2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань биеэс тусдаа тээшиндээ их хэмжээний гадаад валютыг хийн, Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хууль бус үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүллээ. Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар тус гадаадын иргэний тээшинд эрсдэл тооцон, мэргэжлийн ур чадвар гарган нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд хар өнгийн чемоданд сэжиг бүхий эд зүйл байгаа нь тогтоогдсон байна. Биет үзлэг шалгалтыг хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан хийхэд бараан өнгийн гялгар уутанд савласан БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань 100-тын дэвсгэртээр 4300 ширхэг буюу нийт 430000 юань илэрсэн байна. Энэ нь өнөөдрийн ханшаар 129000000 төгрөг болж байгаа бөгөөд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд холбогдсон дээрх гадаад валютийг улсын орлого болгон хурааж, буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэлээ хэмээн ГЕГ-аас мэдээлэв.