Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий Бага хурлын 58 дугаар чуулган Вена хотноо үргэлжилж байна. Тус чуулганд оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 24-ний өдөр Канадын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй уулзаж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр чуулганы 3 дахь өдөр ерөнхий санал шүүмжлэлд оролцож манай улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн гүйцэтгэж буй үүрэг үлэмж болохыг тэмдэглэв.
Манай улс Агентлагтай болон бусад гишүүн улс оронтой хамтран энэ чиглэлээр дотоодын, бүсийн цаашлаад олон улсын чадавхийг нэмэгдүүлж, аюулгүй байдал, хамгаалалтын горимыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн өдөр төлөөлөгчид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газартай уулзаж, манай оронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц байдлыг дүгнэн ярилцав. 2013-2014 онд манай улс 10 төсөл, үүнд цацрагийн хамгаалалт, дозиметрийн лабораториийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цөмийн салбарт техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан сургаж бэлтгэх малын гоц халдварт өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадваржуулахаас гадна цацраг туяажуулсан вакцин үйлдвэрлэх, хавдрын эсрэг эмчилгээнийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байгааг сайшааж байв.
Энэ үеэр манай улс 2015-2020 онд Агентлагтай хамтран хэрэгжүүлэх орны хамтын ажиллагааны хөтөлбөр (Country Program Framework)-ийн төслөө гардуулав.