлөөлөхгүй” хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гадаад харилцааны сайдад нэр томъёо нэмэх нь ямар хэрэг байна вэ” гэхэд “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн томъёоллоор оруулж ирсэн. Үүнийг нэр бүхий гишүүдийн саналаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдгэдэг нэр томъёоллоор оруулахыг байнгын хороо дэмжсэн. Европын зарим орнуудад Гадаад харилцааны сайд нар нь эдийн засгаа давхар авч явдаг хууль түгээмэл байдаг юм билээ. Бүтцийн шинэ өөрчлөлтөөр гадаад харилцааны салбарт эдийн засгийн чиг үүрэг тодорхой хэмжээгээр орж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах санал тавигдаж байгаа.Ингэснээр ямар нэг хөрөнгө зардал шаардагдахгүй. Нэр нь л өөрчлөгдөж байгаа юм” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад яамны шинэ бүтцийн асуудлыг хоёр гуравхан гишүүний саналаар байнгын хороогоор 30 минут хэлэлцээд үндсээр нь өөрчлөөд оруулаад ирлээ. Эдийн засгийн агуулгаа түлхүү тавьжээ. Улс орны язгуур эрх ашгийг илэрхийлэх бодлогыг нь гадаад эдийн засаг тал руугаа түлхүү оруулжээ. Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг эдийн засгийн асуудлаас тусад нь авч үзэх шаардлагатай байдаг. Төрийн гадаад бодлогын асуудлыг эдийн засгаас тусад нь авч үзэх ёстой. Эдийн засаг нь гаднын хараат болчих гээд байна. Мөнгө олж байх нь Гадаад харилцааны яамны үүрэг болох нь ээ. Хөрөнгө оруулалт татаж л байвал Гадаад харилцааны асуудал гэж ойлгож байна. Үүний цаана улс төрийн фракц хоорондын тэмцэл байдаг л байх. Гэхдээ Монгол төрийн гадаад бодлогын асуудлыг ингэж хутгаж болохгүй. Хэт улс төрийн өнцөгтэй шийдвэр, фракцын бялуу хуваах асуудалд хандуулсан нь харамсалтай” гэсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга “Засгийн газрын бүтэц, үйл ажиллагааг Ерөнхий сайд оруулж ирээд, УИХ-аар хэлэлцдэг. Үүнийг УИХ олноороо хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг. Байнгын хороо ч гэсэн танай бүлгийн гишүүдтэй хамтаараа шийдвэрлэсэн, энэ хамтын шийдвэр” гэсэн хариуг өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “2008-2012 оны бүтэц эргээд сэргэж байх шиг байна. Толгойг нь хуучин бүтэц рүүгээ оруулж байгаа бол хөлийг нь бас энэ чиглэлд оруулаач. Ч.Улаан сайд зургаан яамыг гурав болгож нэгтгэснээр нэг тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Тэгвэл дагаж томорсон бүтцээ цөөлж хэмнэгдэх 200 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэврийг нэмэх ёстой” гэсэн юм. “Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийх үед төрийн албаны чиглэлээр санал дүгнэлт гараагүй. Хууль санаачлагчийн оруулж ирсэн төслөөр чиг үүргийн давхардал арилна. Төрийн албан хаагчдын тоо, төсөв зохих хэмжээгээр хэмнэгдэнэ гэж байсан. ССАЖЯ-ны төсөв хомс гэдэг нь үнэн. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь дэлхийд үнэ цэнтэйд тооцогдож байгаа нүүдэлчдийн соёл, уламжлалыг хамгаалан хөгжүүлэхийг зорьсон. Тус яам энэ чиглэлээр ажилласан хэдий ч төсөв бага байсан” гэсэн юм. Үүний дараагаар ССАЖЯ-ыг татан буулгах талаар Байнгын хороон дээр дэмжигдсэн тул өөрсдийн гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ССАЖЯ-ыг салгаж, эрхлэх асуудлыг бусад яамдад хуваарилсныг дэмжиж байгаа юм. Энэ яам байгуулагдсанаар их спорт бүхэлдээ орхигдсон. Ажлын уялдаа алдагдсан. Спортын салбар өмнө нь Эрүүл мэндийн яамны харьяанд байсан. Энэ яамыг байхгүй болгохыг дэмжиж байна”гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Даяаршиж байгаа энэ нийгэмд нүүдэлчин монгол энэ хэвээрээ яаж үлдэх вэ. Би энэ саналыг дэмжихгүй байгаа юм. Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлж байгаа зарим зүйл гарч ирсэн л байх. Гэхдээ соёл, аялал жуулчлал их хөгжсөн. Монголын аялал жуулчлалын онцлогийг дэлхийд харуулахад энэ яам гаргаж ирэх ёстой. Спортын тал дээр алдаа дутагдал бий л байх. Үүнийгээ засаад яваг л дээ” гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы танхимыг орхин гарсан юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардын намынхныг ойлгохгүй байна. Энэ намд уг нь бөхчүүд спортынхон олон. Би хуульч хүн. Хууль зүйн яамыг байхгүй болгохсон гэж боддог. Яагаад гэхээр алдаа дутагдал бий учраас тэр. Харамсалтай миний хүссэнээр болохгүй. Учир нь энэ яам зайлшгүй байх ёстой. Түүнтэй яг адилхан” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ яам цаашид үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэлээ. Харин Л.Болд гишүүн “ССАЖЯ байх ёстой. Өмнө нь манайхан хоёр хөрштэйгээ эвтэй болоод ирэнгүүт Батлан хамгаалах яамаа татан буулгаж байсан түүхтэй улс. Уугуул хүмүүстэй улсуудад Соёлын яам байдаг. Болохгүй бол спортыг нь Ерөнхий сайдад өгчих. Соёл, аялал жуулчлалын яам байх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаарТөрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжих санал явуулахад 53 хувиар буюу 35 саналаар дэмжлэг авч чадсангүй. Хамгийн сонирхолтойнь эрх баригчдаас Б.Гарамгайбаатар, Л.Цог, Б.Болор, Р.Бурмаа, М.Зоригт нар яамыг татан буулгах ёстой гэдэг дээр кноп дарсан юм. Хуулийн төсөлд орж ирсэн Тэргүүн Шадар сайд гэдгийг Шадар сайд хэвээр нь үлдээх харин Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засаг хамтын ажиллагааны яам болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдэв. УИХ-ын гишүүн Су.Батболд “Фракцуудад тохируулж яам бий болгож болохгүй” хэмээн хатуухан сануулав. Энэ мэтчилэн гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлгээ хийхээр боллоо. 17:50 цагт байнгын хорооны хуралдаан эхэлсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр ҮХААЯ гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн яам гэсэн нэршлээр явъя гэдэг саналыг Х.Болорчулуун гишүүн оруулсан ч анхны хэлэлцүүлгээр оруулаагүй тул хэлэлцэх боломжгүй гэлээ. Хүнд үйлдвэрийн салбарыг Уул уурхай, эрчим хүчний яам, хөнгөн үйлдвэрийг ҮХААЯ-нд харьяалагдаж байхаар гишүүд дэмжсэн юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Функц шилжихээр олон хүнийг ажлаас халдаг шүү” гэлээ. Байнгын хорооны хуралдаан удалгүй өндөрлөсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын оруулж ирсэн хуулийн төслийг батлахаар боллоо. Чуулганы хуралдаан эхлэхийн өмнө гишүүд чуулганы танхимд хуушуур идэцгээсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхэд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний олонх нь дэмжсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын их хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар чуулганы нэгдсэн хуралдаан 19:50 цагт өндөрлөлөө.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *