Х.Бат-Ялалтын
шүүгчтэй маргалдаж буй бичлэгийн хэсэг
-Саяхан
Х.Бат-Ялалт нарын хүмүүс танай шүүхийн шүүгчийг тойрч зогсч байгаад айхавтар загнаж
байгаа бичлэгээ цахим мэдээллийн хэрэгслээр тараасан. Шүүгч рүү халдан түрэмгийлж,
ажлынх нь байран дээр ийм үйлдэл гаргаж байгаа нь халдашгүй байдалд нь нөлөөлж байгаа
хэрэг мөн үү?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар
шүүгчийн халдашгүй байдал гэдэгт “Амь бие, ажлын байр, хувийн болон албаны орон
сууц, эзэмшиж ашиглаж байгаа хувийн болон
албаны тээвэр, холбооны хэрэгсэл, өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш,
бусад эд хөрөнгө, захидал харилцааны нууц” зэрэг зүйлүүд хамаардаг. Гэвч есдүгээр
сарын 24-ний өглөө Б.Бат-Дэлгэр, Бат-Ялалт нарын хэсэг хүмүүс шүүх хурал товлосон
цагтаа эхэлсэнгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг санаатайгаар орхин гарч, шүүх
хуралдааны дэгийг зөрчин, шүүхийн байранд зүй бус авир гаргалаа. Мөн шүүгчийг согтуу
хэмээн гүтгэсэн асуудал ч гарлаа. Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс шүүх хуралдааныг
цагтаа эхлээгүй гэдэг асуудалтай холбоотойгоор гомдол гаргаж болох хэдий ч тэр эрхээ
эдлэхгүйгээр шүүхийн байранд хашгирч, дайрч давшлан бичлэг хийх зэргээр шүүхийг
үл хүндэтгэсэн авир гаргасан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 21.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж,
шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт учруулж байгаа ноцтой үйлдэл
гэж үзэж байна.
-Шүүгчийн
хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол шүүгчээ төлөөлж гомдол гаргасан
уу?
-Яг энэ асуудал дээр манай зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа.
Өмнө нь ийм тохиолдол гарч байсныг холбогдох байгууллагад мэдэгдэж байсан. Шүүгчийн
халдашгүй байдалд халдсан тохиолдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа жишээ
ч бий.
-Интернэтээр
цацсан бичлэгээс харахад шүүгч шүүх хуралдааныг товлосон цагтаа хийхгүй байгаа нь
иргэдийг чирэгдүүлж байна гэж байсан. Чухам юу болсон юм бэ?
-Шүүх стандартын байртай, шүүх хуралдааны танхим хүрэлцээтэй
байсан бол шүүгч товлосон цагтаа хурал хийх бүрэн боломжтой, хүмүүс ч цагтаа
хурал эхэлсэнгүй гэж бухимдахгүй байсан байх. Шүүх хуралдаан цагтаа эхлээгүйн гол
шалтгаан нь шүүх хуралдааны заал хүрэлцээгүйгээс
болсныг тэнд байсан хүмүүс мэдэж байгаа хэдий ч, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийн
тулд үүгээр шалтаглан гуйвуулан дүрс бичлэгжүүлж
олон нийтэд цацсан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхийн ачаалал маш их, шүүх
хуралдааны танхим хүрэлцээгүйгээс зарим хурал давхцдаг. Өдөрт дунджаар 50 хэрэг
шийдвэрлэж байна шүү дээ. Тэр өдөр Д.Ганболд шүүгч товлосон цагт шүүх танхимд ирсэн.
Гэхдээ танхим хүрэлцээгүйгээс өмнө нь өөр хэргийг шүүх хуралдаан болсон. Гэхдээ
тэр хуралдаан удаагүй завсарласан. Үүний дараа буюу 8.20 цагийн орчимд хэргийн оролцогчдыг
танхимд оруулж эхэлсэн.
Шүүхийн ажилтнууд хэргийн оролцогчдыг бүртгэж танхимд оруулахад бага
зэрэг хугацаа алдсан. Ингээд шүүх хуралдааны танхимд оруултал хэргийн оролцогчид
эхлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Улмаар шүүгчийг элдвээр доромжилж, дайрч байгаад
бүгд танхимыг орхиод гараад явчихсан. Шүүх хуралдааныг эхлүүлэх ямар ч боломж олгоогүй.
Тухайн үед манай ажилтнууд учирлаж тайлбарлан
шүүх хуралдааны танхимд орохыг гуйсан боловч үл тоомсорлон, улмаар шүүхийн байранд
бусдыг уриалан дуудаж зүй бус авирлаж эхэлсэн. Энэ үеэр шүүгч хэргийн оролцогчдыг
хуралдааны танхимд орж ирэхийг хүлээж байгаад орж ирэхгүй болохоор нь гараад иртэл
түүн лүү дайрч шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэн, түүнийгээ дүрс бичлэгжүүлэн олон
нийтийн цахим сүлжээнд цацсан хэрэг л болсон. Бичлэгээс харахад энэ үйл ажиллагаа
урдаас төлөвлөгдсөн, нэг нь шүүгчийг гүтгэж, нөгөө нь баримтжуулсан гэдэг нь тодорхой
харагдаж байгаа.
-Шүүхийн
халдашгүй, аюулгүй ажиллагааг хангахын тулд Тахарын алба байгуулагдсан. Тухайн үед
Тахарын албаныхан шүүгчийг яаж хамгаалсан юм бэ?
-Тахарын алба бол шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулагдсан
шинэ алба. Тухайн өдрийн үйл явдлыг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхийн хэвийн
үйл ажиллагааг хангаж ажиллаж чадсан бол Х.Бат-Ялалт нарт дураар авирлах боломж
олгохгүй байсан.Цаашид Тахарын алба үүрэгт ажлаа хуулийн дагуу хариуцлагатай, өндөр
сонор сэрэмжтэй гүйцэтгэх шаардлага тулгарч байгааг энэ явдал нотоллоо.
-Шүүх
хуралдааныг үймүүлбэл хуулийн дагуу хариуцлага тооцдог. Хууль сануулах боломж байгаагүй
юм уу?
-Шүүх хуралдааныг үймүүлсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах
хуультай. Баривчлах, торгох зэрэг хуулийн зохицуулалт бий. Гэхдээ тэр өдөр шүүх
хуралдааныг эхлүүлээгүй. Эхлэх ч боломж байгаагүй.
-Х.Бат-Ялалт
“Энэ шүүгч согтуу байна. Архи үнэртээд байна” гэж байсан. Шүүгч үнэхээр согтууруулах
ундаа хэрэглэсэн байсан юм уу?
– Шүүгч согтуу байгаагүй ээ. Энэ бол зориуд тараасан гүтгэлэг.
-Согтуурлын
зэргээ шалгуулсангүй гэж буруутгаж байгаа харагдсан. Шаардлагатай бол хаана хандаж,
хэнд шалгуулах ёстой вэ?
-Шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг Шүүхийн ёс зүйн хороонд хандаж
шийдвэрлүүлдэг. Б.Бат-Дэлгэр, Х.Бат-Ялалт нар Шүүхийн ёс зүйн хороонд гомдлоо гаргасан
байна лээ.
-Шүүгчид
хэл амнаас болгоомжилж өөр рүү нь дайрсан, доромжилсон, гүтгэсэн хүмүүсийг тоогоогүй
мэт өнгөрч байх шиг байдаг. Энэ нь шүүх эрх мэдэлд хэн хүссэн нь халдаж болдог мэт
ойлголт төрүүлж, эргээд хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Шүүгч нар хэргийн оролцогчдын гүтгэлэг, доромжлол, үг хэлээр дайрах
асуудалд хүлээцтэй байдлаар хүлээж авч ирсэн. Ер нь намайг ингэлээ тэглээ гээд гомдол
гаргаад заргалдаад яваа шүүгч нарын талаар та нар сонсоогүй байх. Шүүх эрх мэдлийг,
хэрэгжүүлж байгаа шүүгч гомдох, сэтгэлийн хат заах, тэвчээртэй байх асуудлыг урьтал
болгодог. Энэ нь эрх зүйн хамгаалалт нь ч учир дутагдалтай байж ирсэнтэй холбоотой.
Шүүхийн тухай багц хууль,Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлснээр дээрх байдал өөр болж
шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалдаг Тахарын алба, шүүхийн бие даасан,шүүгчийн хараат бус байдлыг хангаж ажилладаг Шүүхийн ерөнхий
зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд шүүгчээ хамгаалдаг эрх зүйн зохицуулалт баталгаажлаа. Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх
хариуцлага тодорхой болж байна.
-“Иргэдийн
шударга шүүх” гэх зэрэг төрийн бус байгууллага бий. Шүүхийн дэргэд шүүх байж болдог
юм уу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 47 зүйлийн 47.1-д зааснаар “Монгол улсад
шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” 47.2-т “ Ямар ч нөхцөлд хуулиас гадуур
шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”
гэж заасан байдаг.Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулдаг учраас
шүүхийн дэргэд шүүх байна гэсэн ойлголт байхгүй.
Харин шүүхийг хардах эрх иргэнд бий. Үүнийгээ илэрхийлэх эрх нь хуулиар
олгогдсон.Гэхдээ хууль журмынхаа дагуу эрх бүхий байгууллагад нь гомдлоо гаргаж
шалгуулах эрхтэй. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах
шатны шүүх,Улсын дээд шүүх хүртэл гомдол гаргаж болно. Шүүгчийг ёс зүйн зөрчил гаргалаа
гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрх иргэдэд бий. Түүнээс биш бүдүүлэг
зан авир гаргаж, доромжилж, гүтгэж, ажил хэргийн болон албаны нэр хүндийг нь гутаан
доромжлох эрх байхгүй.