Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх: Өөрийгөө олчихсон хүнээс төгс бүтээл төрдөг

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхтэй ярилцлаа.

-Сүүлийн
үед хийж буй шинэ уран бүтээлийн чимээ юу байна?

-“Өөртэйгөө ярилцахуй” гээд шинэ цомог дээр ажиллаж байна. Энэ цомогт
орсон дуунуудынхаа сэдвийг яруу найрагчдад өгч шүлгийг нь бичүүлсэн. Мөн дуу бүрийн
аяыг өөр өөр хөгжмийн зохиолчдоор бичүүллээ. Бүх дууныхаа хоолойны бичлэгт орчихсон.
Цомог бэлэн болсон. Цаг нь ирэхээр үзэгчдэдээ хүргэхээр хадгалаад байж байна. Миний
арав дахь цомог.

-Дууныхаа  сэдэв, санааг хүртэл захиалж хийлгэсэн гэхээр
дан таны ертөнцөөр ард түмэн аялах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Цомгоос гадна 
дуугаа сэргээж тайзан дээр дуулахаар зэхэж байна. Энэ дууг хэдэн жилийн өмнө
дуулаад телевиз, фм-үүдэд өгөлгүй өнгөрсөн юм. Хаа нэг бясалгалын төвүүдэд энэ дуу
маань эгшиглэж сонсогддог байлаа. Харин саяхнаас нэг лам залуу миний хоолойн дээр
ам бариад их аятайхан, дотоод сэтгэлээсээ дуулж байгаа бичлэг файсбүүк хуудсаар
тархах болж. Хүмүүс ч их сайхан дуу гэж байна.

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай

Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий

Насан өндөр аав, ээжээ хайрлаарай

Нартын жам нь булаачихна ай хөөрхий… гээд үгийг нь Бавуудорж,
аяыг нь “Баянмонгол чуулга”-ын хөгжимчин Нармандах бичсэн. “Нандин цэнхэр тэнгэрийг
хайрлаарай” гэдэг нэртэй байсан чинь ард түмэн “Орчлонг хайрлаарай” гээд нэрлэчихэж.
Очсон газар болгон намайг энэ дуугаа дуулаач гэдэг боллоо. Тиймээс би энэ дууг тайзан
дээр дуулах цаг нь иржээ гэж бодлоо. Байгаль эх дэлхийтэйгээ зүй бусаар харьцах
болсон өнөөгийн нийгэмд зориулагдсан дуу. Нийгмийн захиалга юм уу даа. Миний нэг
зарчим байдаг л даа. Дуугаа ард түмэнд танигдаж хүрсний дараа тайзан дээр дуулдаг.

-Яагаад.
Чанартай, чанаргүй олон уран бүтээл гаргаж байснаас ард түмний сэтгэлд хүрсэн ганц
бүтээл хийе гэдэг утгаараа юу?

-Урлагийн хүн уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх ёстой.
Хэрэглэгч нь ард түмэн учраас. Тиймдээ ч би шинэ дуун дээр сургууль хийж тайзан
дээр дуулж үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Завхан гол”,
“Бүүвэй ээж”, “Аав уул минь” зэрэг дуу ард түмэнд хүрчихсэн, сэтгэлд нь хоногшчихсон
учраас үзэгчид намайг дуулахыг хүлээж, хүсч байна. Хэдэн жилийн өмнө тоглолтыг минь
үзэх гэж очдог байсан бол өнөөдөр ард түмэн надтай хамт дуулах гэж Бөхийн өргөөнд
очиж байна. Хүмүүс чөлөөт цагаараа караокедож хайртай дуучныхаа дууг өөрсдөө дуулахыг
илүүд үздэг болсон үе. Урлаг илүү цэнгүүн тал руугаа хөгжиж байгаа илрэл л дээ.
Өнөөдөр олон сайхан шинэ уран бүтээлч төрж байна. Урлагийн хүний гол зорилго нь
нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж сайн сайхан зүйлийг гурван бадаг дуугаараа ард түмэнд
ойртуулах гэдгийг мартаж болохгүй. Аливаа арга хэмжээ, тайзан дээр гараад шинэ дуугаа
хүргэхээсээ илүүтэйгээр тэдний хүсч байгаа дууг дуулах хэрэгтэй. Ингэхдээ амнаасаа
гарч буй хий болгоныг чин сэтгэлээсээ гаргадаг байх ёстой. Ингэж байж ард түмэн
чамайг сонсоно, ард түмэн чамайг хайрлаж хүндэлнэ, уран бүтээл чинь хүнд хүрч үзэгчдийн
сэтгэлийг баярлуулна шүү дээ.

-Чин
сэтгэлээсээ дуулж сурна гэдэг уран бүтээлч зөв замаараа явж байгаа нэг илрэл гэж
ойлгож болох уу?

-Үг үсэг, хэлж байгаа авиа хүртэл чин сэтгэлээсээ, үнэн байх ёстой.
Монголын ард түмэн намайг дуулаад дуусахад дуулж байгаа дуу, гоё хоолой руу биш
миний чин сэтгэл рүү минь баярласнаа илэрхийлж алга ташдаг байхгүй юу. Ер нь нэрд
гасан амжилтад хүрчихсэн мундаг дуучдыг хараад байхад их сэтгэлээсээ дуулж байгаа
нь харагддаг. Яагаад гэвэл тэд өөрт нь диваажин, шүтдэг уул ус, бүхий  л аз жаргал нь байгааг олчихсон, юуны тулд дуулж
буйгаа ухаарчихсан хүмүүс. “Харанга”-ын Лхагвасүрэн, Өлзий-Орших, Сарантуяа, Түвшинтөгс
нарыг хар. Гоё дуулахдаа биш. Дуу нь тэдний 
амьдрал болчихсон, дуун дотроо амьдардаг учраас үзэгчдэд хүрээд байна. Тэр
ятга тоглодог хөгжимчин Мөнх-Эрдэнэ байна. Бүр хөгжим дотроо амьдардаг, ятгынхаа
хөг бүрт чин сэтгэлээ зориулж байна. Үүнийг л өөрийгөө олох гээд байгаа юм. Өөрийгөө
олчихсон хүнээс төгс бүтээл гарна. Гэтэл манай залуус өөрийгөө олно гээд хаа нэгтээгээс
юм олох юм шиг хайгаад байдаг. Тийм биш л дээ. Мөн чанараа ухаараагүйн л шинж.

-Таны
дуулсан хуучны олон сайхан дуу бий. Бараг таны нэрээр овоглодог гэхэд буруудахгүй
болов уу?

-Аан тэгж ярьж болохгүй. Тэр домог болсон бурхан шиг хүмүүсийг би
яаж гүйцэж дуулахав. Өөрийнхөө хэмжээнд жаахан хэмнэлийг нь өөрчилсөн төдий. Гэхдээ
их цөөхөн. Нэг цомогт нэг дуу л ордог. “Зам дээр гээгдсэн цэцэг” дуу байна. Би цомог
болгондоо хүүхэд ахуйдаа дуулдаг байсан дуунаас заавал нэгийг оруулдаг. Хамгийн
анхны цомогтоо Зангад гуайн “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг оруулсан. Арай хөнгөн
болгож дуулсан. Дараа нь “Отрын адуучин” дууг хоёр дахь цомогтоо оруулсан байх жишээтэй.
Учраа мэдэхгүй хүүхэд байхдаа хашгирч, амандаа байнга хүлхэж явсан дуугаа юун төлөө
дуучин болсон билээ гэж бодоод дуулсан хэрэг л дээ. Хүний дууг дуулна гэдэг бэлэн
хоол шүү дээ. Зангад гуай миний өмнө мах шөл, сонгино ногоог нь тааруулаад таваглаад
өгчихсөн л хоол байхгүй юу. Цомгоо борлуулахын тулд л нэр хүндтэй хүний бэлэн хоол
ашигласан явдал шүү дээ, нуулгүй хэлэхэд.

-“Гоёлоо
өмссөн ээж” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ дуу мэндэлсэн дурсамжаас хуваалцахгүй
юу?

-“Гоёлоо өмссөн ээж” дуу миний аав, ээждээ зориулсан дуу. Соёлын
төвийн эрхлэгч Ганбаатар гээд ая зохиодог хүнийх. “Ханийн сэтгэл” гээд дууны аяыг
бас бичсэн. Би аав, ээжийгээ сүрхий жаргааж, сэтгэлд нь байсан тэр өнгө, өнгийн
дээлийг олныг сольж өгч чадаагүй хүн. Тийм болохоор ирээдүй хойч залуус минь эцэг,
эхийнхээ ачийг амьд сэрүүн үед нь багахан ч хариулаасай гэж зориуд төрсөн дуу. Эх,
эцгийн ачийг хариулна гэдэг цэцгийн шүүдрийн дусал түүж цай чанахыг хэлдэггүй юм
шиг байгаа юм. Гол нь амьдарч буй нийгэмдээ биеэ зөв аваад, өөрсдийгөө арчлаад,
төрийнхөө гар хараад байхгүйгээр амьдрахыг хэлэх байх. Энэ эх оронч гээд яваад байгаа
залуус ч мөн адил. Ер нь миний уран бүтээлийн хамтрагч нөхөд маань өөрийн гэсэн
онцлогтой хүмүүс. “Аав уул”, “Завхан гол”, “Намрын борооноор цувгүй алхахдаа”,
“Ээжтэй орчлон” зэрэг олон сайхан дууны минь аяыг бичсэн манай УГЗ Ц.Жамъян багш
аяа эхлээд биччихээд дараа нь шүлгээ тааруулдаг, Цэвээнравдан болохоор шүлгэнд ая
хийдэг хүн. Харин Ц.Бавуудорж яруу найрагч болохоор надаас арваад дүү мөртлөө намайг
“Баагий” гэж дууддаг найз. Ц.Бавуудоржийн надад өгсөн эхний шүлэг нь нэг хэсэг нэлээд
шуугиулсан арван хэдхэн настай байхдаа бичсэн “Хөхнийх нь товчинд хүрсэн ч биш дээ”
дуу бол хоёр дахь нь  “Бүгээн анир” гээд номонд
нь орсон “Дөрвөн улирлын өнгө” юм. Намрын борооноор цувгүй алхахдаа

Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ гээд шүлэгтэй дууг надад
авчирч өгөөд  Ц.Жамъян багшаар ая хийлгэсэн.
Ц.Жамъян багш номыг нь бүр авчирч байгаад ая хийтэл дахилтгүй байсан. Тэгээд  Мөн чиг холоос харагдсан даа

Мөнгөн залаат уулс Отгонтэнгэр минь гээд дахилт хийгээд
бүтсэн дуу.

-Таныг
“Завхан гол” дууг анх дуулахад жалга довны үзэл гаргалаа гэж их л шүүмжилж байсан
гэдэг юм билээ?

-“Завхан гол” дууг хүмүүс жалгын дуу гэдэг байсан нь үнэн. Тухайн
үед “Саа мөнгөн Хэрлэн” гээд дууг хүн бүр, би ч дуулах дуртай байлаа. Хэн ч жалга
довны гэдэггүй мөртлөө “Завхан гол”-ыг хол явахгүй гэж байлаа. Харин өнөөдөр Монголын
ард түмэн бүгд л мэддэг сайхан дуу болсон байна. Н.Лутбаяр гээд яруу найрагч байна.
Манай Завханы дуучид хот руу Лувсаншарав, Бирваа  гуай нар руу “ая өгөөч”, яруу найрагчдаас шүлэг
гээд гуйгаад гүйгээд байдаг байсан. Миний онцлог нь хажуудах авдраа уудалж тэднийхээ
дууг гаргаж ирэх  зарчимтай хүн л дээ. Лутбаяр
Сүхбаатар аймгаас манай аймагт хүргэн болж ирээд байж таарсан үе. “Завхан гол” дуу
анх нэг их гоё аятай хэрнээ үг нь “Цус гүйсэн хүний амь…” зэрэг хүнд,
хатуу байсан.  Аяыг нь Жамъян багш аль хэдийнэ
хийгээд үгийг нь тааруулаад биччихсэн байсан. Яг тэр үед улсын баяр наадам болох
гээд баярын концертод орох номерыг аймгийн комисс хянах гээд ирчихдэг байгаа. Тэгэхээр
нь би дуулахдаа хүнд үгтэй хэсгийг аль болох тод хэлэхгүйгээр цааш нь залгиад дахилтны
Ээ Завхан
гол, элсний нүүдэл шиг чив чимээгүй
гэсэн хэсгийг үзэгчдэд өгөөд дууллаа.
Тэгсэн намайг магтаад “Ёстой амьдрахаар гоё дуу байна” гэж билээ. Үгийг нь ч анзаараагүй
байх.

-Тэгээд
үгээ хэзээд нь өөрчилж амжив?

-Тэндээсээ гараад Н.Лутбаяр дээр очоод үгийг нь хэлэхэд их эвгүй,
эвлэхгүй байна. Өөрчилсөн нь дээр гэж хэлтэл манай хүн ч  шууд л “Өрнийн шаргалыг хоргойлсон, Өмнийн нарыг хүлхсэн,
Хадаг яндар Завхан гол, Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ”
гээд л бүх бадгийг
нь биччихсэн. Лутбаяр шүлгээ бичихдээ тухайн үеийнхээ салхиар бичдэг бол Бавуудорж
их бодож тунгаадаг байх жишээтэй.  “Аав уул”-ыг
бас Лутбаяр бичсэн. Сүүлийн үед морь уяад, бизнес хийгээд таарахаа байсан. Хааяа
таарахдаа гялс нэг шүлэг гээд авдаг.

-Аймгийн
театрт хичнээн жил ажилласан юм бэ?

-Би 1983 онд аймгийн театрт орсон. Арав гаруй жил ажилласан даа.
Аймгийн театрт байхдаа олон хүмүүстээ том бригадаар явах дургүй. Жүжигт тоглох дургүй.
Ганцаараа л уран бүтээл хийх дуртай, жожиг байж л дээ. Харин хөдөөний малчдыг их
дуулсан. Тэндээс л үзэгчидтэйгээ амьд холбоо үүсгэж, үгээ ард түмэнд хүргэж сурсан
юм болов уу гэж боддог. Зарим айлд орохоор униараа дүүрэн үхсэн хурганы арьс зүүчихсэн.
Аймгаас ирсэн дарга нараасаа чаваас даа айгаад эгцэлж харж чадахгүй, юун дуу сонсох
манатай. Хот мал нь бүрэн бүтэн онд орчихсон тарган хонины мах чанаад угтаж авч
байгаа малчныд ороод дуулах бас өөр.

-Таныг
гагнуурчин байсан гэдэг. Тэгээд яаж яваад урлагтай амьдралаа холбочихов оо?

-Аймагт Барилгын ТМС төгсөөд цэрэгт явсан. Тэгээд цэргээс ирээд ажилгүй
байж байхаар барилга дээр гагнуур хийхээр болсон юм. Тухайн үед  албан байгууллага болгон нэг гитартай. Гитар тоглодог
байсан учраас гагнуурчин болохгүй юу. Өдөр нь барилга дээр цэгэн гагнуур хийгээд
орой нь гитар дардаг байлаа шүү дээ. Урлагийн үзлэгт их орно. Тэгж явахдаа урлагийн
хүмүүсийг заяагдсан байдаг байх даа гэж боддог байлаа. Нэг өдөр аймгийн соёлын ордон
театрт болж өргөжөөд дуучин авна гэхээр нь очиж шалгуулсан. УГЗ Ц.Жамъян багшид
шалгуулаад тэнцэж байлаа. Ер нь манай аймгийнхан энэ нөхөр нэг тиймэрхүү дуулдаг
гээд мэддэг болчихсон байсан. Зангад гуайн дуунуудаас дуулж шалгуулж байсан. Ингээд
театрт орлоо тэгсэн нөгөө нэжигнэтэл алга ташдаг үзэгчдийн ташилт театрын ажилтан
гэхээр багасдаг юм билээ. Үзэгчид чинь өндөр мэдрэмжтэй. Гавьяат болохоор бүр суларна.
Мэргэжлийн хүнээс илүү ихийг шаардаж байхгүй юу. Тэгээд за дэмий ч юм болов уу гэж
бодол төрсөн. Тэгсэн Намхайнямбуу гуайн сонинд өгсөн “Москва Ленинград хоёр чинь
миний хотон дотор байсан юм байна ш дээ” гээд гарчигтай ярилцлагыг уншаад юу ч байсан
хоёр жил ажиллаад театраас гаръя гэж бодсон. Шууд гарчихвал миний амьдралд тохиох
хайр сэтгэл, амьдралын гол өнцөг булан бүрийг орхичих юм шиг санагдсан. Намхайнямбуу
гуай хонио хариулж, уул хадаар дуулж, малаа өсгөхөөс гадна сүүлд УИХ-ын гишүүн болсон
мундаг амьдралын ухаантай ихүн байсан юм билээ. Хаана хоосон булан байна тэнд нэг
морин хуурч залуутай дуугаа дуулаад явдаг байсан. Тэгээд “Завхан гол” дуу зэргийг
дуулсан. Тэрнээс хойш арав гаруй жил ажиллачихсан ш дээ.

-Аймгийн
театрт байхдаа МУГЖ авсан юм байна. Тийм үү?

-Тийм 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг авч байсан.

-Тухайн
үед ялангуяа хөдөөний уран бүтээлч гавьяат авна гэдэг амаргүй даваа байсан биз?

-Одоо бодоход МУГЖ гээд сайхан л байна. Гэхдээ манай аймгийнхан нэг
гавьяат, нэг хөдөлмөрийн баатартай болох гээд л зүтгэсэн явдал болчихсон. Доржсамбуу
гуай хөдөлмөрийн баатар болж би гавьяат авсан байхгүй юу. Төрийн тэр өндөр цолыг
авна гэдэг сэтгэлзүйн хувьд хэцүү. Хөдөөний, дөнгөж цухалзаж гарч ирж байгаа уран
бүтээлч төрийн тэр өндөр шагналыг хүртэхэд ёстой бүх булчирхай л ажилладаг юм байна
лээ. Тэгээд ч аймгийн дарга, Ерөнхийлөгчтэй найзууд байсан юм шиг байна лээ. Ёстой
л арын хаалгадаад надад гавьяат авч өгч байсан байх (инээв). Гэхдээ нэг зүйлд би
их бэлгэшээдэг. Тухайн үед Ерөнхийлөгч, Аймгийн дарга, Театрын дарга,  Намын төв хорооны дарга нар бүгд Очирбат гэдэг
нэртэй байсан. Миний анхны хүүг Очир-Эрдэнэ, эхийнхээ хэвлийд байсан хоёр дахь хүүгээ
хүртэл Очирхуяг гэдэг нэр өгнө гээд бодчихсон байж таарсан. Тэр олон Очирууд тохиосон
нь бас л учиртай байж л гэж боддог. Харин СТА цолыг би зургаан жилийн өмнө авсан.
Үүндээ их хайртай. Би чинь СТА аваагүй гавьяат болсон хүн байхгүй юу (инээв). Одоо
харин гавьяатын энд очиж байгаа байх гэж боддог.

-Гэхдээ
МУГЖ авахдаа найр хийж байсан байлгүй?

-Хийсэн. Их хөгтэй юм болсон (инээв). Гавьяатын тэмдэг зүүгээд гараад
ирсэн чинь банкнаас мөнгө зээлээд төлж чадахгүй дампуураад өрөнд орчихсон юм шиг
л мэдрэмж төрсөн. Одоо тэгээд нэгэнт тийм том төрийн хишиг хүртсэн хүн чинь найр
хийхгүй яахав. Хүн амьтнаас бага багаар гуйсаар байгаад 300 мянган төгрөг зээлчихсэн
байдаг байгаа. Найраа ч яахав хүнээс мөнгө зээлээд хийчихлээ. Тэгсэн нөгөө мөнгөө
төлж чадахгүй бөөн юм болсон. Гэрийн утас дуугарахаар айгаад авч чадахгүй, шөнө
нойр хүрдэггүй арай гэж төлж билээ.

-Тэр
үед та хэдэн төгрөгийн цалинтай байсан юм бэ?

-600 төгрөгийн цалинтай. Уг нь хамгийн өндөр цалинтай байсан нь би.

-Та
хүүхэд ахуй насаа дурсахгүй юу. Аавыг тань сэхээтэн хүн байсан гэдэг юм билээ?

-Миний аав Санжаажав гээд орос хэлтэй сэхээтэн хэрнээ малчин хүн
байсан. Их бурхан ухаантай. Түрүүчийн нийгэмтэй дотроо зөрчилдөөнтэй хүн байсан
санагддаг. Үр хүүхдүүдээ “Өөрийнхөө төлөө өөрөө зүтгэ”, “Бүтээж байгаа бүтээлийнхээ
боол нь бай. Эзэн нь түрүүлээд явчихвал бүтээл төрөхгүй” гэж сургамжилдаг байсан.
Би энэ олон жил аавынхаа зам мөрөөр л явсан. Аав маань “50 нас хүрээд Отгонтэнгэрийн
орой дээр гараарай” гэж захисан. Би өнгөрсөн зун захиасыг нь биелүүлж Отгонтэнгэрийнхээ
оргил дээр гарлаа. Ээж болохоор сайхан дуулна, даруухан, зөөлөн хүн байсан. Харин
аав жаахан ёрдгордуу хүн байж билээ. Би эхээс наймуулаа. Нэг нь бурхан болоод одоо
долуулаа сайхан л амьдарч байна. Хүүхэд ахуйд нөлөөлсөн бас нэг зүйл гэвэл Хөхморьт
сумаас Дэндэв гээд төрөлхийн хараагүй эмгэн манайд ирсэн юм билээ. Тэр хөгшин их
үлгэр ярьж өгнө. Уран цэцэн үгтэй хүн байдаг. Орой болгон бидэнд үлгэр ярьж өгнө.
Тэр үлгэрийг сонсоод л их мөрөөднө. Бага байхдаа дэр ч бай өөрийн гэсэн юм болгон
дээрээ “БНМАУ БАТСҮХ” гээд биччихдэг хүүхэд байсан. Манай ах дүү нар сайхан дуулдаг
ч би урлагийн зам мөрөөр явах тавилантай байж. Оносон байна. Өнөөдөр ард түмэндээ
хүндлэгдээд сайхан л байна. Миний 60 гаруй дууг микрофоноо өгөхөд шууд дуулж байхыг
үзээд миний мөрөөдөл биелжээ гэсэн сэтгэл төрдөг.

-Таныг
намрын цагаар найр хуримын урилга, заллага ихтэй байдаг гэж ярьдаг?

-Яахав  “Найр хурим дээр дуулаад
өгөөч” гэсэн хүн их ярина. Манай Завханыхан олуулаа, би ганцаараа юм (инээв). Зөвхөн
Завханыхан ч гэлтгүй сүүлийн үед залуус хуримаа хийхдээ дуучдыг их дуулуулах сонирхолтой
болж. Аргагүйн эрхэнд миний утасны дугаарыг олоод нутгийн таньдаг хүмүүс ярихаар
арай ч “үгүй” гэж хэлж чадахгүй ганц нэг хурим дээр очиж дуулж байна. Нэг удаа бүр
манай нутгийн нэг хөгшин утсаар яриад “Охин маань хуримаа хийж байгаа юм. Хань маань
бурхан болчихсон. Та ирээд хойморт аавынх нь оронд суугаад өгөөч” гэж ярьж байх
жишээтэй. Би ер нь үзэгчдийн дунд байх дургүй. Шууд тайзан дээр гарч харагдаж дуугаа
дуулаад буцаад хүнд харагдахгүйгээр гараад явдаг.

-Ард
түмэн дуучны царайг харж танихаас илүүтэйгээр уран бүтээлийг нь мэддэг байх ёстой
гэж үү?

-Урлаг үнэтэй цэнтэй байх ёстой. Энэ утгаараа миний царайг харахаас
илүү чихээрээ дууг минь сонсоод тоглолтыг, дууг нь очиж үзэх юмсан гэсэн сэтгэл
төрдөг байх ёстой. Төр нь ялангуяа дуурийн дуучдаа, чуулгын дуучдаа халаасандаа
аваад урлагийн үнэ цэнийг ард түмэнд дээд зэргээр хүргэдэг байх ёстой шүү дээ. Гэтэл
хөөрхий манай уран бүтээлчид өдөржин тор барьж дэлгүүр хэсээд, эсвэл найр хурим
хэсч хэдэн төгрөгийн халтуур хийж аваад орой нь тайзан дээр тоглолт дээрээ дуулж
байна. Тэгж өдөржин гүйсэн хүн ямар юмныхаа сайхан, чин сэтгэлээсээ дуулах вэ дээ.
Би нэг суманд очоод тоглосон ч байрласан буудлаасаа гарахгүй, хүн амьтанд үзэгдэхгүй
байж байгаад шууд тайзан дээр гараад явдаг. Хэрвээ гудамжаар явж байгаад хүнтэй
таарлаа гэхэд “Өө Батсүх гээд бүдүүн нөхөр ирсэн л байна лээ” гээд үзэгчид хасагдах
жишээтэй, наад зах нь. Би дэлгүүр ч ордоггүй.

 Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *